BHP, Рио Тинто зэсийн уурхайгаа өргөтгөнө

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

BHP, Рио Тинто зэсийн уурхайгаа өргөтгөнө

Чилид орших Эскондида уурхайг дэлхийн хамгийн том зэсийн уурхай гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Энэ уурхайг хамтран ажиллуулдаг “Рио Тинто”, BHP хоёр компани нь уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Хөрөнгө оруулалтын 2.6 тэрбумыг BHP, 1.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто” гаргах юм байна. Тус компани уурхайн өргөтгөлийн хүрээнд өдөрт 152 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулах ажээ. Энэхүү ордын 57.5 хувийг BHP, 30 хувийг “Рио Тинто”, 12.5 хувийг Японы консорциум JECO эзэмшдэг байна.

Ордод өргөтгөл хийснээр 2015 он гэхэд Эскондидагийн зэсийн олборлолт жилдээ 1.3 сая тоннд хүрэх юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар Эскондидагийн ордоос 760 мянган тонн зэс олборложээ.

Эскондида зэс, алт, мөнгөний ил уурхай нь Чилийн Атакамагийн цөлд оршдог. 1990-ээд оны сүүлээр ордын олборлолтыг эхлүүлж байжээ. Одоо BHP өдөрт 230 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэртэйгээр ордын үйл ажиллагааг явуулж байна. Энэхүү орд нь 0.55-1.24 хувийн агуулга бүхий 3.9 тэрбум тонн хүдрийн ашигтай нөөцтэй. Нөөцийн энэхүү хэмжээ 25 хувиар нэмэгдсэн тухай BHP саяхан мэдээлжээ.

Харин Оюутолгой ордын хувьд 1.33 хувийн зэсийн агуулга бүхий 1.378 тэрбум тонн хүдрийн ашигтай нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоогоод буй бөгөөд энэхүү нөөцийн хэмжээ цаашид үлэмж хэмжээгээр өсөх боломжтой юм. Оюутолгойн таамаг нөөцийн хэмжээ одоогийн байдлаар 0.78 хувийн зэсийн агуулга бүхий 2.367 тэрбум тонн хүдрээр хэмжигдэж байгаа ажээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж