Сүхбаатар аймгийн хувьд 2011 онд нийт 537 өрх 252,4 сая төгрөгийн ноосны урамшууллыг авчээ. Үүнд, Мөнххаан сумын 195 өрх 78,7 сая төгрөгийн, Халзан сумын 95 өрх 47,7 сая төгрөгийн ноосны урамшуулал авч, аймагтаа тэргүүлсэн бол Наран, Түмэнцогт, Уулбаян, Эрдэнэцагаан зэрэг сумдаас нэг ч өрх ноосны урамшууллыг хүртэж чадаагүй байна. Энэ нь улсын баяр наадмын өмнөхөн гарсан уг тогтоолын талаар мэдээллийг нийслэлээс аймагт, аймгаас суманд хүргэх гэсээр нэлээд хугацаа алдаж, оройтсонтой холбоотой гэж аймгийн ХХААЖДҮГ-ын дарга Т.Ган-очир тайлбарлаж байлаа.
Малчид ноосоо ченжээр дамжуулалгүйгээр "Монгол шийп вүүл нэгдэл" буюу “Монгол ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-д нэгдсэн 70 гаруй үндэсний компанид тушаахдаа падаанаар баталгаажуулах шаардлагатай бөгөөд энэ нь хүлээн авсан компанийн падаантай нийлж байх учиртай. Тушаагч болон хүлээн авагчийн баримт нийлээгүйн улмаас урамшууллаа авч чадахгүй тохиолдол нэлээд гарч байгааг малчид маань анхаарах хэрэгтэй.
Ноосны урамшууллыг 2013 оноос эхлэн зөвхөн хоршоололд олгох юм байна.