Р.Фридланд Америкийн 130 дахь баян хүн

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Р.Фридланд Америкийн 130 дахь баян хүн

“Форбес” сэтгүүлээс 2011 оны сүүлээр АНУ-ын хамгийн баян хүмүүсийг шалгаруулдаг “Форбес 400” жагсаалтаа гаргажээ. Уг жагсаалтыг Билл Гейтс 59 тэрбумын хөрөнгөөр тэргүүлсэн бол түүнийг гол “өрсөлдөгч” Уорен Баффет 39 тэрбумаар удаалсан байна.
Энэ жагсаалтад монголчуудын сайн танил “Айвенхоу Майнз”-ын Ерөнхий захирал Роберт Фридланд 2,8 тэрбум долларын хөрөнгөөр 130-д жагссан байна. Түүний өмнө үл хөдлөх хөрөнгийн магнат гэгддэг алдарт Дональд Трамп 2,9 тэрбумын хөрөнгөөр 129 дүгээр байрт оржээ.

Р.Фридланд одоо Сингапурт амьдардаг бөгөөд АНУ-ын харьяалалтай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. “Форбес 400”-гаас гадна дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 323 дугаарт жагссан байна. Түүний гол өмч нь мэдээж 1994 онд байгуулсан “Айвенхоу Майнз” компани. Тэрбээр хөрөнгө өвлөж аваагүй, өөрийнхөө хүчээр босгосон, 2000 онд Оюутолгойг нээсэн нь өнөөдрийн амжилтынх нь гол суурь болсон хэмээн “Форбес” бичсэн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд компанийн нь хувьцаа 740 хувиар /өнөөдөр хувьцаа нь 16,40 ам.доллар байна/ өсөөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар “Айвенхоу Майнз”-ын зах зээлийн үнэлгээ нь 12,12 тэрбум доллар байгаа юм. Р.Фридланд компанийнхаа 14 орчим хувийг эзэмшдэг. Жагсаалтыг өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гаргасан бөгөөд тэр үед компанийнх нь хувьцаа 22 доллар байжээ.

“Айвенхоу Майнз” нь “Саутгоби Ресорсез”, “Айвенхоу Австрали”, “Altynalmas Gold”, “Айвенхоу Энержи” зэрэг нэлээд хэдэн охин компанитай бөгөөд Фридланд ихэнх охин компанийнхаа ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. “Айвенхоу Майнз”-ын гол өмч нь Монголын “Оюутолгой” төсөл бөгөөд 66 хувийг нь эзэмшдэг. Мөн Монголд Овооттолгойн нүүрсний ордыг эзэмшдэг “SouthGobi Resources”-ын хувьцааны 57 хувийг эзэмшдэг байна. Үүнээс гадна Австралийн Куйнсланд мужид “Cloncurry” зэсийн төсөл хэрэгжүүлж буй “Ivanhoe Australia” компанийн 62 хувийг, Казахстан дахь дэлхийд нөөцөөрөө томд тооцогддог алтны “Kyzyl” төслийн 50 хувийг эзэмшдэг аж. Сүүлийн үед “Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ын хувьцааны дийлэнхийг эзэмших болсон. Харин Р.Фридланд компанийнхаа 14 орчим хувийг эзэмшдэг гэсэн мэдээлэл байна.

Түүний өмнө орсон 129 хүн дотор уул уурхайн салбараас төрсөн тэрбумтан байхгүй байгаа бөгөөд Р.Фридланд уул уурхайн салбараас төрсөн АНУ-ын хамгийн баян хүн гэж болно. Бусад нь бүгд програм хангамж, үл хөдлөх хөрөнгө, сүлжээ дэлгүүр, хөрөнгө оруулалтын чиглэлийн хүмүүс байгаа юм.

Дашрамд дурдахад “Форбес 400” жагсаалтын 9, 10 , 11 дүгээр байруудад Wall-Mart-ын өв залгамжлагчид болох ах дүү Walton-ууд 20,5-21,4 тэрбумын хөрөнгөөр орсон байна. Харин Нью-Йорк хотын захирагч, Блүүмберг агентлагийн эзэн Майкл Блүүмберг 19,5 тэрбумаар 12 дугаарт, дэлхийн хамгийн залуу баячуудын нэгд тооцогдох болсон “Фейсбүүк”-ийг үндэслэгч М.Зүкерберг 17,5 тэрбумаар 14 дүгээр байрт, Dell корпорацийг үндэслэгч Michael Dell 15 тэрбумаар 18 дугаарт,  Apple-ийг үндэслэгч Steve Jobs 7 тэрбумаар 39 дүгээрт орсон бол телевизийн од Oprah Winfray 2.7 тэрбумаар 139 дүгээр байрт тус тус орсон байна.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж