Их суудлын хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Их суудлын хуралдаан болов

Гэмт хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүнийг хаацайлсан хуулийн заалтыг хүчингүй болгов.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаас тогтоол гарч, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. …”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал… -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалтын агуулгыг хэт явцууруулж, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан бөгөөд гэмт хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх, улмаар Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох боломжийг хязгаарлаж байна.” гэж тэмдэглэжээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн  төлөөлөгч мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж