United, Continental Airlines компаниуд нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

United, Continental Airlines компаниуд нэгдэнэ

АНУ-д байрладаг “United”, “Continental Airlines” компаниуд нэгдэх гэж байгаагаа зарлалаа. Эдгээр компаниуд нэгдсэнээр дэлхийн хамгийн том иргэний нислэгийн компани байгуулагдах болно. Одоо алдагдалд орж байгаа тус компаниуд үйл ажиллагаагаа уялдуулснаар жилд нэг тэрбум хүртэл ам.долларын хэмнэлт хийх боломжтой болно гэж үзэж байна. Байгуулагдах группыг “United Airlines” гэж нэрлэхээр болно. Харин шинэ брэнд “United Airlines” гэсэн нэрийг бичихдээ “Continental”-ийн өнгийг ашиглана. Нэгдэх гэж байна гэж зарласны дараа Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр “United”, “Continental Airlines” компаниудын хувьцааны үнэ өсөөд байна. “United” компаний эцэг компани болох “UAL”-ын хувьцааны үнэ 2.37 хувь буюу 51 центээр өсч 22.11 ам.доллар болсон бол “Continental” компанийн хувьцааны үнэ 2.28 хувиар өсч 22.86 ам.доллар болоод байна. Хэдийгээр “United” компани арай илүү хүчирхэг хэдий ч “тэнцүү өрсөлдөгчид нэгдлээ” гэж тэд тайлбарлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар “United”, “Continental Airlines” компаниуд жилдээ дэлхийн 370 чиглэлд 144 сая зорчигч тээвэрлэдэг. Одоогийн байдлаар дэлхийн иргэний нисэхийн хамгийн том 10 компанид дараах компаниуд багтаж байна:

  1. American Airlines
  2. United Airlines
  3. Delta Air Lines
  4. Air France
  5. Continental Airlines
  6. Lufthansa
  7. Southwest Airlines
  8. British Airways
  9. Northwest Airlines
  10. Emirates

“United”, “Continental Airlines” компаниуд одоогоор нийтдээ 86,000 ажилчинтай. Хоёр компани нэгдсэнээр мэдээллийн технологи, нисэх онгоцны ашиглалтаас хамгийн их хэмнэлт хийх болно гэж үзэж байна. “United Airlines” компанийн эцэг компани болох “UAL” энэ оны эхний гурван сард 82 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байна гэж мэдэгдсэн. Өнгөрсөн жил эднийх 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан. “Continental” компани өнгөрсөн жил 282 сая ам.долларын алдагдал хүлээснээ мэдэгдсэн. Нэгдэж байгаа шийдвэр нь хүчин төгөлдөр болохын тулд хувьцаа эзэмшигчид нь болон өрсөлдөөнийг зохицуулах байгууллага батлах ёстой.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж