УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд уг хэрэгт нэр нь холбогдсон Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг нягтлан шалгах үүргийг прокуророос өгсөн. Тэдэнд өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан ч МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөлд хамрагдан эрх чөлөөтэй болов. Тэгвэл дээрх дарга нарыг дахин шалгахдаа зүйл ангийг нь өөрчилж Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн юм. Тус мөрдөн байцаах алба уг хэргийг тусгай ажлын хэсэг томилон шалгаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
ХАВТАСТ ХЭРГИЙГ ШАЛГАХ ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСАЖ БАЙНА, ХЭРЭГ ЮУ БОЛОВ
Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш бүтэн хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Үүнийг зарим хүмүүс “С.Зоригийн аллага шиг сураг алдрах вий” хэмээн эмзэглэн суух болов. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр шүүхийнхэн хавтаст хэрэгтэй танилцах хугацаа дуусаж буй юм байна. Энэ хэргийн явц чухам ямар байгаа талаар албаны зарим хүмүүсээс тодруулсан юм.
УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагаас хэргийн мөрдөн байцаалын талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Хэрэг одоохондоо шүүхийн шатанд байгаа. Манай мөрдөн байцаах алба 20 гаруй байцаагчтай. Түүний бараг дөрөвний нэг нь долоодугаар сарын 1-ний хэргийг шалгах ажлын хэсэгт ажилласан. Шалгалтыг аль болох нягт, баримттай явуулах үүднээс бүхий л талаас нь байгаа бүх боломжоороо ажиллаж хэрэг шийдэх байгууллагад хүргүүллээ. Хамгийн гол нь мөрдөн байцаалтын үр дүнд үймээний үеэр гарсан хүн амины хэргийн эзэн хэн болохыг тогтоох нь чухал юм. Эхлээд бид зэвсэг барьж үймээнд оролцсон цагдаагийн ажилтнуудыг, дараа нь тушаал өгсөн удирдлагуудыг нь сайтар шалгасан. Ингэсний үр дүнд үймээнд цагдаагийн ажилтнуудаас өөр хэн ч байлдааны галт зэвсэг ашиглаагүй бас иргэдийг буудсан нь цагдаа нар болохыг тогтоосон. Гэхдээ яг хэн буудсан нь одоо хүртэл тодорхойгүй байна. Тиймээс зэвсэг барьсан хүн нь буруутай юу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас “Байлдааны ямар ч галт зэвсэг ашиглаж болохгүй” гэсэн үүрэг авсан удирдлагууд нь буруутай юу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тухайн үед Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Ч.Амарболд дээрх үүргийг авчихаад ажлын хариуцлага алдаж үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйд гол учир оршиж байна. Мөн түүний удирдлага дор ажиллаж байсан Д.Зоригт, Ш.Батсүх нарын хурандаа нар байлдааны галт зэвсэг тарааж, хамтран оролцсон гэж үзэж байгаа. Одоо шүүх эднийг яллах яллахгүйг шийдэх үлдсэн.
Тэрбээр ийн ярьсан. “Хэрвээ шүүхээс мөрдөн байцаалт дутуу байна дахин шалга гээд хэргийг буцаавал та нар яах вэ” гэсэн асуултад “Бид одоо тэр хэргийг үүнээс илүү шалгах боломжгүй. Тэгээд ч өөр гэрч, эд мөрийн баримт гарч ирэхгүй бол одоо байгаа бүх баримтуудыг үлдээлгүй шалгасан” гэлээ. Цагдаагийн байгууллагын удирдлагуудын гэм буруутай нь тогтоогдвол өршөөлд хамрагдалгүйгээр наанадаж 5-10 жилийн ял авах юм байна.
Уг хэргийн хавтас хэрэгтэй танилцаж буй нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх дээр өчигдөр очиход энэ хэргийн талаар хэн нь ч ямар нэгэн хариулт өгөхгүй байгаа гэсэн. Гэхдээ нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалжийн хэлснээр “Хавтаст хэрэгтэй танилцаж дуусаагүй байгаа. Шүүх бие даасан байгууллага болохоор тухайн хэрэгтэй сайтар танилцаж дууссаны дараа шийдвэрээ гаргадаг. Ямар хугацаа байх нь хамаагүй” гэв. Одоогоор хавтас хэрэг тус дүүргийн шүүхийг шүүгч н.Хосбаяр байгаа аж. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүний амь насыг санаатай бүрэлгэсэн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт татагдсан Эргүүл хамгааллын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Ч.Ганболд нарын дөрвөн хүний хэргийг түдгэлзүүлсэн гэсэн мэдээлэл байна. Шүүхийнхний хувьд хэрэв цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглэсэн бол энэ нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40, 46 дугаар зүйлийн заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэнэ. Мэдээж энэ нь хуулийн заалтад нийцэж байвал цагдаагийн алба хаагч гэм буруугүй, нийцээгүй бол гэм буруутай гэсэн үг. Цагдаагийн алба хаагчийн өөрийн болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохоор үйлдлийг өөр аргаар таслан зогсоох боломжгүй болсон нөхцөлд галт зэвсэг хэрэглэж болдог аж.
Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн 194 дүгээр зарлигт “Цагдаад байгаа бүх зэвсэг, техник хэрэгслийг ашигла” гэсэн заалт байдаг. Тэгвэл галт зэвсэг хэрэглэсний төлөө цагдаагийн ямар ч тушаалын алба хаагчид хариуцлага тооцох аргагүй” гэсэн үндэслэлд дүйж байна. Энэ мэт заалтууд, хэрэг шийдэх газрынхны байдал нь эцэстээ таван сайхан аавын хүүгийн алтан амийг хариуцах эзэнгүй болгож орхих вий.
"Улс төрийн тойм" сонин