Туслах ажилчдад олгох урамшууллыг хэн татав?

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Туслах ажилчдад олгох урамшууллыг хэн татав?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ дээрх хуульд заагаад байсан боловсролын салбарт ажиллаж байгаа туслах ажилчид болох тогооч, цэвэрлэгч, мужаан, галч зэрэг хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олгохоор болоод байсан урамшууллыг ямар үндэслэлээр хэн, хаана татуулав гэдэг асуудал босч ирлээ. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Боловсролын салбарын хамгийн ачааны хүндийг үүрч яваа ажилчдын урамшууллыг хэзээ хасчих вэ. Туслах ажилчдад урамшуулал олгох саналыг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, С.Бямбацогт нарын гишүүд гаргаж, ажлын хэсэг болоод байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг хүлээн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирсэн. Гэтэл одоо санал хураалгах болоход дэмжлэг хүлээсэн саналыг татсан гэх. Санал гаргасан хүмүүс нь асуудлаа татаагүй байгаа шүү” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Орон нутгаас сонгогдсон гишүүдэд хамгийн их хүсэлт болгодог асуудал нь туслах ажилчдад урамшуулал олгох. Татсан гэдгээр шууд асуудалд ингэж хандаж болохгүй. Туслах ажилчдын хувьд маш бага цалинтай, намрын чуулганыг өнөөдөр хаана гэдгээр асуудалд ингэж яаравчилсан байдлаар хандаж болохгүй” гэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч А.Тлейханы хэлснээр бол ажлын хэсгийн төвшинд дээрх хуулийг дахин хэлэлцэх шатанд туслах ажилчдад олгох урамшууллыг хасъя гэдэг саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргаж, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр дэмжсэн гэлээ.

Ингэснээр боловсролын салбар дахь хамгийн хүнд хүчир ажлыг нуруун дээрээ үүрч яваа ажилчид урамшуулал хүртэхгүй болж байна. Харин тэдний оронд хувийн хэвшлийн салбар дахь сургуулийн багш нар сургалтад хамрагдахын зэрэгцээ тэтгэвэртээ гарахад дээд тал нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн урамшуулал авахаар болж байна.

Үүнтэй УИХ-ын гишүүн Д.Арвин санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийнхөө мэддэг салбарыг улсын тэтгэлэгт оруулж шударга бус ханддагаа болъё. Чуулган завсарлах болохоор ингэж өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль баталдгаа болих хэрэгтэй. Бүх салбартаа жигд хандъя. Малчдыг тэгвэл төрөөс сургая гэж байлаа. Энэ хуулийг лоббидохын төлөө чуулганы нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлээд сууж байна. Монголын ард түмэн харж байгаа. Шударга бус хууль батлахын төлөө сууж байна. Ингэх юм бол бүх салбарыг тэгш үзье гэлээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж