Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Сахиусан дагинын аян

Испанийн
Порт-Льигат тосгон дахь Далигийн байшин. Гала зураачийн нүцгэн хөлийг
түшин сууна. Дали тэнгэр, хангайгаа мөн хөл дор нь суугаа үзэсгэлэнт
бүсгүйгээ харна. Түүний нүдэнд энэ эмэгтэй тэнгэрийн бич, тавдугаар
сарын гэнэтийн бороо, нэрс дүүрсэн сагс шиг үзэгдэнэ. Гэхдээ нэг л ойр,
амттай, сэтгэлийн дөл мэтээр үзэгдэх аж. Дали сөхрөн суугаад Галагаасаа
“түүхэн алимыг” нэрлээд өгөөч гэлээ. Зураачийн хүслийг шууд ойлгосон
эмэгтэй Евагийн нүглийн эхлэл болсон Адамын идсэн алимаас эхлээд Парисын
шүүхийн гоо зүйн алим, Ньютоны татах хүчний алим, Сезанны бүтцийн алим
гээд урт жагсаалтыг янаглан урсгана…

Гала, оросоор бол Елена
Дьякова. Тэрбээр Далигийн хувьд сахиусан тэнгэр, үнэт эрдэнэ, гоо
дагина, нуруундаа “давтмал махтай” эмэгтэй, “улаан хавч” толгойдоо
тавьсан хөрөг, нэг хөхөө нүцгэлсэн хайр, “нүцгэн өгзөгтэй” эмэгтэй,
халиурсан үстэй хонгорхон, хар ногоон нүдтэй гоо үзэсгэлэн…
Үзэсгэлэнтэй, нүгэлтэй, “галзуу” зураачийн мөнхийн дагуул… Суут
зураачийн ертөнцийг бүтээхэд энэхүү эмэгтэй өөрийгөө бүхлээр нь
зориулжээ.

-Хараач, жаалхүү Дали минь. Би чамд юу олоод ирэв ээ!
Шингэн “умбра” (будаг, хүрэн зос). Яг ийм будгаар Веймер зурж байсан
гэлцэнэ.

-Догь, догь! Энэ умбрад өөрийн сайхан онцлог байлгүй
яахав. Гэхдээ надад түүнтэй зууралдах зав алга. Харин нэг сайхан санаа
төрлөө! Бүгд түүнд алмайрна даа. Энэ шинэ Вильгельм Телль хоёр ч удаа
зүүдэнд минь ирлээ. Би Ленинийг л хэлээд байна. Би түүнийг гурван
метрийн өгзөгтэйгээр, түүнийг нь суга таягаар тулснаар зурна. Гартаа
жижигхэн хүүхэд тэвэрсэн байх ба тэр нь би байна. Тэр намайг хүний
харцаар харж байх боловч би “Намайг идэх гээд байна” гэж  хашгирна…

Тэрбээр
25 настайдаа 35-тай Галатай 1929 оны зун анх учирсан гэдэг. Тэр үед
Гала Францын яруу найрагч Поль Элюарын эхнэр, хөөрхөн охин Сесилийн ээж
байлаа. Үүнээс илүүтэй аз жаргал байхгүй мэт л байсан аж…

Одоо
бүхнийг дарааллаар нь.

Эцэг нь
Лена, эх нь Галя гэж нэрлэх дуртай энэ эмэгтэй 1894 онд Казань хотноо
жирийн албан хаагчийн гэрт төржээ. Энэ охиноос гадна Дьяковын гэр бүлд
өөр гурван хүүхэд байв. Гэрийн эзэн эрт ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Ээж нь хоёр дахь нөхөр өмгөөлөгч Бромбергтай танилцахад Елана 11 хүрээд
байв. Хойд эцэг нь гэр бүлтэйгээ Москвад ирснээр Елена Дьяконовагийн
амьдралын ер бусын хэсэг нь эхэлжээ. Тэрбээр Анастасия Цветаеватай нэг
ангид байсан нь яруу найрагч эмэгтэйн “Дурдатгалд” “Өсвөр насандаа
учирсан хүмүүсээс хамгийн ер бусын нэгэн” хэмээн бичигдсэн байдаг. “Тэр
таалагдсан бүгдээсээ зугтах нэг л хачин этгээд зантай, тоглоом, шоглоом
ойлгох ер бусын мэдрэмжтэй охин байлаа. Нарийхан урт хөлтэй, хүрэн
өнгийн ер бусын нүдтэй, өтгөн урт сормуустай түүн дээр нь хоёр шүдэнз
зэрэгцүүлэн тавихад ч унамгүй, хөдөлгөөн нь эрс тэс, шулуухан, царайнд
нь гөжүүд зан байдал тодорсон” гэж Анастасия дурссан байдаг. Елена
тэдний гэр орноор орох дуртай. Анастасия, Марина хоёр Еленад бага нас,
аялсан газруудынхаа сонин сайхны тухай ярьж хөөрнө. Дараа нь Марина
шүлгээ уншина. Марина “Ээж цэцэрлэгт” гэсэн шүлгээ Гала Дьяконовад
зориулжээ. Охидууд түүний амьдралын талаар үл асуух ба найз охин нь
тааруухан, ядуу хувцастайг тэд үл анзаарна. Хожим Дали өөрийн “Амьдралын
нууц” номондоо Галагийн (франц маягаар нэр нь ингэж дуудагдана) харийн
нүднээс зовлонгоо нуух чадварыг нь нэг биш удаа бишрэн дурссан байдаг.
Сальвадорыг “гажиг испани залуу” байхад тэд Порт-Льигате тосгонд ядуу
амьдралтай байхад нь Гала л түүнд ирээдүйн итгэл найдварын галыг бадрааж
итгэл өгч байсан юм.

-Жаалхүү Дали чи сонсооч!  Чи олон хүний
дунд зогсоод алт жигнэж байна гэж зүүдэндээ би чамайг харлаа…

-Болтугай!
гэж зураач хэлээд баяртайгаар загалмайлна.


“Миний хонгор Элюар!”

Залуу
насны найз охид нь түүний “байгалиас заяасан” үзэсгэлэнгээр үргэлж
бахархаж байлаа. Тэр цагт хэн нь ч энэ бардам гоо бүсгүй хүндээр
өвчлөхийг мэдэхгүй байв. Эмч нар багтраа гэсэн онош тавив. Эцэг, эх нь
мөнгө олоод түүнийг Швейцарь луу явуулав. Давост ирсэн тэрбээр уулын
цэвэр агаарт хүнд өвчнөөсөө ангижирчээ. Анх түүнийг сувиллын газрынхан
бардам орос эмэгтэй гэж хүйтэндүү хүлээн авч байсан аж. Бас л багтраа
өвчнөө эмчлүүлэхээр ирсэн 17 настай Эжен Грендаль анх түүнийг харсан
цагаасаа хойш дуусан дуустлаа дурлажээ. Уулзах бүртээ бишрэн шүтэж
сэтгэлийн үгээ шүлэглэж байлаа, тэр. Ингэж Давост ирээдүйн их яруу
найрагч Поль Элюар төржээ.

Курс эмчилгээгээ төгсгөөд Елана
нутагтаа ирэв. Элюараас захидал аваад захидлаар тэд харилцаж эхлэв.
“Миний дурлалт хонгор, амь амьсгаа минь, миний хонгор хүү…” гээд
Галагийн захидал эхэлнэ. Дэлхийн нэгдүгээр дайн болж, Полийг цэрэгт
татжээ. Биеийн эрүүл мэндийн улмаас Полийг цэргийн эмнэлэгт үлдээсэн
байв. Гала хайртай залуугүйгээрээ амьдарч чадахгүй учир биеэ бодохыг
гуйн түүнд захидал бичнэ. Залуугийн эцэг орос бүсгүйн эсрэг. Парис даяар
франц бүсгүй алга уу гээд л үглэнэ. Поль өөртөө бүрэн шийдсэн байлаа.
Полийн урилгаар 1916 оны хавар Елена Парис орохоор явлаа. Оросоос цагаа
олж явснаа тэрбээр тэр үед хэрхэн мэдэх билээ. Гала эмчилгээндээ цаг
алдахгүй явсан бол энэ бас л хувь тавилангийнхаа төлөө цаг алдалгүй
Оросоос явжээ.

Урагш
гүйгээд хэлэхэд Гала, Дали хоёр улс төрөөс ямагт хол байлаа. Тэдэнд
Ленин гуай нь ч, Гитлер гуай нь ч хэрэггүй байсан юм. Улс төрийн
баримтлал ч, нам ч хэрэггүй байлаа. Гала зураачийн үзэл бодлыг хуваалцан
түүнийг үргэлж дэмжиж явжээ.

… 1917 оны хоёрдугаар сард Ариун
Женевьевийн сүмд Гала, Поль хоёр хуримын бөгжөө солилцов. Тэдний эцэг
эхийн бэлэглэсэн асар том орон дээр тэр хоёр үхэн үхтлээ бие биендээ
хайртай явах тангарагаа өргөцгөөв. Хадам эцэгтэйгээ хүйтэндүү харьцаатай
ч харин хадам ээжийгээ алс холын Оросоос бичсэн захидлаараа уяруулж
чадсан байв. Удалгүй тэднийх Сесиль гэсэн хөөрхөн охинтой болж эмээгийн
сэтгэл нь түүнд уягдав. Хожим Сесиль зөвхөн эмээгийн охин л болсон
байлаа.

Гэр бүлийн “гажиг”

Нөхөрт гарсны
дараа түүний амьдралын ер бусын шат эхлэв. Өнгөрсөн зууны хориод оны
сүүлчээр Парис хот хорвоогийн зураач, яруу найрагч, жүжигчдийг татсан
“халуун тогоо”, гол цөм нь байв. Уран сайхны бүх урсгал энд л буцалж
байлаа. Гала, Поль хоёрын амьдрал галын наадам шиг л байв. Поль
эхнэрийнхээ гоёл чимэгт гар татаж байсангүй. Гала торгоор ороогдон
үнэртэнд шумбаж байжээ. Гэхдээ уншихаа хэзээ ч мартаагүй юм. Гэсэн ч
яруу найрагчтай тайван амьдрал байсангүй. Поль алдартай бөгөөд гадуур
зугаалах нь их. Гэртээ байхгүй нь байхаасаа их. Түүний “гажиг” зан
байдал гэж хязгааргүй. Эхнэрийнхээ нүцгэн зургийг найз нартаа үзүүлнэ.


Гай газар доороос. Гэнэтхэн тэдний амьдралд гурав дахь хүн орж ирэв.
Германы зураач Макс Эрнст Галад ухаангүй дурлажээ. Тэд сувиллын газар
танилцсан юм. Амралтаас залуус гурвуулаа буцаж ирэв. Зураач эхнэрээ
хаясан бол Элюарт Галатайгаа үлдэхийн тулд гурвуулаа амьдрахад ч бэлэн
байв. Гэвч нэгэн өдөр Поль алга боллоо. Гала эвдэрсэн сэтгэлийнхээ
хойноос хөөцөлдөж Энэтхэгээс түүнийг олоод буцаж ирэв. Буцаж ирэхдээ
Макст сэтгэл хөрснийг тэрбээр ойлгожээ. Чөлөөт дурлалд шумбаад авсан нь
Галад унтаж байсан хорхойг хөдөлгөн сэрээсэн шиг зүйл болсон юм. Тэр нь
удалгүй түүнийг дахин хөтлөөд явлаа. 1929 оны наймдугаар сар.

Испанийн
залуу зураач Салвадор Далийн урилгаар Элюарынхан загасчдын тосгон
Кадакест хүрэлцэн ирлээ. Галагийн дурссанаар тийшээ очих замынхаа турш
Поль тэр зураачийн уран бүтээлийн талаар ярьж явсан гэнэ. Ницше,
Эйнштейн хоёрыг шүтнэ. Түүний үзэл бодол, ер бусыг яриад Поль өөрөө
намайг зураачийн өвөрт түлхээд байгаа юм шиг… гээд л Гала дурссан
байдаг. Ер бусын түүхтэй эр хүн Галагийн сонирхлыг өдөөнө гэдгийг Поль
мэдэж баймаар…
 
Анхны уулзалтын үнэр

Зураачийн цагаан байшин боомтын
эрэгт харагдана. Эргэн тойрон цэцэг цэцэглэн байшингийн өмнөх том мод
зуны үнэрийг тараана. Тэдний анхны уулзалтыг бие биенээ хараад л
дурлалцсан, хэзээ ч салаагүй гэж бичээд ирж. Үнэн хэрэгтээ тийм биш.
Тэдний яриа, ариншинг анзаарах л хэрэгтэй. Гала, Поль хоёрын машин
зураачийн байшингийн өмнө зогсоход Дали тэднээс аян замдаа ядарсан
сэхээтнүүдээс өөр зүйлийг харсангүй. Тэрээр Галад шуудхан хараад
дурласангүй. Тэдний дурлал олон тооны зугаалгын үеэс нь эхлэв.

Далайн
наран шарлагын газарт Элюарынхантай уулзах уулзалт тэдний хувьд
сэтгэлийн хөөрөл болсон юм. Дали өглөө бүр хажуугаар нь өнгөрөх ухнын
заараар өөрийгөө будахаар шийдсэн гэдэг. Тэгээд загасны цавууг хайлуулан
түүндээ ямааны хоргол хольж буцалган биендээ түрхэв. Тэдэнтэй
уулзангуутаа л зэрлэгээр хөхөрч байсан гэх. Тэр айхтар үнэр, тэр чанга
дуутай инээд Галагийн сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Хэвлэлээр бичсэнээр
тэдний амьдрал тийм хурдан эхлээгүй. Дали өөрийн тусгаарлагдмал амьдралд
энэ хүүхэн яаж орохыг төсөөлөн бодож байлаа. Удаан ч бодсон гэдэг.
Үүнээс гадна тэрбээр энэ хүүхэн гай авчирна гэж өөртөө итгүүлэхийг
оролдож байлаа. Парист ирээд л –Надад бүү гай авчраач гэж хэлээд л
сарнай бэлэглэнэ. Бид хэзээ ч бие биенээ орхихгүй” гэж  Галаг хэлтэл нь
хүлээж байсан юм.

“Наймдугаар сарын цэнхэр, цэлмэг тэнгэр арилж,
намрын боловсрон чанагдсан үүлс ирлээ. Бид удалгүй түүний үр жимсийг
хүртэнэ” гэж Дали бичсэн байлаа.
Гала Парисаас Порт-Льигатад ирж,
Сесиль эмээтэйгээ үлдэж, Поль Далигийн зурж өгсөн хөрөг зурагтайгаа
хоцорлоо. Поль хайрын захидлаа бичсээр насыг барсан юм. Элюарыг өөд
болсны дараа л 1958 онд Гала, Дали хоёр сүмд нийлэх ёслолоо хийжээ.
Тэдний 53 жилийн баялаг, ер бусын амьдралыг Далигийн тэмдэглэлийн
дэвтрийн үгээр төгсгөж болно. “Хорвоод хамгийн чухал нь Гала, Дали хоёр.
Дараа нь Дали. Гуравт нь Гала, Дали хоёрыг оролцуулсан бусад нь”

1953
оны тавдугаар сарын 27…

Тэдний үүр нь болсон
Порт-Льигатын байрандаа 1982 оны зургадугаар сарын 10-нд Гала ертөнцийн
мөнх бусыг үзүүллээ. Хамгийн сүүлчийн тэдний аялал. Дали амьгүй Галадаа
гал улаан даашинз өмсгөн машиндаа суулгаад гэр бүлийн бунхандаа авчраад
яваад өглөө. Түүнийг оршуулга дээр нь хэн ч харсангүй…
“Би эхээсээ
илүүгээр Галад хайртай. Эцгээсээ ч илүү, Пикассогоос ч илүү, мөнгө
хөрөнгөнөөс ч илүү би Галад хайртай”…   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж