Маргааш ээлжит бус чуулганыг хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Маргааш ээлжит бус чуулганыг хуралдуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийж дуусган, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг цаг үеийн асуудал авч хэлэлцсэний дотор намрын чуулганыг өндөрлүүлэх асуудал багтжээ. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганыг долоо хоног сунгах боломжтой. Тодруулж хэлбэл, хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын дарга шийдвэрээ гаргаж, долоо хоног сунгасан. Энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа учраас маргаашнаас ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-д тавих шийдэлд хүрчээ. Хуульд зааснаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гаргах тохиолдолд УИХ-ын дарга захирамжаа гаргаж, өдөр цагийг товлодог байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуульд заасан энэхүү эрхийг анх удаа эдлэх болж байна гэдгийг бүлгийн дарга онцоллоо.

Мөн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шалтгаан үндэслэл байгаагаа хэд, хэдэн хуулийн төсөлтэй холбогдуулан тавьж байна. Нэгдүгээрт, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг баталж, иргэд хувьцаа эзэмших боломж нөхцлөөр хангах. Хоёрдугаарт, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, УИХ-ын сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулах. Уг нь УИХ болоод Орон нутгийн сонгуулийг хамт нэг өдөр зохион байгуулна гэсэн зарчмын шийдлийг эрт гаргасан. Гэхдээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасан зарим нэг заалтуудыг өөрчилж бусад хуультай зөрчилдөхгүй байхаар эрх зүйн хувьд нь нэгмөр болгох ёстой. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгуулийг автомат системээр явуулах бол орон нутгийн сонгуулийн дүнг гараар тоолно. Санал авч дуусах хугацаа УИХ-ын сонгуульд 20.00 цагаар дуусгавар болох бол Орон нутгийн сонгуульд 22.00 цаг гэж заасан. Нэг сонгууль нь ажлын өдөр зохион байгуулагдах бол нөгөө нь амралтын өдөр гээд хоорондоо зөрчилдсөн олон заалтууд бий. Энэ бүхнийг цэгцлэх ёстой. Нөгөө талаас УИХ дахь Ардчилсан бүлгийн зүгээс өчигдөр эл Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал тавьсан байна. Энэ нь аймаг, нийслэлийн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийе. Ийм хувилбар сонгосон нөхцөлд Сонгуулийн ерөнхий хорооноос болгоомжлуулаад байгаа ажлын ачаалал, саналын хуудсаа бэлтгэх хугацаан дээр асуудал үүсэхгүй. Учир нь сум, дүүрэг, багийн хэмжээнд 1500 орчим саналын хуудас бэлтгэгдэх учраас нэлээд ажил хөнгөлнө гэж үзжээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлын хүрээнд одоогоор хариу ирүүлээгүй байгаа. Ямар ч байсан Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байж, хариу ирүүлнэ гэсэн мэдээллийг өгөөд буй тухай Ч.Сайханбилэг дарга мэдэгдлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд цагаан сар хүртэл ээлжит бус чуулганыг хуралдуулж, шийдвэрлэх ёстой чухал асуудлаа гараас гаргах ёстой гэж үзсэн байна.

Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Батлан хамгаалахын сайдтай холбогдох асуудлыг бүлгийн хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн. Зарим хэвлэлүүдэд гарснаар огцруулах асуудлыг тавьж мэдэхээр байна гэж буй. Үүнд тодорхой хариулт өгөөч?

-Өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаад Батлан хамгаалахын сайдтай холбогдуулан төрийн өндөр албан тушаалтнуудаас сонин хэвлэлд гараад байгаа мэдээллүүд хэр үнэн бодитой вэ гэдэг талаар тайлбар авсан. Мөн Батлан хамгаалахын сайдад сайдын хурлын зөвлөлийнхөө протколыг ирүүлэхийг хүссэн. Өнөөдрийн өдөр тутмын сонинд Батлан хамгаалахын сайдын ярилцлага гарсан байна. Түүнд өнгөрсөн хугацаанд гарч байсан тэр зовнилуудаа өөрөө ярилцлагандаа баталчихсан байна. Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбогдолтой, энэ асуудалд нь арми бэлэн байх тухай гээд. Энэ асуудал бол нэлээд ноцтой санаа зовоосон асуудал гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа. Тийм учраас ээлжит бус чуулганы хугацаанд Батлан хамгаалахын сайдыг огцруулах асуудлыг тавина. Бүлгээс ажлын хэсэг гаргасан, тэр бүхнийг нь нягтлан шалтгаад, ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод огцруулах асуудлыг тавихаа үгүйсгэхгүй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж