Амтат жүржийн орон-Чежү

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Амтат жүржийн орон-Чежү

Korean
air
”-ын 350 хүний
суудалтай аварга  том аэробусанд тухлан
“Солонгосын Хавай” гэж алдаршсан
үзэсгэлэнт Чежү арлыг зорихуй юү эс бодогдох билээ. Аль тэртээх 13, 14 дүгээр зууны
их Монголын эрэлхэг баатруудын морин төвөргөөн сонсдож зэр зэвсэг хангинан
дуулга, илд бамбай гялалзах нь нүднээ харагдах шиг болно. Их Монголын дайнч баатрууд  1258 онд Чежү аралд хүрч  төдөлгүй эрхэндээ оруулснаар 94 жил эзэн
суусан гэдэг.  Домогт Хубилай хаан 142000
цэрэг, 4400 хөлөг онгоцтой аварга том флотыг энд байгуулж байсан бөгөөд арван мянган Монгол
цэрэг  нум саадгаа агсан харснаа
харвадаг, харваснаа онодог эрхий мэргэн, ид хаваа гайхуулж явсан нь түүхнээ
үлдсэн ажгуу.   Тухайн үедээ дэлхийн
хамгийн том флот байгуулсан эх газрын эрэлхэг баатруудыг ялагдал, хохирол ч
тойрсонгүй. Монголын эзэнт гүрний баатрууд Чежүгээс Японы Такашима арал хүрч
чадсан ч дөрвөн мянган хөлөг онгоцоо устгуулж зуун мянган цэргээ алдсан, Мин
улсын цэргийн дайралтад  Монголчууд өртөн
3000 цэргээ хүйс тэмтрүүлсэн “Алтан гадас” уулыг хүний элэг, цусанд будагдсан
уул хэмээн түүхэнд тэмдэглэсэн бий.

Байгалийн үзэсгэлэнт Чежү арал нь дэлхийн шинэ долоон
гайхамшгийг шалгаруулахад 77 газартай
өрсөлдсөн бөгөөд гуравдугаарт ялж шалгарсан тухай интернетэд тавигдсан билээ.
  Хагас сая гаруйхан хүн амтай атлаа түүнээс арав дахин олон буюу таван
сая  гаруй жуулчинг жилдээ хүлээн авдаг
энэ гайхамшигт арлын тухай мэдэх юм ердөө л энэ байлаа.

Чихээр
сонссоноос нүдээр үзсэн нь.  Хоёр сая
жилийн  өмнө  энд тэндгүй галт уулын дэлбэрэлт болж галт чулуугаа  арлын энгээр тургин цацсаны ул мөр энд
тодхон. Хүрмэн чулуугаа жирийтэл өрөн хашаа хороо, тэр ч бүү хэл  барилга байшин барьсан нь хаа сайгүй. Энэ нь
Монголчуудын малдаа  хашаа хороо
чулуугаар барьдаг технологитой яг адил. Чежүд гурван элбэг юм бий. Тэр нь нэгд:
чулуу, хоёрт: салхи, гуравт: эмэгтэйчүүд. Хүний амьдрал чулуугаар эхэлж
чулуугаар дуусдаг гэж Чежүчүүд ярина. Чежүгийн хүрмэн чулуугаар дэлхийг
эквадороор нь гурав дахин бүслэнэ гэж тооцсон. Энд жилийн олонхи өдөр салхитай. 15 м/сек бол салхины нь ердийн хурд. Чежүд
эмэгтэйчүүд их үүрэгтэй.  Гадаадын
зарим хэвлэлд энд эхийн эрхт ёс давамгайлдаг гэж бичсэн нь бий.  Эрчүүд хоол сайн идэж, унтаж, гэрээ сайн харж
байвал болоо гэж үзнэ. Яагаад ийм
уламжлал тогтож вэ гэхээр түүхнээсээ эрчүүд аян дайнд яваад, эсвэл загасчлаад
эргэж ирэлгүй үрэгдэх нь дэндүү их байж. Бүр 85 хувь нь эргэж ирдэггүй байснаас
эмэгтэйчүүд манайхны хэлээр “Гэрт орж эм болж гадаа гарч эр” болсоор олон
зууныг элээсэн бололтой. Тэгээд ч цөөн
хэдэн эрчүүдээ “Эрхлүүлсээр” ийм уламжлал тогтож. Одоо ч гэсэн Чежүд таван
эмэгтэй тутам арай чүү дөрвөн эрэгтэй ногддог гэхээр хүн ам зүйн  бэрхшээл байсаар л…  

Дээр үед хүн ам зүйн энэ хүндрэл нь эрэгтэй
хүнийг дээдлэх, шүтэх, хүсэмжлэхэд хүргэж тэр нь үндэсний ёс заншил  болон хэвшжээ.

Наанадаж хэдэн мянган жилийн өмнөөс ийм
ёс тогтож эрэгтэй бэлэг эрхтнийг дээдлэн хүрмэн чулуугаар урлан залдаг байж.
Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд  үр хүүхэдтэй
болох мөрөөдлийн илэрхийлэл байж. Соёл иргэншил нэвтрэхийн хэрээр энэ ёс
боловсронгуй болж  бэлэг эрхтний оронд
чулуун өвгөн хийж айл бүхэн шүтдэг болжээ.
Айл бүр ийнхүү үүдэндээ залдаг чулуун өвгөнөө “Харубан өвөө” гэж
нэрлэдэг. Таван зуун жилийн өмнөх Харубан өвөө одоо Чежүд 12-хон үлдээд байгаа
аж. Харин одоо орчин үеийн технологиор урласан Харубан өвөө  айл бүрийн, албан байгууллага бүрийн үүдэнд
байх аж. Харубан өвөөгийн хамрыг илсэн эмэгтэй хүүхэдтэй болдог, гэдсийг илсэн
эрчүүд баян болно гэж дээдлэдэг юм
байна. Чежүгийн бренд бэлэг дурсгал нь энэхүү харубан өвөө болжээ. Чежүд гурван зүйл байхгүй гэлцэнэ.
Тэр нь нэгд: гуйлгачин, хоёрт: хулгай, гуравт цоож. Энэ нь дээр өгүүлсэн
“Гурван элбэг” шиг одоо үеийн “Гурван байхгүй” бололтой. 

Энд
сонирхол татсан бас нэг зүйл нь Хэнё буюу далайн эмэгтэйчүүд юм. Хэнё гэдэг нь
акваланг буюу хүчил төрөгчөөр хангах төхөөрөмжгүйгээр далайд шумбан
далайн амьтан, ургамал түүн зориулалтын сагсан торондоо үүрэн  гарч ирдэг эмэгтэйчүүд. Хэнёчүүд зөвхөн Чежүд
л үлджээ гэхэд болно. Хорь дахь зууны
гучаад онд энэ арлын эмэгтэйчүүдийн арван хувь буюу арван мянга байснаа жараад
онд 23 мянгад хүрсэн  хэнё нар одоо таван
мянгаас хэтрэхээ больжээ. Хэнё нар далайд шумбахын өмнө олз омогтой, буян хишигтэй байхыг бэлгэдэн аялгуулан дуулж
бүжиглэн ёслол үйлдэх юм. Ус үл нэвтрэх хар хувцсаа өмсч далайн амьтадын
сонирхол татах шилэн толио толгойдоо зүүсэн хэнё нар ийнхүү 1700 жилийн
тэртээгээс далайд шумбан хоол хүнс, эрдэнэс түүсээр иржээ. Сард одоо нэг хэнё 3000-4000, заримдаа
4000-5000 доллорын орлоготой ажиллана.
Ер нь дунджаар нэг хэнё сард арван сая воны орлоготой гээд ойлгоход
болно. Хэнё нарын далайгаас түүсэн наймаалж,
дун, хясаа… гээд үй түмэн амьтад, хүнсний өвс ургамалыг  өндөр үнээр худалдан авах зээл элбэг. Өндөр
зэрэглэлийн хоолны газар, янз бүрийн фирм орчин үеийн шумбагч  хөлөг, төхөөрөмжтэй хүмүүсийн түүснээс
хавьгүй  өндөр үнэ хүргэн хэнё нараас
авна. Одоо хэнё нарын дундаж нас 50-65 бөгөөд 70-80 хүрсэн эмээ ч далайдаа
шумбасаар амьтан ургамалаа түүсээр явааг энд харж болно. Далайд өдөртөө хэдэн
арав дахин шумбаж өдрийн талыг усан дотор өнгөрүүлдэг энэ эмэгтэйчүүдийн энэ
зан үйлийг жуулчид их сонирхох юм.

Чежү
ба Монгол. ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Чежүгийн 1845,55 ам
км нутаг дээр одоо  565 мянган хүн аж
төрж байна. Солонгосын онцгой өөртөө
засах муж-Чежүд  дэлхийн аль ч өнцөг
булангаас аялан жуулчлаж ирсэн  хэн
боловч ямар нэгэн визгүй нэвтэрнэ. Монголчуудын тухайд “Харлаад” үлдчих юм биш
биз гэсэн хардлага байгаа нь биднийг хилээр нэвтрүүлэхэд тод мэдрэгдсэн.
Аялалын ахлагч, хөтөч нараас бичгээр баталгаа гаргуулж, урьд нь Солонгосын
визэнд ороод бүтээгүй заримыг нэлээд хугацаагаар хоргоон шалгаж нягтална
лээ. Монголчуудаас овсгоотой зарим нь
энд жуулчлалаар визгүй ирчихээд загасчдын хөлөг онгоцонд суугаад Солонгосын эх
газар луу “Туулайчилсан” удаа бий бололтой.
Эрт нэгэн цагт цөллөгийн газар
байсан энэ арал Монголын  эзэмшилд  зуугаад жил болсны хувьд манай түүхэнд
холбогдох баримт сэлт олонтой. 1271 онд
Монголчуудын эсрэг Самбёльчхо бослого
энд гарсан ч хоёр жилийн дараа дарагдсан байна. Чежү 1360-аад оны дундуур Монголчуудаас
чөлөөлөгдсөнөөр одоогийн Солонгосын нэг нэсэг болсон түүхтэй. 1973 онд Хубилай
хааны усан онгоцны буудал, Тогоонтөмөр хааны Сүнжээ хатны бариулсан сүмийн туурь үлдсэнээс гадна уул, усаа тахин тайлга тахилга үйлддэг зан үйл, бурхны шашин
шүтдэг, Бүддийн сүм хийд олонтой, чулуугаар хашаа хороо барьдаг, аргал түүн
түлдэг зан үйл, гурав, есийн тоог бэлгэддэг, “Ертөнцийн гурав” шиг хэлц үг  тархсан, 
солонгос хэлний Чежү аялга, тэдний үгэнд сунжран танигдахаа бараг
больсон олон монгол үг, монгол үүлдрийн адуу гээд ”Манай” гэж уулга алдам зүйл
олон тааралдах юм. Чежүд хүүхдүүд  хөх
толботой төрдөг нь монголчуудтай нэг угсаа гарвалтайн хамгийн том нотолгоо
гэнэ.  Монгол адуугаа “Зура “ гэдэг нь
“Жороо” гэсэн үгнээс үүсэлтэй аж.  Зура
морь нь 110 см орчим өндөртэй, 200-гаад кг жинтэй, давжаадуу. Гэхдээ пони
адууны дэргэд бол сүрлэг, өндөр харагдана. Зура адууны ясаар кальцийн бэлдмэл үйлдвэрийн
аргаар гаргадаг нь ясны сийрэгжилтийг
сааруулах, кальцийн дутагдлыг нөхөх
өндөр үнэтэй хүнсний хэмэлт бүтээгдэхүүн болжээ. Товирхон шар будааны
хэртэй үрлэн бэлдмэл өдөр бүр 15 ширхэгээр зургаан сар хэрэглэхэд бүх насныхаа
кальцийн хэрэглээг нөхнө гэж эндхийн эрдэмтэд тооцоолсон байна. Тэгэхлээр
манайд ч адууныхаа ясаар ийм бэлдмэл гаргахад эмч нар, эрдэмтэд ажиллаж болох
нь ээ гэж бодогдов. Тэнд мөн манай Дарьганга нутагт жил бүрийн намар болдог шиг
шувуудын чуулган нь жуулчдын сонирхол татах нэг сонин үзэгдэл. Дарьганга нутагт
чуулсан шувууд дулаан орныг зорин очоод Чежүд чуулан тал тал тийш тардаг байж ч
мэднэ.

Арван
гурав, дөрөвдүгээр зууны Монгол цэргийн морин туурай тачигнаж байсан энэ
газар  өнөөдөр моринд гарамгай Монгол
залуус “Чингисийн догшин хар сүлд” 
циркчилсэн шоу тоглолтоор Чежүчүүд болон далайн чанадаас ирсэн жуулчдын
сэтгэлийг байлдан дагуулж байгааг харахад бахтай.        

Солонгосын үзэсгэлэнт Чежү арлыг зорьсон  жуулчид, ялангуяа Монголчууд “Чингисийн
догшин хар сүлд” морин циркчилсэн шоуг үзэхгүй буцна гэж бараг үгүй.  Дөрвөн мянган хүний суудалтай асар том
цэнгэлдэх хүрээлэнгийн бүх сандал дороосоо цахилгаанаар халдаг, үзэгч бүр
зориулалтын хөнжлөөр дулаалан тухална. 
Хиймэл уул толгод, асар том аркан хаалга бүхий тайзууд, тоглолтын их
талбай бүхий энэ цэнгэлдэх хүрээлэнд Монгол уран зураг, монгол зан үйл аж
байдлын үзмэр баялаг юм билээ. Энэ цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг гэхэд солонгос
эзэн нь 22 сая доллороор худалдан авсан гээд боддоо.

Тоглолтод
50-60 морьтон залуус оролцох бөгөөд
Чингис хаан, Жамух хоёрын бага, идэр насны амьдрал, Зээрэн хавцлын
тулааныг харуулсан циркчилсэн тоглолт нэг цаг дөчин минут үргэлжилнэ. 
Шоунд
монгол, тоомсог, пони… гээд янз бүрийн үүлдрийн морьд оролцох бөгөөд
гайхамшигтай сургуулилсан, үйл хөдлөл бүр нь хүний дохио, зангаагаар хийгдэж
байгаа нь гайхмаар. Хэвтэхдээ хэвтэнэ, худлаагаасаа “Үхэж” бас чадна. Хүний
хэлээр ярихаас бусдыг чадаж байна лээ, тэр олон морьд. Тоглолтын гол дүрд
циркийн монгол жүжигчид, бусад дүрд моринд гарамгай Монгол  охид, хөвгүүд тоглож байна. Тоглолтын бүх
хөгжим, аялгуу монгол, мөн уртын дуу, морин хуурын тоглолт ч  бий. Анх Морин циркийн захирал, “Хан Монгол”
морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүү газар дээр нь тоглолтыг найруулан тавьсан
байна.

Өдөрт
гурван удаа тоглодог энэ шоу үзэгчдээр байнга дүүрэн байдаг аж. Монгол
залуучууд моринд гарамгай ид хаваа тэнд ёстой гайхуулах шиг болж байна. Хар
хурдаараа давхиж байгаа морин дээр дөрөв таваараа давхарлан овоолго, циркийн
үзүүлбэр үзүүлэх, газраас алчуур шүүрэх зэрэг морьтны гайхамшиг харуулсан
үзүүлбэр ч олон байна. Хамгийн
сүүлд Морин тэргэн дээр байрлуулсан
монгол гэрээс Чингис хаан сайхан шарга морьтой гарч ирж , морьтон баатрууд
хүрээлэн авч байгаа нь эх орноосоо хол яваа Монгол хүн бүрд  омогшил төрүүлэх төдийгүй гадны жуулчдын ч
сэтгэлийг хөдөлгөж байна лээ. Тоглолтын дараа жүжигчидтэй Монголчууд зургаа
татуулах ч чөлөөтэй юм.  Харь оронд
Солонгос ноён дэлхийн хамгийн том морин шоуг 
монгол залуучуудын авьяас чадвараар ийнхүү зохион байгуулан мөнгө олж
байхад  морьтон Монголчууд бидэнд эх
орондоо ийм морин шоуг ямраар ч гэлээ хийж болох нь дээ гэсэн  бодол төрснөө нуух юун.

Чежү
шинэ долоон гайхамшгийн нэг. Чежүгийн үзэсгэлэн төгөлдөр байгалийн нэг чимэг нь
 далайн түвшнээс дээш 1950 метр өргөгдсөн
Халла уул юм. Юнеско энэ уулыг 2002 онд бүртгэн авсан. Оргил өөд өгсөх 500 орчим дөт замтай.
Ойролцоогоор хоёр сая жилийн өмнө сүүлийн дэлбэрэлт болсон энэ сөнөсөн галт
уулын оройн тогоонд “Цагаан барын ус” хэмээх нуур цэлэлзэж байх бөлгөө. Энэ
уулын 59 онцгой ургамлын 33 нь 1700 метрээс дээш өндөрлөгт ургадаг. 

Тогоонтөмөр хааны үед зохиогдсон одон зурхайд
Халла уулыг  “Энергийн их төв” гэж
тэмдэглэсэн бий.  Эрчим хүчний их урсгал
Халла ууланд хуримтлагдсан гэж үздэг. 
Хэдэн зуун хөлөг онгоцоо үйлдвэрлэх гэж Хубилай хаан  эх газраас өдөр шөнөгүй мод зөөж байсан ч
амар хялбарыг бодон хажуу дахь Халла уулнаас  нэг ч мод огтлоогүйг нь одоо ч Чежүчүүд дурсах
дуртай юм. Халла гэдэг нэрийг Хараа гэдэг монгол үг сунжирсан гэж үздэг. Чежүгийн
аль ч булангаас үүл мананд ороогдон сүрлэг сайхан харагдах энэ уул нээрэн  эрт нэгэн цагт Хараа нэртэй байсныг үгүйсгэх
аргагүй. Үзэсгэлэнт Халла уулнаа Хонг Жон Бом гэдэг хүн зэргаан жил даяанчлан
суусан, нэг ёсондоо  манайхаар бол Догшин
ноён хутагт Данзанравжаа шиг билэг танхай Солонгос лам байсан бололтой.
Чежүгийн газар бүхэн домогтой. Сангбанг гэж жижиг уул нь нэгэн цагт Халла уулын
орой байгаад тасарч энд байрласан гэнэ. Сангбанг уулын бэлийг хэмжихэд Халла
уулын оройн тогооны амсрын тойрогтой нэг метр ч зөрөхгүй таардаг нь ийм домог
үүсэх нэг сэдэл болжээ. Чежүгийн өнгө үзэмж, нүүр царай, нэрийн хуудас нь энэ
сүр жавхлант Халла уул ажгуу.

Далай
руу түрж сүндэрлэх хад асгат “
Sunrise
peak
” буюу Мандах нарны оргил, үнэмших аргагүй сонин
үзэгдэл харуулах “
Mysterious Poad” буюу  Чөтгөрийн зам, “Vongmori Hyean” буюу Лууны
толгой зэрэг сонин тогтоц бүхий байгаль энд бий.  Лавтайяа 15 градусын өнцөг үүсгэх өөд
тавигдсан засмал замаар мотороо унтраасан машин өөрөө өнхрөн өгсөнө. Зам дээр
ус асгачихад алгуурхан өгсөж урсана. Ундааны бөөрөнхий сав тавьчихад мөн л
өөдөө өнхрөнө.  Чөтгөрийн зам ердөө тавин
метр үргэлжилнэ.  Энэ замын хажуу дахь
хаадын булштай холбож зарим нь тайлбарлаж байхад нөгөө хэсэг нь соронзон орны
үйлчлэл гэж таамаглана. Ямартай ч өнөө нэр ухаант хүн төрөлхтөн нууцыг
тайлаагүй  “Бермудын гурвалжин” энд байх
шигээ.  Тиймээс шидэт зам, чөтгөрийн зам
гэж нэрлэн Чежүчүүд энэхэн газрыг нэгэн сонирхолтой үзмэр болгож чаджээ.

Мандах нарны оргил хичнээн сүрлэг өндөр ч  хүрмэн чулууг тоосго шиг зүсч өрсөн толигор
чулуун замаар өгсөж оргилд хүрнэ. Тэндээс далай дээр нар хэрхэн мандахыг харж
далайн мандалд яваа зуу зуун хөлөг онгоцыг тэнд хаа сайгүй суурилуулсан
хүчирхэг таталттай аварга том дуран авайгаар тольдон харна. Энд гарсан хүний
ирээдүйн амьдрал саадгүй, шулуун дардан байдаг гэсэн домогтой. Энэ оргилд
гарсан хүн мандах наранд, мөн энэ оргилд хүслээ шивнэвээс бүтнэ гэдэг нь монгол
зан үйлтэй ав адилхан. Чежү
байгалийн үзэсгэлэнгээс гадна амтат жүржээрээ алдартай.  Ямар нэг яс хонгорцог, үрэлгүй, амтлаг,
өсгөлүүн мандорин эндхийн нэг нэрийн хуудас. Аль эрт арван нэгдүгээр сард хураачихдаг  жүрж дараа оны хоёрдугаар сард замын
хажуугийн модонд улаан шаргал өнгөөр алаглан арааны шүлс гаргана. Тэр ч бүү хэл
айлын гадаа төмс хураасан шиг овоолоод орхисон харагдана. Учрыг асуувал хурааж
хүч хүрэхгүйгээ  ингээд орхичихдог
гэнэ.  Эндхийн жүрж Орос, Канад, Хятад,
Хонг Конгод экспортлогддог. Харин 2003 оноос хойш гадагш экспортлоогүй байгаад
өнгөрсөн оноос Монгол руу мандоринаа экспортлож эхэлжээ. Чежүгийн тариаланчдын “Нюнгхёб” холбооны
санаачилгаар өнгөрсөн оны 11 дүгээр сард анхны 22 тонн мандорин Монгол руу
ачигдсанаар  Монголчууд Чежү жүрж
амталсан байна.  Солонгосын Хавай
гэгдсэн үзэсгэлэн төгөлдөр байгальтай, амтат жүржийн орон Чежү  арал газрын хол, усны уртад орших ч гэлээ
сэтгэлд ойрхон.

Сэтгүүлч
С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж