”Баталгаатай” ууц чанана | News.MN

”Баталгаатай” ууц чанана

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

”Баталгаатай” ууц чанана

Энэ жилийн цагаан сар миний хувьд тун онцгой. Яагаад гэвэл өвөөгийн 80 насны ой тохиож байгаа. Тэр ч утгаараа манай гэрийнхэн цагаан сарын бэлтгэл гээд ойрдоо тун завгүй. Миний хувьд ууц чануулах даалгавар авсан. Анх сонсоод ууц чануулах ажил тун амархан санагдаж байв. Би бодохдоо “Ууцаа авч очоод, төлбөрөө хийгээд, маргааш нь авдаг” гэсэн  чинь асуудал ихтэй юм билээ. Уржигдар өглөө ууцаа чануулах гээд гэрээс гарлаа. Манайхаас холгүй байдаг “Ууц чанана” гэсэн хаягтай гэрт орсон юм. Үнэндээ манайхан надад ууц чануулах мөнгө гэж 10 мянган төгрөг өгсөн юм л даа. Би ч гэрт ороод шууд “Чанах ууц гадаа машинд бэлэн байгаа, хэдээр чанадаг юм бэ” гэхэд “25 мянга” гэлээ /уучлаарай гэхдээ би мөнгөн дээр унжаагүй шүү/. Тэгээд “Арай хямдхан чанах боломжгүй юм уу” гэхэд “Чануулбал чануул, боливол боль. Угаасаа шатахууны үнэ нэмэгдээд энэ цагаан сарыг яаж барна гэж байхад. Юуны чинь үнээ буулгах” хэмээн өөдөөс дуугаа өндөрсгөв. Ууц чанадаг газар хаа сайгүй  байдаг гэдгийг бүгд мэдэх биз. Тиймээс чимээгүй гарч явлаа. Уг нь хотын захиргаанаас энэ жил ууц чанадаг гэрийг энд тэнд байлгахгүй гэсэн. Гэвч ууцгүй бол цагаан сар тэмдэглэхийн учир юун. Ууц чанадаг гэр байхгүй бол бид чинь хаана чанана гээд хэнийг гуйж явах вэ дээ. Тиймээс “Монголын хууль гурван хоног хүчинтэй” гэдэг шиг мэр сэр, энд тэнд ууц чанаж байгаа байх гэсэн бодлоор цааш явсан юм.  

Манай нэг найз Гандангийн ойролцоо айлууд ууц чанадаг гэж байсныг гэнэт санаад бушуухан тийш явлаа. Баруун дөрвөн замаас  Гандан руу өгсөх замын харалдаа хашааны булан тохойд “Ууц чанана” гэх хэд, хэдэн хаяг анзаарагдав. Нэг гудамжаар эргээд дээрх хаяг тавьсан айлын гадаа зогслоо. Хашаа руу ортол ариун цэвэр гэдэг үгийг мартсан гэлтэй бохир орчин угтав. Төд удалгүй байшин дотроос өмд нь хиртэй, үс нь сэгсийсэн нэг хүн гарч ирэн “Яасан, хүн хараагүй юм уу. Ууц чануулах гэсэн юм уу. Яах гэсэн юм” гэхэд шууд л дотор муухайрч хашаанаас гаран өөр газар руу явлаа. Дараагийн гудамжинд байрлах өмнөх айлыг бодвол арай цэвэрхэн гэлтэй нэг айлын гадаа ирээд цэвэрлэж цэгцэлсэн хашааны орчныг нь хараад битүүхэндээ “баярлав”.  Гэрийн эзэн бололтой ах  “Дүү ууц чануулах гэсэн юм уу. Манайх 20 мянгаар чанадаг. Гэхдээ 17 мянгаар чанаад өгье. Болж байна уу” гэлээ. Би ч 25 мянгаар ууц чанана гэсэн бохир орчинтой өмнөх айлаас хамаагүй дээр гэж бодоод ууцаа чануулахаар боллоо. Ингээд авчирсан ууцаа үлдээгээд гэртээ харив.

Маргааш өглөө нь нөгөө газраа ирж чануулсан ууцаа авч машиндаа хийлээ. Аххүү ч “За дүү сайхан шинэлээрэй” гээд найрсаг үдлээ. Гэртээ очоод ууцаа гаргаад иртэл нэг л жижигхэн болчихсон юм шиг санагдав. “Угаасаа ууц чанахаар жижгэрдэг юм байлгүй дээ” гэж өөрийгөө хуураад ах руугаа ярьж “Ирж ууц аваарай” гэсэн юм /манай ах өвөөгийнд өгөх ууцыг хөдөө гэр рүү нь авч явах ёстой байсан юм/. Хэдэн цагийн дараа ах ч ирлээ. Чанасан ууцаа авахаар гал тогоо руу орсон даруйдаа “Энэ ууц чинь яачихсан юм бэ. Чануулахдаа солиулчихсан юм биш үү. Ирээд хар” хэмээн намайг дуудлаа. Би ч сандран “Үгүй байлгүй дээ. Цагаан сар болж байхад тэгэж буяндаа бузар хийхгүй байх” гэж ахад тайлбарлалаа. Бид хоёр чанасан ууцаа аван нөгөө газраа буцаж очлоо. Ахын уурлах ч учиртай байж. Яагаад гэвэл ах өөрөө захаас ууцаа нарийн үзэж байж авсан болохоор. Чануулсан газраа очтол гэрт хэн ч байдаггүй. Хашааны хаалга нь онгорхой, байшингийн үүд нь цоожтой байв. Хэрэв энэ айлын эзэн ирэхгүй бол юуны  чинь өвөөгийн 80 насны ой. Юун цагаан сар. Баяр ойртсон байхад дахиад ууц авч чанана гэдэг бүтэхгүй гэдгийг хэн хэн нь ухаарч байлаа. Төд удалгүй нөгөө ах ирж асуудлыг дор нь шийдлээ. Тэрбээр хэнэггүйгээр “Өө, ах нь андуураад явуулчихаж. Эндээс өөрөө харж байгаад таниад авчих. Болно биз дээ” гэдэг байгаа. Ах бид хоёр ч тэр дор нь хамгийн томыг нь сонгоод авлаа. Ах ч өөрөө худалдаж авсан ууцаа таньж байлаа. Хэрэв энэ бүхнийг мэдээгүй байсан бол цагаан сараар тачирхан ууцаар онд мэнд, тарган тавтай шинэлэх байв. Ямартай ч цагаан сар ойртсон энэ өдрүүдэд том сургамж авсан минь энэ.

 Жил бүрийн цагаан сараар иргэдийн ууцыг ариун цэврийн нөхцөл сайн хангасан, аятайхан орчинд чанадаг “нөхдүүд” эрэлттэй болдог. Жилийн жилд л хотын удирдлагууд ууц чанадаг гэрүүдийг бариулахгүй гэдэг. Тэгээд ч сар шинэ дөхөөд ирэхээр хаа сайгүй гэр барьчихдаг. Хонины ууцыг хэн дуртай нь чанасаар л байгаа нь үнэн. Холбогдох албаныхан энэ талаар “Нийслэлийн хэмжээнд жил бүр энэ асуудал гарч ирдэг. Гэхдээ энэ жилээс эхлэн ууцны гэрүүдийг бариулахгүй. Эдгээр гэрүүдийн хувьд наад захын ариун цэврийн шаардлага хангадаггүй. Цэвэр бохир усны газар байхгүй. Үүнээс гадна зориулалтын ариун цэврийн өрөөгүй байдаг. Нийслэлд шаардлага хангасан гал тогоотой, нийтийн хоолны стандартын дагуу тохижуулсан зөвшөөрөлтэй газрууд маш олон байна. Тухайлбал, томоохон зочид буудал, сургууль, цэцэрлэгийн гал тогоо гэх мэт хүрэлцэхүйц газрууд бий. Тиймээс эдгээр зориулалтын газарт ууц, өвчүү чанах ажлыг зохион байгуулна” гэх утгатай хариултыг бидэнд өгдөг. Энэ жил ч ялгаагүй. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2012-02-16 109.74.55.7

Uilchilgeenii gazar arai deer bh shuu.

Avatar

Зочин 2012-02-16 202.55.191.37

La la tegne tegne tegsnees naidvartai ni deer tsahilgaan stantsiin uurand 10 minur bolhod yanziin goyo bolno shuu dee daana ch davsguil boldog bolhoos bish

Avatar

Зочин 2012-02-16 202.170.81.10

english-sources.blogspot.com – FREE ENGLISH SOURCES ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж