-Та хэд хоног харагдсангүй. Хаагуур яваад ирэв ээ?
-Зүрх муудаад шинжилгээ хийлгэхээр гадаад руу долоо хоног яваад ирлээ.
-Таныг байхгүй хойгуур танай намд нэлээд бужигнаан үүссэн. “Нарантуул” олон улсын худалдааны төвд гэнэтийн шалгалт хийж, “Гал гарах нөхцөл бүрдсэн” гэсэн дүгнэлт гаргаж, арга хэмжээ авахаар ярьж эхэлсэн. Үүнээс өмнөхөн та Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нар руу салаавч гаргасан байх аа?
-Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир хоёр уг нь надтай тоглож байсан байхгүй юу. УИХ-ын чуулганы танхимын үүдэнд бид гурвыг зогсож байхад М.Энхболд, Д.Лүндээжанцан нар зөрсөн. Тэр үед би тэдэнтэй мэндэлсэн юм. Тэгсэн мань хоёр “За дарга нарт яаж долигнодогийг нэг үзүүлчих” гээд шоглоод зураг аваад байхаар нь би ч гэсэн орос маягаар тоглоод л хоёуланд нь салаавч өгчихсөн. Тэгсэн нөхөд миний тэр зургийг аваад сайтуудад тараачихсан юм байна билээ л дээ.
-Яг үүний дараахан л танай “Нарантуул” захад шалгалт хийсэн болохоор улс төрийн зорилготой үйлдэл гэж хэлж болохоор байгаа юм л даа. Танд тэгж санагдахгүй байна уу. “Нарантуул”-тай ижилхэн орчин, нөхцөлтэй “Хархорин” зэрэг зах болохоор зүгээр байж л байдаг?
-Үгүй ээ. “Нарантуул”-ыг улстөржүүлж шалгана гэж юу байсан юм. Ер нь “Нарантуул”-ыг сонгууль дөхөөд ирэхээр л шалгадаг уламжлал тогтсон гэж болно. Үүргийн худалдаа эрхэлдэг хүмүүсээс сонгуулийн өмнө хэн нэгэн нь оноо авах гэдэг юм уу бүү мэд. Наанаа тэдний төлөө гэсэн дүр эсгэчихээд цаагуураа ердөө л оноо авах гээд байдаг юм. Би үүнийг сайн мэдэж байна. Гэтэл тэнд худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн төлөө үнэн хэрэгтээ жинхэнэ ажиллаж байгаа хүмүүс нь “Нарантуул” компанийн 200 гаруй ажилтан, тэнд ажиллаж байгаа 40 орчим цагдаа шүү дээ. Харин тэдний цалинг би өгч байгаа. Энэ шалгалтыг их хүн цугларсан газарт гал гарвал яах вэ гэдэг үзүүлэн тоглолтыг Онцгой байдлынхан хийсэн юм уу даа л гэж ойлгож байгаа. Гэхдээ “Нарантуул”-ын асуудлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж олон хүн мэрийдэг л дээ. “Нарантуул”-ыг битүү болгоход наймаачдын түрээс л нэмэгдэж, амьдрал нь хэцүүдэнэ гэдэг үүднээс би энэ хэвээр нь байлгаад байгаа юм. Түүнээс биш германчууд битүү зах болгох зураг төсөл боловсруулаад ирсэн байна. Үүнд нь 45 сая ам.доллар шаардлагатай. Энэ мөнгийг би халааснаасаа гаргахгүй, түрээслэгчдийн халааснаас л гаргана шүү дээ. Ер нь дэлхийн хаана ч задгай зах байж л байдаг шүү дээ.
-Ингэж хавчигдаж байхаар МАХН-тай нийлэх сураг гаргаад байгаа ангийнхаа хэсэг нөхөдтэй хамт Н.Энхбаяр даргыг бараадвал яасан юм бэ?
-Манай намын удирдлагууд намайг хяхаж хавчаад, оролдоод сүйд болоод байгаа зүйл байхгүй шүү дээ. Тэндэнд тийм ёс суртахуун байх ч үгүй. Би эдний ажлыг УИХ-ын 1996 оны сонгуулиас л эхэлж дэмжиж байсан хүн. Би өөрөө 1989 онд анх энэ намд элссэн. Надаас хойно намд элсэж, улс төрд орсон хүмүүс бүгд өнөөдөр миний дарга хийгээд явж байхад би юу ч хэлдэггүй. Уг нь юманд ээлж дараа гэж байдаг бол би өнөөдөр намын дарга байвал байх л байсан. Хотын дарга хийвэл хийх л байсан. Гэсэн ч би бизнесээ л голлосон. Ер нь би 49 нас хүрч байж улс төрд хөл тавьсан хүн шүү дээ. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийг л баримталж, хувийн амьдралаа цэгцэлчихээд улс төрд хөл тавьсан. Түүнээс биш зарим нэг нөхөр шиг 29, 30-тайдаа УИХ-ын гишүүн болоогүй. Харин би ард түмэнтэйгээ хамт зовж, зүдэрч явсан хүн. Одоогийн парламентын гишүүдэд салаавч өгөх бол юу ч биш. Тэрнээс долоон дор амьтад УИХ-д олон байна шүү дээ. Үүнийг нь би дөрвөн жил ярьсан болохоор зарим гишүүн надад тийм ч дуртай биш. Гэхдээ манай намын удирдлагууд намайг оролдох тийм ёс суртахуунгүй хүмүүс биш ээ.
-Танай намын хэсэг нөхдөд намынх нь удирдлагын явуулж буй бодлого “Таалагдахгүй байна” гээд л фракци байгуулахаар ярьж байгаа сурагтай байсан. Тухайлбал, Д.Тэрбишдагва, Д.Балдан-очир, Н.Ганбямба нар байгаа гэсэн. Хэрэв та тэр үед энд байсан бол тэдэнтэй нэгдэх байсан уу?
-Үгүй ээ. Би тэдэнтэй нэг танхимд суудаг гэсэн үүднээс л “Сайн байна уу” гэх мэндийн зөрүүтэй байдаг. Энэ хүмүүстэй үзэл бодол нийлэх ч үгүй. Би өөрийн гэсэн үзэл бодолтой хүн. Намайг хэнбугай ч загнах гээд хэрэггүй. “Нарантуул” захаар ч оролдоод байх хэрэг байхгүй. Гэхдээ би оролдуулж үзсэн хүн л дээ. Намын даргыг шүүмжлэх хүмүүс олон болжээ. Яах вэ дээ. Зэх зээлийн нийгэмд бусдаас түрүүлээд хөл тавьсан л хүн байгаа биз. С.Батболд бол монголчуудыг зах зээлийн нийгэм гэж мэдэх ч үгүй байхад “Алтай кашмер”, X хорооллын спорт цогцолбор шиг балгас болчихсон байсан “Чингис”-ийг авсан. Гадны хөрөнгө оруулалт олж ирж, зочид буудлын дайтай зочид буудал болгочихсон хойно нь нэг их амархан бүтээчихсэн юм шиг булаацалдаж, шүлсээ гоожуулж дайрдаг, эрх мэдлийг нь ашиглаж дайрч доромжилж байгаад байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн “хулгайч” нар УИХ-д олон байгаа байхгүй юу. Тэгээд ч би хүний байгуулж байгаа юманд ороод хүний үгээр яваад байдаг хүн биш. Хэрэв фракцид орохдоо тулбал өөрөө фракци байгуулж байгаагаа ил тод зарлана. Юуны төлөө ямар фракци байгуулаад байгаа юм гэдгээ тодорхойлоод явж болно шүү дээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар надад фракци байгуулаад яваад байх сонирхол алга.
-Фракци байгуулах сонирхолгүй гэлээ. Гэтэл тантай үзэл бодол нийлж байгаа гишүүд байна уу?
-Байна аа, байна. Манай намаас ч байна, нөгөө намаас ч байна. Фракцийг УИХ дотор заавал нэг намаас байгуулах ёстой юм биш. Хүний өөрийн гэлтгүй үзэл бодол нийлж байгаа хэсэг хүн нийлж фракци үүсгэж болно. Гэхдээ хамгийн гол нь тэрийгээ албан ёсоор зарлах хэрэгтэй л дээ. Нууцаар нэг өрөөнд орж архи ууж, мах идэж ярьдаг юм биш. Хурлаа албан ёсоор хийгээд албан ёсоор зарлах хэрэгтэй. Яг л Б.Батбаатар, З.Энхболд хоёр шиг. Энэ бол ардчилал. Түүнээс биш манайхан шиг нэгнийхээ өрөөнд орж нууцаар цуглаж ярьдаг юм биш шүү дээ.
-Байнгын хороодын дарга нарын томилгоог хэлж байна гэж ойлгож болох уу?
– Манайхан гэж нэг л сайхан хүмүүс байдаг ч үнэн хэрэгтээ байнгын хороодын дарга нарын өнгөрсөн жилийн томилгооноос хойш л бие биедээ хонзогноод л байгаа юм. Энэ амбицтай хүмүүсийг чинь бүгдийг нь дарга болгож чадахгүй ч гэсэн муусайн дарга нар нь чадах чинээгээрээ л ээлжлүүлээд л даргыг нь хийлгээд явж байна. Шүүмжилж байгаад албан тушаал авчихлаа. Одоо яасан. Бүгд л чимээгүй болчихсон байгаа биз дээ. Зургаахан сарын хугацаатай албан тушаалыг авахын тулд фракци болж булаацалдахаас ичдэггүй юм байх даа. Зорилгоо ч мэдэхгүй, намынхаа даргыг огцруулна гээд л баахан хүн гарын үсэг зураад яваад байсан тохиолдол ч гарсан байх аа. Оюутолгойгоор дөрөөлж зарим нэг хүн эх оронч улстөрч болж харагдах гэж нэлээд оролдсон. “Чухам юу нь болохгүй байгаа юм бэ” хэл гэхээр нарийн тооцоог нь мэдэхгүй, болж байгаа үйл явдлыг нь мэдэхгүй худлаа л зүтгээд байсан. Би тийм хүмүүст дургүй. Ядахдаа Н.Батбаяр, Д.Ганхуяг нар шиг тооцоо барьчихаад хэн нэгнийг буруутгах хэрэгтэй шүү дээ. Ерөнхий сайдыг “Бороо гоулд”-ыг “идсэн, уусан” гээд л яриад байх юм. Эцсийн эцэст өнөөдөр Тавантолгойн ордыг гадныханд алдчихалгүй Монгол Улсын мэдэлд авч үлдэж чадсан ганц хүн нь тэдний муулаад байгаа энэ С.Батболд юм шүү дээ. Тавантолгойн ордыг 1999 онд С.Батболд хувьчилж авсан юм. Үнэхээр тэр үед зөв хүн нь Тавантолгойн ордыг аваад өдий болтол газрын төлбөр, татвар бүгдийг нь төлөөд хамгаалаад улсдаа буцааж өгсөн шүү дээ. Хэрэв тэр үед Тавантолгойн ордыг Хятад ч юм уу АНУ, Канадын компаниуд авчихсан бол яах юм. Тэгсэн бол өнөөдөр юун С.Батболдыг шүүмжлэхтэй манатай байсан гэдгийн санах хэрэгтэй. Хятад, Оросыг өнөөдөр шүүмжилж чадахгүй л байгаа биз дээ. Алуулчихна гэж айгаад. Гэтэл өнөөдөр Тавантолгойн ордын 10, 20 хувийг монголчууд эзэмшинэ гээд хэрүүл хийж байгаа нь С.Батболдын гавъяа л гэж бодож байгаа.
-Танай намын гишүүд удирдлагаа “Мөнгөний томилгоо хийж байна” гэж шүүмжлээд байгаа шүү дээ. Үнэхээр ч дэд сайд нарын томилгоо гэхэд л ингэж харагдуулаад байгаа. Тухайлбал, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа гээд л?
-Монгол Улсын Үндсэн хуульд мөнгөтэй, бизнес эрхэлдэг хүн улс төрд орж болохгүй гэж заагаагүй шүү дээ. Тэгэхээр “чи боль” гэх эрх хэнд ч байхгүй. Бизнесийн салбарынхан энэ улс төр рүү ингэж хүч түрж орж ирж байгаагийн цаана шалтгаан байгаа.
-Ямар шалтгаан?
-Хэтэрхий их дарамттай л байгаа байхгүй юу. Юм хийдэггүй, баялаг бүтээдэггүй. Гарын үсгээр баяжсан энэ хүмүүстэй дотор нь орж тэмцэж зайлуулахын төлөө ямар сайндаа ингэж хэлүүлэн байж тэр рүү зүтгэх вэ дээ. Сая хэлсэн “Монполимет”-ийн Ц.Гарамжав, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “МАК”-ийн Н.Номтойбаяр. Н.Номтойбаяр ч юу байх вэ. Цаана нь аав нь Б.Нямтайшир, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Х.Баттулга, Н.Батбаяр, Д.Ганхуяг, Б.Жаргалсайхан бид хэд бол бизнес эрхлэгчид шүү дээ. Зовлонг нь үзсэн нөхөд. Шоронд ороогүй хүн гэж бараг байхгүй. Бүгдийг нь барьж аваачиж хорьж, сүрдүүлж, дарамталж мөнгө авч байсан. Гэтэл баялаг бүтээж татвар төлөөд л байдаг. “Та нар бидний өгсөн татварыг ард түмэнд ижил тэгш хуваагаад өгөөрэй” гэхээр “За” гэж сонгогдчихоод татвар төлж байгаа хүмүүсээ “Чи бага төлж байна” гэж дарамтлаад л өөрсдөө энд тансаглаад байхаар дургүй нь хүрэлгүй яах юм. Тиймээс л улс төрд орж байгаа юм. Цаашид ч орно.
-Тэгэхээр нөгөө ашиг сонирхлын зөрчилдөөн хэрээс хэтэрчих юм биш үү. Хүн бүр өөрийн эрхэлдэг бизнесийг хуулиас гадуур авч үлдэх гэж зүтгээд харин ч эсрэгээрээ болох юм шиг ээ?
-Яах вэ тийм юм гарах байх л даа. Тэрийг бизнес эрхлэгчид өөрсдөө УИХ-д орж ирснийхээ дараа зохицуулна биз. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга Архи, тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх талаар хөндсөнийг нь би “Зөв” гэж бодож байгаа. Гэхдээ тэр одоо байгааг нь гадуурхаагүй. Дахиж нэмж оруулахгүй байя л гэсэн шүү дээ. Саяхан Энэтхэгийн парламентад ард түмний халааснаас мөнгө суйлах гэсэн үйлдэл гарахад эсэргүүцсэн гишүүд нь танхимынхаа сандал, ширээг эвдээд, даргынхаа ширээг хэмхэчсэн. Ер нь УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа төрийн мөнгөөр туйлдаг, иргэдэд очих ёстой мөнгийг замаас нь хулгайлдаг, ажил хийсэн болж төсвөөс мөнгө зувчуулдаг, хяналтаас гадуур өөрсдийгөө өмөөрсөн хүмүүсийг томилдог хүмүүс байх юм бол зодоон хийсэн ч яадаг юм гэж бодож байгаа. Миний салаавч гаргадаг бол юу ч биш. Хууль яриад, сагсагнасанд нь албан тушаал өгч амыг нь таглаж, дарж авдаг байдлыг эцэслэе гэж бодож байгаа. Дэлхийн ихэнх улсын парламентад хууль бус үйлдлийн төлөө зодоон хийж байна. Тэр ч бүү хэл Өмнөд Солонгосын парламентын гишүүд нэг нэгэн рүүгээ гахайны ялгадас асгаж байна шүү дээ. Ард түмнийхээ төлөө ингэж л тэмцэхгүй бол гадаа хэдэн хүн талбай дээр жагсаад л байдаг. Харин энд юу ч болж бүтэхгүй байна шүү дээ. Тиймээс би энэ аргыг хэрэглэж, үзэж тарна гэж бодож байгаа.
-Танай намд тойрог хуваарилалтаас болоод нэлээд маргаан үүсээд байхад та ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдэгтээ нэлээд итгэлтэй ярьж байх юм?
-Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намынхныг гарахад сайд нарын асуудлыг ярилцахаар манай бүлэг хуралдах үед би намын даргад нэг санал тавьсан юм. Тэр нь юу вэ гэхээр бүлэг дотор янз бүрийн ааш араншинтай хүмүүсийг нэг бүрчлэн хүлээж авч уулзах тухай байсан юм.
-Таныг ганцаарчилж хүлээж авахад нь та намын даргадаа юу гэж хэлсэн юм?
-Намайг хүлээж аваад “Та УИХ-д сонгогдоод тойрогтоо юу хийсэн бэ. Ямар ямар хууль санаачилсан бэ” гэж асуухад нь би хийсэн бүтээсэн зүйлээ хэлсэн. Хувиасаа мөнгө гаргаж Завханд олон зүйл хийсэн учир энэ бүхнийгээ гүйцээх хүсэлтэй байгаагаа ч дуулгасан. Би одоо 53 настай дахиад дөрвөн жил УИХ-д суухад 57 хүрнэ. Өнөөдөр УИХ-д 70 гарчихсан хүн сууж л байна. Тэгэхээр би өөрийгөө арай болоогүй гэж бодож байгаа шүү.
-С.Батболд дарга танд ямар хариу өгсөн юм?
-Та хариуг нь хэзээ өгөх вэ гэхэд “Хөндлөнгийн судалгаа хийж байгаа учир судалгааны дүнг харж байгаад хариу өгнө” л гэсэн одоо болтол сураггүй л байна. Намайг эзгүй байх хойгуур намын дарга гишүүдээ бүгдийг нь хүлээж аваад байнгын хорооны дарга, дэд сайд нарыг сольсон байна.
-Тэгэхээр таны саналыг хүлээж авсны үндсэн дээрээс л С.Батболд дарга гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзсан байх нь ээ?
-Би явахаасаа өмнө намын даргад хатуу хэлсэн юм л даа. Тиймээс миний саналыг хүлээж авлаа гэж ойлгосон. Ирэхэд ч тэр нь мэдрэгдлээ.
-Хатуу гэхээр яаж хэлсэн гэсэн үг вэ?
-“Юм үнэн нь дээр. Тэгэхгүй бол наад улсууд чинь дотроо нэг юм бодоод яваад байна. Намын даргын хувьд түүнийг нь та зохицуулах үүрэгтэй. Тиймээс үүргээ хүлээж энэ хүмүүстэйгээ ганцаарчилж уулзаач. Хэн нь юу ярьсаныг дүгнээд удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд хүмүүсийнхээ асуудлыг шийдээд өгчих” л гэсэн юм. Дарга болох сонирхолтой хүмүүс нь болоод одоо чимээгүй болох шиг боллоо. Шуналтах орон тоо ч үгүй боллоо. УИХ-ын гишүүнийхээ ажлыг өгөөд агентлагийн дарга болъё гэх хүн арай олдохгүй байх. Ямар ч байсан хавсарч хийх боломжтой бүх албан тушаал эзэнтэй болоод нэг юм дуусах шив. Би өөрөө удирдах ажлыг их олон жил хийсэн хүн болохоор удирдлагуудынхаа зовлонг сайн ойлгож байгаа. Намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр ерөнхийдөө “зөөлөн” хүмүүс учир болохгүйг болгох гээд л энэ хэдэн амбицтай нөхдийг царайчлаад явж байна шүү дээ.
-Удирдлагууд зөөлөн гээд байх юм. У.Хүрэлсүх дарга харин ч эсрэгээрээ юм биш үү. Намаа шүүмжлээд байгаа гишүүдээ дарамталдаг гэсэн яриа байсхийгээд л гардаг?
-Үгүй. Нөгөө “юм” олдоогүй улсууд нь У.Хүрэлсүхийг ширүүн, дориун “Сэлэм Тогмид” гээд байгаа байхгүй юу. Би хувьдаа У.Хүрэлсүхийг харин ч юм ойлгодог, учрыг нь олох гэж зүтгэдэг юм байна гэж ойлгосон. Би өмнө нь У.Хүрэлсүхтэй ажиллаж үзээгүй л дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга болсноос нь хойш ажиглаад л байгаа. Жоохон хурц зантай л даа. Ийм хүмүүс манай намд бий шүү дээ. Э.Мөнх-Очир байна. Ийм хурц хүмүүс чинь тулсан ч гэсэн буулт нь зөөлөн байдаг байхгүй юу. Ер нь гадны улсуудын парламентад хурц темпраменттай хүмүүс их байдаг болохоор л зодоон цохиондоо хүрдэг байх. Үүний үр дүнд бүх зүйл ард түмний талд шийдэгддэг. Харин “Дуугүй хүний доодох нойтон” гэдэг үгийн мөн чанарыг гурвуулаа адилхан тоглож байгаад л нэгнийхээ зургийг сайтад тавьдаг хүмүүс илтгээд байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
"Улс төрийн тойм" сонин