Нефтийн үнэ дахин буурах боломжтой гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ дахин буурах боломжтой гэж үзлээ

Засгийн
газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханштай
холбоотой асуудлыг авч хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваа
мэдээлэл хийсэн юм.

Валютын ханш чангарсан гэдэг шалтгаанаар
нефть импортлогч компаниуд өнгөрсөн сарын 6-нд нефтийн бүтээгдэхүүний
үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөсөн ч, ам.долларын ханш эргээд
буунгуут 50 төгрөг л буулгасан. Уг нь бол литр тутамд нь 170 орчим
төгрөгөөр бууруулах бололцоотой гэсэн тооцоо гарч байсан. Тэгвэл
өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Эрдэс
баялаг, эрчим хүчний яамныхан нефть импортлогч компаниудтай хэлэлцээрээ
үргэлжлүүлж, нефтийн бүтээгдэхүүний үнийг буулгах талд ажиллах үүрэг
хүлээжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс хатуу үүрэг өгөгдсөн
гэдгийг ч тэмдэглэж байна. Энэ нь нефть импортлох тусгай зөвшөөрөлтэй нь
ярих хэмжээнд асуудлыг авч үзэх ёстой гэж үзжээ. Учир нь ам.долларын
ханш өдөр тутам тогтвортой хэмжээгээр буурч буй аж. Харин нефть
импортлогч компаниуд үнээ буулгахгүй гүрийсээр байгаа тул төр хатуухан
арга хэмжээ авч ажиллахаас аргагүй гэж үзсэн бололтой.

Нефтийн
бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хөндөгдсөн хоёр дахь асуудал нь нөөц
бүрдүүлэх тухай юм байна. Нийт 60 мянга орчим тонн нефтийн бүтээгдэхүүн
нөөцлөх чиглэлд ажиллах шаардлага байна гэж үзжээ. Гэвч хадгалах сав
бэрхшээлтэй гэнэ. Төрд өөрийн гэсэн нефть агуулах сав байдаггүй, хувийн
компаниудтай гэрээ байгуулах чиглэлээр бага хэмжээний нөөц бүрдүүлдэг
байсан. Хувийн компаниудтай мөн гэрээ байгуулаад дээрх хэмжээний нефть
нөөцөлье гэхэд бас түүнийг агуулах хэмжээний сав байхгүй байгаа. Тиймээс
нефть хадгалах савыг Концессын гэрээгээр бариулах ёстой гэж энэ
удаагийн хуралдаанаас үзжээ.

Үнэ ханштай холбоотойгоор
хөндөгдсөн гурав дахь асуудал нь махны нөөц бүрдүүлэлт, нийслэлийн
хэмжээнд борлуулагдаж байгаа нөөцийн махны худалдаа байжээ.

Хүнс
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын
газар хамтран махны нөөц дахин бүрдүүлэх чиглэлээр бүх аймгийн Засаг
дарга нартай холбогдсон байна. Ямар ч байсан бүх аймгуудаас махны
чиглэлээр нөөц бүрдүүлэх боломжтой, ингэхдээ 15 мянган тоннд хүргэх
бололцоотой байгаа аж. Тиймээс хэрэглэгчдэд хүргэх талд маш сайн зохион
байгуулалт хэрэгтэй байна гэж үзжээ. Өнгөрсөн даваа гаригт Монгол Улсын
Ерөнхий сайд нөөцийн махны худалдаа нийслэлд ямар байдлаар зохион
байгуулагдаж байгаад гэнэтийн шалгалт хийсэн юм. Улмаар нөөцийн махыг
хэрэглэгчдэд хүргэх талд зохион байгуулалт дутаж байна гэж үзжээ.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг өгснөөр 80-аас дээш
настай ахмад настнуудад нөөцийн махыг гэрээр хүргэх үйлчилгээг өчигдрөөс
эхлүүлсэн байна. Түүнчлэн нөөцийн махыг гулуузаар нь бус жижиглэнгээр
олон цэгээр худалдах нь их хэмжээгээр хэсэг бусаг хүмүүс тэр дундаа
чадалтай тэнхээтэй нь худалдаж аваад, чадал муутай нь хоосон хоцорч
дахин оочерлож ажил удаж байгаад цэг тавих боломжтой гэж үзжээ.
Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн мах нөөцөлсөн
бөгөөд түүнийхээ 3000 тонн гаруйг худалдан борлуулаад байгаа тухай албан
мэдээ гараад буй. Тэгвэл одоо нэмж 15 мянган тонн мах орон нутгаас
бэлтгэн нийлүүлэхээр болоод буй нь энэ бөгөөд нийслэлийн Засаг даргын
Тамгын газарт махны нөөц бүрдүүлэх төсвийн зээл авах эрхийг өнөөдрийн
Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж