I сургуулийн хандивын мөнгө цуглуулахыг таслан зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

I сургуулийн хандивын мөнгө цуглуулахыг таслан зогсоов

Ерөнхий боловсролын Нэгдүгээр дунд сургууль 90 жилийн ойгоо угтаж сурагч тус бүрээс  39 мянгаас дээш төгрөгийн хандив  хурааж байгаа талаар бид мэдээлсэн.  Энэхүү мэдээлэл гарсны дараа  БСШУЯ-наас нийслэлийн Боловсролын газарт энэ асуудлыг газар дээр нь очин судлахыг үүрэг болгожээ.  Нийслэлийн Боловсролын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга Т.Ням-Очир мэдээллийн дагуу тус сургууль дээр очиж  шалгалт хийжээ.

Шалгалтаар хэд хэдэн зөрчил илрүүлж таслан зогсоож, сурагчдаас хандив авахыг болиулсан байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Цогцхүүд  энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар  албан бичиг хүргүүлжээ. 

Харин сургуулийн зүгээс  хандивын асуудлаар тайлбарлахдаа  “Эцэг эхийн зөвлөлийн хурлыг “Сургуулийн эцэг эхийн зөвлөл”- өөс зохион байгуулж, сургуулийн дотоод иж бүрэн засварт шаардагдах мэргэжлийн байгууллагуудын тооцоо, судалгааг танилцуулан, уриалга гаргасан. Уриалгад сурагч бүр  39000 төгрөг  өгөх албагүй. Хандиваас цугласан мөнгийг  сургуулийн төрийн сан банкин дахь дансанд төвлөрүүлэхээр зөвлөлөөс шийдвэр гаргасан. Энэ чиглэлээр холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүст хүсэлт  гаргасан” гэжээ.  

Шалгалтаар очсон албаныхан тус сургуулийн  бага ангийн сурагчдад олгож буй үдийн цайнд өгдөг хагас бэлэн бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангадаггүй, зориулалтын бус газар хадгалагддаг гэсэн санал гомдлын дагуу сургуулийн орон тооны бус Үдийн цайны хяналтын зөвлөлөөс арга хэмжээ авахаар болсон байна.  Тус сургууль 1200 хүүхэд суралцах хүчин чадалтай ч  2011-2012 оны хичээлийн жилд 2360  сурагч хичээллэж байгаа аж. Хичээлийн 1, 2 дугаар ээлж солигдох буюу өдрийн завсарлагааны цагаар хулгай, залилангийн хэрэг гарах болсон байна. Тиймээс сургуулийн  үүд, гадна талбайг камержуулжээ. 

Тус сургуулийн захирал Ц.Гүррагчаад дээрхи асуудлуудыг дахин сайтар хянаж,  үйл ажиллагаандаа “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм”-ийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж