Ирэх хавар болох УИХ-ын сонгуулийг автомат санал тоолох машинаар тоолохоор болсон. Америкийн нэгдсэн улсын “Dominion Voting System” компаниас одоогоор нийлүүлсэн таван машинд санал тоолох программчлалын ажлыг боловсруулж байгаа. Нэг бүр нь 3200 ам.долларын үнэтэй 2500 ширхэг машин худалдаж авахаар болсон. Хэрэв Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулбал машины тоо өсөх магадлалтай. УИХ-ын санал тоолох машинуудыг тавдугаар сарын 15 хүртэл нийлүүлэхээр Америкийн компанитай гэрээ хийсэн гэх тайлбарийг СЕХ-оос өгч буй. Тэгвэл өчигдөрийн хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор санал тоолох автомат машиныг оруулж ирэхэд Гаалийн татвар болон Нэмэгдсэн өртгийн татварын 3.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг чөлөөлөх хүсэлтийг гаргасан. Учир нь анх гэрээ хийхдээ Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварыг захиалагч тал төлөх шийдвэр гарсан аж. Энэ асуудлыг гишүүд дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон бөгөөд татвараа чөлөөлж чадвал энэ мөнгөөр багагүй хэмжээний санал тоолох машин ч худалдаж авах боложмтой гэлээ.
Ардчилсан намын хувьд Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах боломжтой гэж үзэж байгаа бол МАН-ынхан нэг өдөр явуулахад хүндрэл учирна гэсэн тайлбарыг өгөөд байсан ч Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай нэг өдөр болох нь бараг л тодорхой болоод байгаа билээ. СЕХ-ын дарга Н.Лувсанжав хэлэхдээ “УИХ-ын сонгуулийг автоматжуулахаар амархан гэж ойлгоод байх шиг байна. Хэрэв орон нутгийн сонгуулийг автомат машинаар явуулна гэвэл зохион байгуулалт нь тодорхой байх ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд сонгуулийн төв байгууллага УИХ-ын сонгуулийг зохион байгуулдаг харин орон нутгийн сонгуулийн тухай хуулльд орон нутгийн сонгуулийн хороод байгуулагдаж хуулийнхаа хүрээнд сонгуулиа зохион байгуулна гэж заасан байдаг. Энэ хоёр сонгуулийн хооронд зөрүүтэй олон заалтууд байдагийг нэгтгэх шаардлагатай болно.
Бидний болгоомжилж байгаа зүлй бол саналын хуудасны хувилбар. Нэр дэвшигчдийн нэрс гарсны дараа богино хугацаанд саналын хуудсыг хэвлүүлдэг. 26 хуудас төрдийн саналын хуудас бий. Энэ олон хуудсыг богино хугацаанд ялгавартайгаар хэлэх хэрэгтэй болох юм. Үүний цаана аймаг, сум дүүргийн саналын хуудас хэвлэн гэвэл нийтдээ 300-400 төрлийн саналын хуудас хэвлэж, ялгавартайгаар санал тоолох машинд программчлах гээд зохион байгуулалтын олон ажил гарч ирнэ. Цаг хугацаандаа амжих эсэхэд болгоомжилж байна. Эцсийн дүнд асуудлыг СЕХ биш УИХ шийдэх учиртай” гэлээ. Хэрэв УИХ-ын чуулганаар хэлэлцэж хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулахаар болбол СЕХ санал тоолон машиныхаа тоог нэмэгдүүлэх шаардлага гарч ирнэ гэлээ.
Сонгуулийн санал авах хэсэг нь 1800 орчим. Хүн ам ихтэй хороонд хоёр болон түүнээс дээш машин суурьлуулахаар тооцоолж, одоогоор 2500 орчим санал тоолох машин захиалсан байгаа аж. Хэсгийн тоо хэд болох , хэсэгт оногдох сонгогчдын тоог харгалзаж санал тоолох автомашиныг зайлшгүй нэмэх шаардлага байна уу гэдгийг тодорхойлсны дараа санал тоолох машины тоог тогтоох юм байна.
Санал тоолох машиныг сонгоход шүүмжлэлүүд багагүй гарч байсан ч энэ удаад санал тоолох машиныг турших боломж байхгүй гэдгийг СЕХ-оос өгч байгаа. Хууль зүйн сайд Ц.Нямдорж сонгуулиас өмнө нэг дүүрэгт турших, сонгуулиас өмнө ямар нэг байдлаар турших ёстой гэж байсан. Уг нь бол автомат сонгуулийг туршилтгүйгээр сонгууль явуулж болохгүй хуультай. Тэгэхээр хоёр сонгуулийг нийлүүлээд явуулахад автомат машиныг туршиж байж шийдэхээр төлөвлөж байсан билээ. Гэтэл турших программыг боловсруулахын тулд нэг сараас сар хагасын хугацаа шаардлагатай байгаа гэж нийлүүлэгч тал мэдэгдээд байгаа юм байна. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа бөгөөд санал тоолох машиныг туршихад багагүй хүндрэл авчирна гэдгийг СЕХ-ны дарга хэлсэн. Тиймээс турших хугацаа, сонгууль болох хугацааг тооцоод үзсэн ч автомат машинаар УИХ-ын сонгууль өөрөө туршилт болж мэдэх нь. Ямартай ч энэ асуудлыг УИХ-ын чуулганаар шийдвэрлэх учиртай. Санал тоолох машиныг туршихад горьдолтгүй болж байгаа бололтой. Харин сонгууль өөрөө туршилт болж, санал тоолох машин төгс төгөлдөр гэж итгэх найдвар үлдээсэнгүй.