Нефть импортлогчдод онцгой албан татвар ногдуулъя

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Нефть импортлогчдод онцгой албан татвар ногдуулъя

Үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн нефть импортлогчдыг хазаарлах цаг боллоо. Гаалийн болон онцгой албан татварыг нь тэглэчихээд байхад тэд бүтээгдэхүүнийхээ үнийг улам хөөрөгдөх нь яавч эрүүл үзэгдэл биш. Өнгөрсөн онд шатахуун импортлогчид гаа­лийн татварт 14.6, онцгой албан татварт 48.6 тэрбум төгрөг төлсөн байна. Гэхдээ энэ бол өмнө нь төлөгдсөн татварын орлого. Харин гаа­лийн болон онцгой албан татварыг тэглэсний ачаар ул­сын төсөвт орох ёстой байсан 60 орчим тэрбум төгрөгийг нефть импортлогчдод бэ­лэглэсэн гэсэн үг юм. Гэтэл энэ бэлэг тэдэнд өчүүхэн санагджээ. Тэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсээр. Шалтгааныг нь ам.дол­ларын ханш чан­гар­сантай холбон тайлбарлаж байсан үе бий. Гэтэл одоо ноён долларын төгрөгтэй харьцах ханш суларчихаад бай­хад шатахууны үнэ буурах талаар ямар ч сураг байдаггүй. “Яах вэ” гэж удаан хэлэлцсэн Зас­гийн газар сүүлдээ “Нефть им­портлогчдыг НӨАТ-аас чөлөөлье” гэх болов. Ийм за­маар жижиглэн худал­даанд гарч буй шатахуун, түлшний үнийг хямдруулж болох нь. Эрүүл ухаанаар бодоод үзвэл тийм ч байж магадгүй. Гэхдээ хуучин туршлагаас харвал ийм зүйл болохгүй биз. Магадгүй сонгуулийн өмнө хэсэг хугацаанд үнийг нь буулгах ч ирэх долоодугаар сараас эх­лэн дахин нэмж мэдэх юм. Нөгөөтэйгүүр газрын тос­ны бүтээгдэхүүнээс авах НӨАТ улсын төсөвт хамгийн их орлого оруулдаг билээ. Тэгэхээр энэ хөрөнгийн эх үүсвэр байхгүй болно гэсэн үг. Нефть импортлогчдыг ингэж даврааж байхаар газрын тосны бү­тээгдэхүүнд ноогдуулах онцгой албан татварыг нэмчихье. Тэдэнд нүүр өгөх тусам энэ хэвээр үгсэн хуй­валдаж, ард түмнээр тоглосоор байх бололтой. Хол­бог­дох албаны хү­мүүс нефть импорт­логчдыг үндэс­­лэл­гүйгээр үнэ нэмс­­­нийг нь тогтоож, 10 тэрбум төг­рө­гийн тор­гууль тавих шийд­вэр гар­гачихаад байхад өнөөдүүл нь гэ­дийсээр байгаа нь юуны учир вэ. Өнгөрсөн сарын 7-нд бүх төр­лийн шатахуун, түлшний үнийг литр тутамд нь 250-300 төгрөгөөр нэмсэн. Түүнээс хойш чамлахааргүй хугацаа өнгөрчихөөд байхад нефть импортлогчид бүтээг­дэхүүнийхээ үнийг 50 төгрөгөөр л буулгалаа. Уг нь Ерөнхий сайд С.Батболд “Хэрэв буруутай нь тогтоогдвол нефть импортлох эр­хийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэж байсан. Арай тэгж чадахгүй байгаа бол тэдэнд үзүүлж буй бүх татварын хөнгөлөлтөө арлигачих нь зөв ч байж мэдэх юм.
Орост бас шатахууны үнэ өсчээ. Уг нь нефтийн бүтээгдэхүүн экспортынх нь гуравны хоёрыг бүрдүүлж, түүнээс олох ашиг нь төсвийн орлогын тал хувьтай тэнцдэг гэж байгаа. Ийм орны иргэд бензин, түлшээ бараг үнэгүй шахам авчихдаг биз гэж бодох гэтэл бас үгүй юм. В.Путинг анх засгийн эрхэнд гарах үед нэг баррелийг нь 27 ам.доллараар борлуулж байсан газрын тосны үнэ өнөөдөр 116 ам.доллар болтлоо өсчээ. Тэгэхээр өнгөрсөн 20 жи­лийн хугацаанд оросуудын цалин хөлс нэмэгдэж, амьдралын түвшин дээшилсний шалтгаан нь В.Путин биш харин газрын тос хэмээн Кремлийн удирдагчдыг шүүмжилдэг “эсэргүү”-нүүд дүгнэдэг. Харин өнөөдөр В.Путины толгойны өвчин нь мөнөөх газрын тосны салбар болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байхад Орост бензин, шатахууны үнэ өссөөр байна. Энэ нь В.Путины нэрийг дугуйлсан саналын хуудасны тоог цөөлнө үү гэхээс өсгөхгүй. Тиймээс В.Путин нефтийн монополь компаниудын тэргүүн нартай тохиролцож, шата­хууны үнийг хэсэгтээ тогтвортой байлгах үүрэг өгсөн юм. Үүнээс болж Оросын нефтийн компаниудын ашиг таван тэрбум рублиэр буурна. Бизнесмэнүүд мөнгөө ингэж дэмий урсгахыг хүсэхгүй. Тэд алдагдлаа нөхөхийг хичээнэ. Тэгэхээр Ерөн­хийлөгчийн сонгуулийн маргаашаас Оросын дотоодод бор­луулагдаж буй шатахууны үнэ огцом өсөх нь. Уг нь Оросын Эрчим хүч, санхүү болон эдийн засгийн хөгжлийн яаманд нефтийн компаниудын ал­дагдлыг хэрхэн нө­хөх арга за­мыг боловсруулах үүрэг өгсөн. Гэхдээ “Газрын тосны сал­барынхан яамныхаа хариуг хүлээж суух нь юу л бол” хэмээн “Санкт-Петербург таймс” сонинд мэдээлжээ. Сонгууль өнгөрсний дараа буюу энэ оны дунд үеэс Орост шатахууны үнэ 4-5 хувиар өсч, оны эцэс гэхэд энэхүү өсөлт 15 хувьд хүрнэ гэх урьдчилсан таамаг бий. Тэгэхээр үнийн өсөл­тийг намжаах гэсэн В.Путины яд­маг оролдлого нь сонгуулийн мар­гаашаас эхлэн оросуудад томоохон дарамт болно гэсэн үг. Энэ бол Монголын хөрсөн дээр үе, үе буудаг дүр зураг. Бүр тодруулбал, дөрвөн жилийн давтамжтай болдог зүйл гэхэд буруудахгүй.

С.Баярын Засгийн газрын үед УИХ-ын сонгууль дөхөөд ирэн­гүүт шатахуун импортлогчид бү­тээг­дэхүүнийхээ үнийг хөөргөж бай­лаа. Эрх баригч намын хувьд энэ бол маш том сөрөг сурталчилгаа болдог. Тиймээс тухайн үед С.Баяр импортлогчдод татаас өгч, онцгой албан татварыг нь тэглэж байсан юм. “Ядаж сонгууль өнгөртөл арай хямдхан борлуулчих” гэсэн нь тэр байж. Одоогийн Засгийн газар ч мөн л ийм арга хэмжээ авч байна. Сонгууль болохын өмнөхөн бүтээгдэхүүнийхээ үнийг хөөргөсөн нефть импортлогчийг С.Батболдын Засгийн газар эрвийх дэрвийхээрээ аргадаж байна. Уг  нь аль өнгөрсөн онд л ийм зүйл болохоос сэргийлж, хил, гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлчихөөд байсан юмсан. Орост шатахууны үнэ өссөн шалтгаан нь татвартай холбоотой. Өнгөрсөн сарын 1-нээс тус улс неф­тийн бүтээгдэхүүнд ноогдуулах онцгой албан татварыг шинэчилж, тодорхой хуваарийн дагуу нэмсэн. Мөн нефть боловсруулах үйлдвэрүүд  хариуцлагын даатгал төлөх ёстой болсон. Ийнхүү татварын хэмжээ өөрчлөгдсөн нь бензин, шатахууны үнийг хөөргөжээ. Харин оросууд яагаад татвараа нэмэхээр болов. Энэ нь инфляцийн өсөлтөөс үүдэл­тэй. Европын бусад орнуудтай харьцуулахад Орост инфляцийн үзүү­лэлт 1.5-2 дахин өндөр байна. Энэ нь газрын тосны худалдаанаас ашиг олохын хэрээр түүнийгээ үрэлгэн зарцуулж, инфляцийг хөөргөж бай­гаатай холбоотой юм. Тиймээс Оросын Засгийн газар нефтийн бү­тээгдэхүүний худалдаанд хяналт тавих гэж оролджээ. Үр дүнд нь ирэх долоодугаар сар хүртэл Орост нэг литр бензинд 1.2 рублийн онцгой албан татвар нэмэхээр болсон юм. Гэтэл Монголд юу болсон бэ. Өнгөрсөн тавдугаар сард Ца­гааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх, Ульхан майхан боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшний гаалийн албан татварыг тэг хувиар тогтоосон. Харин Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх бензинээс тонн тутмаас 170 мянга, 230 мянган төгрөгийн татвар авахаар болсон юм. Мөн дизель түлшинд татвар ногдуулахгүй байх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан билээ. Ха­рин өнгөрсөн долоодугаар сард Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа А-80 бензинд тонн тутамд нь 80 мянга, АИ-92 автобензинд 100 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг мөн л тэглэсэн юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард дизель түлшний онцгой албан татварыг тэглэх  шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. Ийнхүү “Роснефть” компаниас импортоор оруулж ирж буй хилийн үнэ өсөх бүрт татварын хөнгөлөлт үзүүлсээр байсан юм. Хилийн үнэ нэмэгдвэл жижиглэн худалдаагаар борлуулж буй нефтийн бүтээгдэхүүний үнэ ч өснө. Тиймээс иргэдэд учрах дарамтыг хөнгөлөхийн тулд онцгой албан татвар, гаалийн албан татварыг аль, алиныг нь тэглэсэээр байна. Энэ бүхний эцэст үнийн өсөлт байхгүй болж, амар сайхандаа жаргах нь гэж саналаа. Гэвч нефть импортлогчид үлгэр төгсгөдөг хүмүүс биш байж. Одоо тэднийг аргадаж суухаа больж, газрын тосны бүтээгдэхүүнд ноогдуулах онцгой албан татварыг нэмэх, жижиглэн худалдаанд төрөөс татаас олгох зэргээр цөөн хэдэн компанийн монопольчлолоос гарах цаг болжээ.

Р.Сарангоо

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж