Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хотын захын хорооллын нөөцийн махны борлуулалттай биечлэн танилцсан билээ. Нөөцийн махыг гулуузаар нь худалдаалж буй өргөтгөсөн худалдаатай танилцсан Ерөнхий сайд “Махны хангамж хангалттай байгаа ч ийм шуугиан, бухимдал үүсгэж байгаа нь зохион байгуулалт тааруутай холбоотой. Бяр чадалтай нь мах авдаг тэгш бус зарчим нөөцийн махны борлуулалт дээр үйлчилж байна” гэж шүүмжилсэн. Мөн ахмад настай хүмүүст нөөцийн махыг гэрээр нь хүргэж өгөх үүрэг, даалгавар өгсөн билээ.
Энэ дагуу 80-аас дээш настай буурлуудад нөөцийн махыг гэрт нь хүргэж өгч эхэлжээ. Ерөнхий сайд энэ талаар дахин анхааруулж иргэд бяраа үзэж мах худалдаж авдаг байж болохгүй. Иймд мах худалдах зохион байгуулалтыг маш оновчтой хийж, иргэдийн дунд бухимдал үүсгэхгүй байхыг хатуу анхааруулсан байна. Энэ ч үүднээс нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан хөдөө орон нутгаас дахин нөөцийн мах татах үүрэг өгсөн байна.
Д.Жаргалсүрэн