Хутагт хувилгаадын хойд дүрүүд бараалхав

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Хутагт хувилгаадын хойд дүрүүд бараалхав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд М.Энхболд, эрхэм гишүүн Су.Батболд нарт Монголоос тодорсон хутагт, хувилгаадын хойд дүр болох залуу хуврагууд бараалхав. Есөн залуу лам Энэтхэгээс ирсний найм нь монгол, нэг нь төвд юм. Тэд бие чилээрхүү байгаа IX Богдод зориулж ном айлтгахаар Жагарын орноос ирж ном буян хурсны дүнд Богд гэгээнтний бие илааршиж буй аж.

Тэдгээр залуу хуврагууд дотор Гүндүүлин Дацаг ринбүүчи нь төвд хүн агаад Манзушир хутагт, Ламын гэгээн, Жалханз хутагт, Гүшри хувилгаан, Ханчин ринбүүчи, Гечэн ринбүүчи, Сариадорж номун хан, Дугар зайсан нарын хойд монгол дүрүүд залран ирсэн байна.

Шадар сайд М.Энхболд туулай жил өндөрлөж сар шинэ гарах дөхөж байгаа үед Монгол нутгаас төрөн гарсан хутагт, хувилгаад, гэгээнтнүүдийн хойд дүр Монголд морилж буйд талархал илэрхийлэв. Бурхны шашин бол Монголын уламжлалт шашин, сүүлийн жилүүдэд монголчууд шашны байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, сүм хийдүүд бүх талаар амжилттай ажиллаж байна. Монголчууд IX Богд заларч, Монгол Улсын иргэн болсонд талархаж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ хөдөлгөөн өрнөхөд наймдугаар Богдын хүчин зүтгэл их байсан.

Монголчууд Жанрайсиг бурхнаа бүтээж залаад 20 шахам жил болсон. Есдүгээр Богдыг залснаар Язгуурын гурван бурхны нөгөө хоёр болох Очирваань, Манзушир бурхдыг бүтээн равнайлж Гандантэгчинлэн хийдэд заллаа. Далай багш 2011 онд Монголд заларсанд сүсэгтэн олон гүн талархалтай байгаа” гэлээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж