Бурхан багшийн шүтээнийг заллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Бурхан багшийн шүтээнийг заллаа

Бурхан багшийн эрдэнийн шарил буюу бурхан багшийн соёо манай улсад хадгалагдаж ирснийг эрдэмтэд тогтоон, амьд шүтээн болгохоор Богд хааны ордон музейд заллаа. Болор суварганд хадгалсан бурхан багшийн эрдэнийн шарилыг танилцуулах ёслол өчигдөр Богд хааны ордон музейд болсон юм. Энэхүү ёслолд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав, Бурханч лам Г.Пүрэвбат болон БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, бурхан багшийн шүтээнийг судалсан ШУА-ийн судлаач, эрдэмтэд оролцлоо.

Энэхүү бурхан шашны нандин шүтээнийг хамгаалах ажлыг академич Б.Ширэндэв, Х. Пэрлээ тэргүүтэй эрдэмтэд нууцлан хадгалсаар ийнхүү хойч үедээ үлдээжээ. Энэхүү соёог бурхан багшийнх эргэлзээгүй мөн болохыг Ажаа Ринбүчи, Дээрхийн гэгээн Далай лам батлан, өнгөрсөн оноос эхлэн Энэтхэг, Япон улсын бурхны шашны зүтгэлтнүүд ирж мөргөжээ.

Богд хааны ордон музейд залаад буй шүтээнийг Энэтхэг хэлээр ”Ратна шарира” буюу ”Эрдэнийн шарил” хэмээн нэрлэдэг гэнэ. Үүнээс үүдэн Эрдэнэзуу хэмээх нэр гарсан гэж зарим судлаачид үздэг байна.

Халхын автай Сайн хан 1585 онд III далай лам Содномжамцтай уулзаж, Монголд бурхны шашин дэлгэрүүлэх хүсэл зорилгоо илэрхийлжээ. Тухайн үед Дээрхийн гэгээн “галд үл шатсан” буюу “Эрхий хурууны чинээ эндүү үгүй Бурхан багшийн эрдэнийн шарилыг өгсөн” тухай баримт эртний судар  Монголын үндэсний номын сан, ОХУ-ын Петербургийн номын сан, Өвөрмонголын номын сангууд болон судар номоо хайрлан хамгаалдаг эгэл  жирийн малчин ардын гэрт өнөө хүртэл хадгалагддаг аж.  Дээрхийн гэгээний “галд үл шатсан” буюу “Эрхий хурууны чинээ эндүү үгүй Бурхан багшийн эрдэнийн шарилыг өгсөн”-ийг батлах нэгэн судар Хөвсгөл аймгийн малчин О.Бадмаадоржид хадгалагддаг байна. Тэрбээр ааваасаа өвлөн авчээ. Түүний аав Хамба гэгээн Жамбалдоржийн бараа бологч буюу гавж цолтой хүн байсан бөгөөд Далай вангийн хошууны Хамрын хийдэд шавилан суудаг байжээ.

Харин Бурхан багшийн эрдэнийг шарилыг Түшээт хан аймгийнхан удам дамжуулан хадгалж иржээ. Энэхүү эрдэнийн шарилыг өвөг дээдсээ маш ихээр нууцлан ирсэн бөгөөд “Нуу, нууцал, хүнд бүү үзүүл” хэмээн хойч үедээ сургамжлан өвлүүлдэг байсан талаар ШУА-ийн Хэл шинжлэлийн ухааны академийн Түвд судлаач эрдэмтэн Г.Ням-Очир ярилаа. Ийнхүү нууцалж явсаар 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн он жилүүдтэй золгожээ. Хэлмэгдүүлэлтийн үед бурхан шашны олон судар бичиг үгүй болсон аж. Тухайн үед Богд хааны ордон Монголын түүхийн музей байсан бөгөөд музейд хадгалагддаг бурхан шашны хосгүй бүтээлүүд хэвээр үлджээ.

1935 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан П.Гэндэн ЗХУ-ын кино зураглаачдыг Монголдоо урин, Эрдэнэзуу хийдийн цам харайх ёслолыг хальснаа буулган хадгалжээ. Үүний  дараахан Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Өлзий-Очирын цохолттой нэгэн захидлыг тухай үеийн ШУ-ны хүрээлэнгийн захирал Л.Дэндэвт хүргүүлжээ. Мөн бурхан багшийн нандин шүтээнийг хадгалах, судлах ажлыг даалгасан байна.  Ийнхүү Богд хааны музейд Бурхан багшийн эрдэнийн шарил чандлан нууцлагдсаар иржээ.

ШУА-ийн мэдэлд байдаг энэхүү шүтээнийг БСШУЯ болон түүний харъяа байгууллага болох ШУА, Богд хааны ордон музей судалгааны ажлын хэсэг байгуулж, түүхийн болон төвд судлалын үүднээс судалгаа хийж байна.

Одоогоор манай судлаачид БНХАУ-ын номын сангуудад хадгалагдаж байгаа ном судруудын дотроос баримт мэдээ цуглуулж байгаа аж. Бурхан багшийн шүтээн манай­хаас гадна цөөн хэдэн улсад нан­диг­нан хадгалагдсаар иржээ. Жишээлбэл, манай урд хөрш БНХАУ-ын Бээжин хотод “Buddha Relic”  буюу бурхан багшийн шүд, Нанжинд бурхан багшийн гавлын яс, Си Ан хотод дунд хурууны үе нь байдаг гэнэ. Дээрх хотуудад бурхны шашинт олон сая иргэн мөргөл үйлдэхээр ирдэг бөгөөд аялал жуулчлалын салбарт гайхамшигтай амжилт олж байна. Харин бурхан багшийн эрдэнийн шарилыг бүх монголчуудын хувьтай шүтээн болгон залж, хадгалалт, хамгаалалт, судалгааны ажлыг өргөжүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлэх гэнэ.

Мөн Эрдэнийн шарилыг бүх монголчуудын шүтээн болгон, бурхны шашны томоохон сүм хийдүүдэд залж, цагаан сарын их хурал номын үеэр сүсэгтэн олныг мөргөх боломжоор хангах юм.

Ёслолын үеэр Бурханч лам Г.Пүрэвбат:

-Сэтгэлийн эрхэм болгоныг олсон хүний чандар ихээхэн онцгой зүйлийг үлдээдэг. Бурхан багш нирваан дүрийг үзүүлсний дараа  түүний шарилаас олон шавь нарт нь хуваан тараасан. Бурхан багшийн шарилыг шүтвэл бурхныг бодитой шүтсэнтэй адил. Ингээд бурхан багшийн шарилд зориулсан маш олон суврага боссон хэрэг. Бурхан багшийн шарил үржин дэлгэрдэг жамтай. Ганцхан бурхан багшийн чандраас ч бус томоохон архад, хутагт хувилгаад, ариун нандин сахилга сахисан лам нарыг чандарлахад  бие цогцос нь үүсэн бий болж гардаг. Тайланд улсад бүр шарилын төрлийг томъёолж гаргасан байдаг. Мөн том лам нарыг чандарлаад чандраас нь юу гарав гэдгийг харж, ямар лам байсныг нотолдог. Зарим ламын шарилаас тунгалаг болор шиг, заримаас нь өнгөт үрэл гэх мэт онцгой зүйл гардаг. Энэ бол үргэлж судлагдсаар ирсэн гайхалтай нандин уламжлал юм. Хамгийн сүүлд  2011 онд Нанжинь хотод нэгэн эртний суваргаас бурхан багшийн гавлын эрхий хурууны чинээ мэт хэмжээтэй чандар гарсан юм. Үүнийг Хятад даяар зарлаж, ард иргэд нь мөргөл хийсэн. Энэ мөргөлд миний бие өөрөө очсон. Тэрхүү чандар шар будааг таваас зургаа хуваасантай ижил хэмжээтэй улаан,цагаан, хөх гээд төрөл бүрийн өнгөтэй бөөрөнхий эрдэнийн үрлээр дүүрэн бай­сан. Үүгээр бурхан багшийн намтарт чандар нь эрдэнийн үрлээр дүүрсэн тухай бичсэн хэмээн ярьсан юм.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж