Үндэсний бүтээгдэхүүнийг дэлхийд таниулна

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Үндэсний бүтээгдэхүүнийг дэлхийд таниулна

Монгол Улсын Засгийн газрын үүрэг, чиглэлийн дагуу үндэсний экспортын бараа бүтээгдэхүүний болон аюулгүй байдлын чанарыг эхний ээлжинд 38 гишүүн орны хүрээнд хүлээн зөвшөөрүүлэх ажил хийгдэж байна. Энэ хүрээнд Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага буюу “APLAC”-ын Удирдах зөвлөл болон Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэн орох хүсэлт тавьжээ. Эдгээр 38 орныг төлөөлж, Энэтхэг, ХонгКонг, Япон улсын итгэмжлэлийн байгууллагын шинжээчид манай улсад энэ сарын 13-17-ны өдрүүдэд шинжилгээ хийж байна. Олон улсын шинжээчид манай улсад ажиллах хугацаандаа ISO/IEC 17011 стандартын дагуу СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтсийн боловсон хүчний чадавхи, менежментийн баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх юм байна. Харин сорилт, хэмжилзүйн лабораториудыг ISO/IEC 17025 стандартын дагуу итгэмжилж буй үйл явцтай газар дээр нь танилцаж, мөн  менежментийн баримт бичгийн хэрэгжилт болон сорилт, туршилтын стандартын арга аргачлалыг хэрхэн эзэмшсэн ур чадварыг магадлах аудитыг хийх ажээ.  Түүнчлэн Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Нэхмэлийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын лаборатори болон “МИАТ”–ын итгэмжлэгдсэн хэмжилзүйн лабораториудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгийн мониторинг хийх ажээ. Энэхүү мониторингийн үр дүн зургадугаар сард болдог “APLAC”-ын хурлын үеэр гарын үсэг зурсанаар баталгаажих бөгөөд итгэмжлэл хүлээлгэх эсэх нь энэ үеэр шийдэгдэх юм байна.

Хэрэв эдгээр гишүүн орны хэлэлцээрт нэгдэн орж, бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанараа итгэмжлүүлж чадвал манай улсын үндэсний бүтээгдэхүүн эдгээр орнуудад хаалтгүйгээр экспортлон гарах гарц нь нээгдэх юм байна. Өөрөөр хэлбэл урд өмнө нь чанарын баталгаагүй, тэмдэглэгээгүй гэгддэг манай бараа бүтээгдэхүүн гадаадын зах зээлд нэвтрэх боломжоор дутмаг байсан нь одоо шийдэгдэх сайхан боломж ажээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж