БСШУЯ-наас 63 дугаар тушаалаар ШУТИС-ийн оройн ангид суралцаж буй 5906 оюутанг өдрийн ангийн оюутнаар тооцох тухай зааж энэхүү асуудал нэгмөр шийдэгдсэн. Өнгөрсөн сараас оюутнуудад “Хүний хөгжил сан”-аас оюутны тэтгэлэг хэлбэрээр сар бүр 70 мянган төгрөг олгохоор болсон. Оюутнуудад энэхүү мөнгийг банкны цахим картаар тараах аргыг сургуулиуд сонгосон. Ихэнх их, дээд сургууль энэ долоо хоногоос оюутнуудад өнгөрсөн сарын тэтгэлгийг тарааж эхэлсэн билээ.Харин ШУТИС оюутнуудын тэтгэлгийг ирэх 20-ноос олгож эхлэх гэнэ. Учир нь “Хүний хөгжил сан”-ийн хууль тогтоомжид заасны дагуу тухайн сургуулийн сургалтын алба нийт оюутны нэрсийг Сургалтын төрийн санд явуулах ёстой. Сургалтын төрийн сан шалгаж үзээд Хөдөлмөр халамжийн хэлтэст ирүүлдэг ажээ. Одоогийн байдлаар хөдөлмөр халамжийн хэлтэст тус сургуулийн оюутны нэрс ирээгүй байгаа гэнэ.
ШУТИС нь Голомт, Улаанбаатар банктай хамтын ажиллагаатай байдаг ажээ. Энэ утгаараа бүх оюутанд дээрхи хоёр банкны цахим картыг үнэ төлбөргүй нээж өгөх аж. Энэхүү цахим карт нь оюутнуудад “Хүний хөгжил сан”-ийн оюутны тэтгэлэг авахаас гадна урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломж ажээ. Улирал дарааллан голч дүн сайтай суралцвал сар бүр урамшууллын мөнгө дансанд нь нэмж орно гэнэ. Эхний сар 30 мянга дараагийн сар 40 мянга гэх зэргээр өсөн нэмэгдэх аж.
Д.Жаргалсүрэн