Итгэлээр тоглодог эрхэм гишүүд ичиг

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Итгэлээр тоглодог эрхэм гишүүд ичиг

Улс төрийн намууд дөрвөн жилийн өмнө сонгогчдод нэг их мөнгө амлаж сайхан загнаж билээ. Гэнэндүү итгэмтгий айлуудыг шилж, МАН буюу тэр цагийн МАХН-ынхан 1,5 сая төгрөгийн “Батламж” гэдгийг тарааж бялууртал нь баярлуулсан юм. Мөнгөний сургаар зарим нь бараг найрласан байх шүү. Малчид ХААН банкинд баахан өр тавьж зээл авч машин унаа болгоод л. Дөрвөн жилийн өмнө бүтэн хагас  сая төгрөг гэдэг их мөнгө байлаа. Ам бүл олонтой айлд бол асар их баялаг байсан юм. АН-ынхан сонгуульд орохдоо иргэддээ уул уурхайн баялгаас нэг сая төгрөгийн эрдэнийн хувь ногдуулж хувьцаа тараана гэснийг МАН-ынхан давж гарах гэсэндээ хүн бүрт толгой дараалан 1,5 сая төгрөг бэлнээр өгч гялайлгана гээд байсан, өнөөдөр түүний гуравны нэг нь зүүд болоод замхрах замдаа орчихлоо.

Хамтарсан засгийн үед эх орны хишгээ ч өгөөд, эрдэнийн хувиа ч тараана гэсэн нь одоо зүгээр л нэг хагас еэвэнгийн хоёр тал болж хоцров. Уг нь эх орны хишгээ Хүний хөгжлийн сангийн мөнгөөр олгож, эрдэнийн хувиа Тавантолгойн хувьцаагаар тараана гэсэн юм шүү дээ. Хүний хөгжлийн мөнгийг 70 мянга, 50 мянгаар хоёр удаа өгөөд 21 мянгаар сар болгон түгээж буй. Харин “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” гэсэн нэртэй 39 дүгээр тогтоолыг УИХ-аар 2010 оны долдугаар сард баталсан юм.  Уг тогтоолд юу гэснийг үг үсгээр нь сэргээж үзье.

“Тавантолгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртлэх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гээд а/ Монгол Улсын нийт иргэдэд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх, б/ Хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах, в/ Хувьцааны 30 хүртлэх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татна гэжээ. Тогтоолд Тавантолгойн хувьцааг Хүний хөгжлийн мөнгөтэй дүйцүүлж, нэгийг нөгөөгөөр орлуулах тухай огт дурдаагүй юм.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь нар, мөн Д.Одбаяр нар иргэдэд үнэгүй хүртээх Тавантолгойн хувьцааны 10 хувийг 20 болгон нэмэгдүүлж, 1072 хувьцааг иргэн бүрт олгох тогтоолын төсөл санаачилсан нь харин өнөөдөр төрөл арилжиж урвуугаар эргэчихээд явж байна. Гишүүд уг нь эх орны байгалийн баялгаас иргэдэд ахиухан ногдуулъя гэсэндээ тийм төсөл санаачилснаас биш Хүний хөгжлийн мөнгөний цоорхойг нөхөх нөхөөс бэлтгээгүй. Аж ахуйн нэгжтэй хүмүүс жирийн иргэдээс хамаагүй илүү ашиг хувьцаанаас олох гээд байсан учраас гишүүд иргэдэд ногдох хэсгийг арвижуулах гэсэн хэрэг.

Гэтэл мөнөөх тогтоолын төсөл өөр гараар орж, иргэдэд ногдох хувьцааг нэмэгдүүлэх гэсэн биш хүний хөгжлийн мөнгөний дутсан хэсгийн нөхөөс болгожээ. Нэг сая төгрөгөө авч сургалтын төлбөрөө хийсэн оюутнууд, нэг сая төгрөг бэлнээр авах “болзол” хангасан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнөөх Тавантолгойн хувьцаа падгүй хэрэг болж хувирав. Хэрэв хувьцаатай болох гэвэл нэг сая төгрөгөөсөө татгалзах хэрэгтэй гэнэ. Оюутнууд ирээдүйгээ бодож хувьцаатай болох гэвэл хоёроос зургадугаар сарын 21 мянган төгрөгөөсөө татгалзаж хувьцаа болгож болох гэнэ. Ёстой цонхны цаанаас чихэр долоолгоно гэдэг энэ байгаа даа. 

“Та бүхний хувьцаа дансанд байршчихсан” гэсэн реклам худлаа болж таарлаа. Бэлэн мөнгө авах эсэхээс шалтгаалж түүнийг хуваарилах юм байна. Бас тэгээд болоогүй, хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй хэрнээ 1072 хувьцааг нийлээд нэг сая төгрөг гээд үнэлчихэж. Бэлнээр нэг сая төгрөг аваарай гээд байсан хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо байчихаад талыг нь мөнгөөр аваад талд нь хувьцаа авахгүй юу даа гэсэн сурталчилгаа хийгээд эхэллээ. Алсаа бодвол хувьцаа, өнөөдрөө бодвол мөнгө гэсэн хатуу тулгалт дунд өвгөд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хавчуулагдлаа. Сонгогчдын зарим нь энэ талаар хатуу үг хэлж эхлэв. “Оюутнууд хичээл нь тарж гэртээ хариад сонгуульд оролцохгүй. Хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүний данснаас хасч байгаа юм байна. Ингээд сонгогчдоо сортлоод эхэллээ” гэсэн сэтгэгдлүүд сайтуудаар гарч байна.

Уг нь сонгуулийн жилд улстөрчид, намууд хачин уяхан наалинхай болдог. Харин энэ удаа эдийн засаг дааж давшгүй амлалтаа хэрэгжүүлж чадахгүй болохоороо хоёр еэвэн өгөх байснаа тал тал болгон хазаад, хоёр хугас еэвэнгээ нийлүүлж бариад сонгогчдоо элэг бариад эхэллээ. Тэгээд бүр 2031 оны стратеги төлөвлөгөө гэгчээр уяруулах арга саам хайж эхлэв. Дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлд үнэгүй байр олгоно ч гэх шиг. Молигодно молигодно гэхэд арай хэтэрлээ. Сонгогчдын итгэлээр тоглодог эрхэм гишүүд ичиг. Харин таарах хариуг нь сонгогчид хэдхэн сарын дараа барих л байх даа.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж