Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслүүдийг батлуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслүүдийг батлуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахаар болж тогтсон юм.

Гурав дахь асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай гэсэн багц хуулийн төсөл байлаа. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд  “Хяналтын шатны шүүхийн шүүгч давж заалдах шатны шүүхэд 5-аас доошгүй жил ажилласан, эсвэл өмгөөлөгч, прокуророор болон Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хуулийн сургуульд 10-аас доошгүй жил багшилсан байх шаардлагын тухай хөндөж байлаа. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Шүүгчийн хариуцлагатай холбоотой асуудал тул хүний эрх гэдэг үгээр халхавчлан хаа нэгтээ ажиллаж байгаад дур дураараа дээшээ ахидаг байж таарахгүй. Нэг үгээр хэлбэл, шүүхийн карьер танил талаараа явах ёсгүй. Үгүй дээ гэхэд Хяналтын шатны шүүхэд ажиллаж байж дээшээ ахих ёстой. Энд тэнд ажил зэрэмдэглэсэн хүмүүс бус их сургуульд 10 жил ажилласан хүн мэргэшсэн байх тул түүнд боломж олгоно гэсэн зарчим баримталж байгаа” гэсэн хариулт өгсөн юм. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын даргын албан тушаал хашиж байсан хүнийг Улсын Дээд Шүүхийн шүүгчээр томилохыг хориглох заалтыг төсөлд оруулжээ. Энэ тухайд Х.Тэмүүжин гишүүн “Шүүгч хийж байгаад УИХ-ын гишүүн болчихоор мэргэжлээрээ ажилласанд тооцогдож дээрх томилгооны болзлыг хангах гээд байгаа тул Улсын Дээд Шүүхээс бусад шатны шүүхэд томилогдохыг нь нээлттэй болгож байгаа” хэмээн нэмэлт тайлбар хийв. Эцэст нь энэхүү хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахаар болж шийдвэрлэлээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлээд байсан дээрх төслүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт ороод батлагдах нь тодорхой боллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж