
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас дээрх асуудалтай холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг таныг албан тушаалтнуудаа халсан талаар тодорхой мэдээлэл хийхийг хүссэн. Та бүлгийн хуралдаанаас гараад явж байсан, ямар нэг шийдэл гарсан уу. Яг хэн, хэнийг ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм бэ?
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл авахыг хүссэн. Одоогоор ороогүй байна. Тодруулга авах шаардлага нь тэнд үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн томилгоотой холбоотой гэж ойлгосон. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд миний бие өнөөдрийг хүртэл ямар нэг улс төрийн шалтгаанаар нэг ч хүнийг халах шийдвэр гаргаагүй байна. Ажлаас халах шийдвэр гарсан тохиолдолд тушаал гарах ёстой. Үүнийг Зэвсэгт хүчин жанжин штаб хэрэгжүүлэх үүрэгтэй. Хоёр цэргийн ангид зохион байгуулалттай цэргийн хүнс ялангуяа мах хулгай хийсэн, шамшигдуулсан явдал гарсан. Үүнтэй холбоотой арга хэмжээ авч, цэргийн албанаас бүрэн чөлөөл гэдэг шийдвэрийг гаргаж холбогдох байгууллагад нь шилжүүл гэдэг шийдвэр гарсан. Нэг цэргийн хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харьцааны үүднээс биед нь ноцтой гэмт учруулсан офицерийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан.
-Аль цэргийн ангиуд вэ, тодорхой хэлэх боломж байна уу?
-Хоёр цэргийн анги байгаа, аяндаа мэдэгдэх байх. Ямар ч байсан ийм арга хэмжээ аваад байна.
-Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан газрын даргыг халсан гээд байгаа?
-Газрын дарга байсан хүн хуулийн хэлтсийн даргаар томилогдоод ажиллаж байна. Нэг зүйл хэлэхэд Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин гэдэг нь боловсон хүчнийг сургах, бэлтгэх, томилох, дахин бэлтгэх, анги салбарт шилжүүлэн ажиллуулах, удирдах командын бүрдэлдэхүүнд томилох нь тогтсон дүрэмтэй, бие даасан системтэй, онцлог салбар. Энгийн бусад яамдуудтай хольж сольж ойлгоод байна. Батлан хамгаалах яаманд байгаа албан тушаалтан бүрийн ажил үүргийн шаардлага өндөр, ялангуяа команд штабын хүмүүс мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Тэр хүрээнд тодорхой зарим хүмүүсийг сэлгэн ажиллуулдаг. Нэр дурьдагдаад байгаа Ш.Сүхбаатар даргын хувьд хуулийн өндөр мэргэжилтэй хүн. Тиймээс хуулийн хэлтсийг аваад явах нь тэр хүний мэргэшсэн байдалд таарч байгаа.
-Мэргэн буучдын рот бэлтгэх тухай асуудал бас яригдаж байна.
-Батлан хамгаалах яам мэргэжлийн яам. Жолоочоос эхлээд туслах зөвлөл бүгд цэргийн мэргэжлийн бэлтгэгдсэн салбартаа ажиллаж байсан хүмүүс байна. Хэвлэл мэдээллийн хүн нь хүртэл цэргийн хүн байх ёстой. Би тэнд цор ганц энгийн хүн байна. Зэвсэгт хүчнийг улс төрөөс ангид байлгах нь чухал. Улстөржүүлнэ гэдэг нь бэлэн байдлыг унагаадаг. Бэлэн байдлыг өндөржүүлэх хүрээнд хэдэн анги нэгтгэлүүдтэй танилцаж, тоног төхөөрөмж, зэвсэг техникээр хангах асуудал яригдсан.