Эрдэм шинжилгээний ажилтанд цол олгоно

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний ажилтанд цол олгоно

Эрдэм шинжилгээний ажилтанд олгох зэрэг дэвийн нэмэгдлийн  хэмжээ тогтоох тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.  “Шинжлэх ухаан, технологийн тухай” Монгол Улсын  хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу эрдэм шинжилгээний ажилтан нь Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан гэсэн мэргэжлийн зэрэг олгох юм.  

Эрдэм шинжилгээний тэргүүлэх зэрэгтэй ажилтанд үндсэн цалингийн 20 хувь, эрдэм шинжилгээний ахлах зэрэгтэйд 15 хувь, эрдэм шинжилгээний дэд зэрэгтэйд 10 хувийн нэмэгдлийг олгох болно. Энэ нь эрдэм шинжилгээний ажилтны ажлын үр дүн гаргах, тогтвор суурьшилтай ажиллахад эдийн засгийн хөшүүрэг болно гэж үзэж байна.

Монгол Улсын шинжл‎эх ухаан, технологийн салбарт төсвөөс цалинжиж байгаа эрдэм шинжилгээний үндсэн ажилтан 1569 ажиллаж байгаагаас тэргүүлэх ажилтан 115, ахлах ажилтан 315, дэд ажилтан 550, дадлагажигч ажилтан  387, туслах ажилтан 202  ажиллаж байна.  
    
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг олгохдоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 201 дугаар тушаалаар батлагдсан эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 211 дугаар тушаалаар батлагдсан эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмын дагуу 4 жил тутам явуулах аттестатчиллын дүнг харгалзах болно.  

Эрдэм шинжилгээний ажилтанд олгох мэргэжлийн зэргийн нэмэгдэлд зориулж жилд 486,8  сая төгрөгөөр цалингийн сан нэмэгдэх ба холбогдох зардал 2012 оны төсвийн төсөлд тусгагдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж