TV-9 телевизийн сэтгүүлчдийн талаар тодорхойлолт хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

TV-9 телевизийн сэтгүүлчдийн талаар тодорхойлолт хүсчээ

ТV-9 телевизийн нэвтрүүлсэн  “Детектив“ цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлгээр бусдын нэр хүндэд халдсан гэх мэдээлэл гаргасан хэмээн  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг нэвтрүүлэгт нэр нь дурдагдсан  Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч н.Отгонжаргал  албан үүргээ гүйцэтгэж байхад нэр хүндэд халдсан хэмээн гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсээд байгаа юм. Тус нэвтрүүлгийг бэлтгэхэд оролцсон уран бүтээлчдээс гэрчийн мэдүүлэг авсан ч хэн нэгнийг сэжигтэн, яллагдагчаар татаагүй байгаа аж. Харин саяхан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн ажил үүргийн тодорхойлолт гаргаж өгөх талаар албан бичиг явуулжээ. “Детектив” цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлэгт   хууль бус өмч хувьчлалын тухай баримт мэдээлэл дурдагдсан  байсан аж.

Телевизийн уран бүтээлчдийг өмгөөлөгч О.Баасанхүү өмгөөлж байгаа. Түүнээс хэргийн эргэн тойрон дахь  асуудлаар цөөн зүйл тодрууллаа.


-Та TV-9 телевизийн “Детектив”  нэвтрүүлэгтэй холбоотой хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ хэрэг  ямар шатандаа явна вэ?

-Нэвтрүүлгийн уран  бүтээлчдээс гэрчийн мэдүүлэг авсан. Гэхдээ хэнийг ч сэжигтнээр татаагүй байгаа. “Детектив” нэвтрүүлэгт дурдагдсан зүйлс тодорхой баримт, эх сурвалжтай. Анхных нь эх сурвалжийг  шалгах хэрэгтэй гэж бодож байна. Бидний зүгээс олон улсын сэтгүүлчдийн байгууллагад энэ асуудлаар хандсан. Бидэнд тодорхой газруудаас захидал, хариу ирүүлж байгаа.

-Сэтгүүлч Н.Биндэрьяаг хэргээ ганцаараа аваад гар гэсэн учир ажлаасаа гарсан гэх мэдээлэл байна?

-Телевизийн уран бүтээлийг багаар ажиллаж хийдэг. Хэзээ ч хэн нэгэнд хэрэг үүрүүлнэ гэж байхгүй.  Ташаа мэдээлэл  байна. Телевизийн  зүгээс сэтгүүлч Н.Биндэрьяаг халах тушаал гаргаагүй байгаа.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж