Ука “I’m in Love”-оор тэсрэлт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Ука “I’m in Love”-оор тэсрэлт хийлээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өнөөдөр “Чингис” зочид буудалд анхны бие даасан цомгийн нээлтийг хийлээ. Зөвхөн Укагийн төдийгүй түүнтэй, “Киви” хамтлагтай хамтран ажилладаг уран бүтээлчдийн бүтэн жилийн хөдөлмөрөөр бүтсэн “I’m in Love” нэртэй цомгийн ажлыг АНУ-ын Нью-Йорк дахь “The Lodge” студийн продюсер Жое Лапорта хариуцаж, гүйцэтгэсэн байна. Харин гэрэл зургийн ажлыг Парис хотноо “Ecolesupiere relooking” болон “Comm and coach” агентлаг гүйцэтгэсэн бөгөөд гэрэл зурагчнаар Филип, нүүр хувиргагчаар Луи, үсний засалтыг Ванесса хийн харин имиж мейкерээр “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа, дуучин Ука болон Францын  имиж мейкер София нар ажиллажээ.

Цомгийн нээлтэд “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука, тус хамтлагийн продюсер Б.Ангирмаа, “Prosound” студийн дууны инженер Рагу, “Negun” студийн захирал, хөгжмийн продюссер Оки болон “Киви” хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байв. 12 дуутай “I’m in Love” цомгийн дуу бичлэгийг “Prosound”  болон“Negun” студид дуу бичлэгийн өндөр төвшинд хийсэн гэдгийг продюсер Б.Ангирмаа онцолж байлаа. Шинэ цомгийн найман дууны үг, аяыг цомгийн гүйцэтгэх продюсераар ажилласан Оки зохиожээ. Чанарыг гол болгон өндөр зардлаар, ашгийн бус бүтсэн энэхүү цомгоос дууны дуугаралт гэж ямар байх ёстойг бүрэн утгаар нь мэдэрч болно хэмээн ам бардам хэлнэ лээ.

Рагу энэ үер “Дэлхийн попын нүүр царай бол Лейди Гага, Бруно Марс. Харин Монголын попын шинэ эрч хүч, шинэ өнгө төрх, шинэ донж нь Ука. Би дандаа дууны сонголт буруу гэж хэлдэг. Харин Ангирмаагийн дууны сонголт хэзээ ч буруу байгаагүй. Учир нь Укагийн дуу бүхэн хит. Ука Монголын попын нүүр царай” гэж хэлсэн юм.

Ука өнөөдөр өөрийгөө “дурласан эмэгтэй” хэмээн тодорхойлсон. Тэрбээр урлагт хөл тавьсан цагаас хойш олон зүйлд урлагийн хэмжээнд өдөр бүр шинээр дурлах болжээ. Харин энэ удаад түүний шинэхэн дурлалын амтыг “I’m in Love” цомгоос нь мэдэрч болох гэнэ Дурлалдаа шатаж, асч байгаа бүсгүй өнөөдөр тод ягаан, хар өнгийн ажил хэрэгч хослол сонгож, сувдан сондроор гоёсон байсан. Дэгжин хар бээлий, сувдан хос бөгж, шар үс, аз жаргалаар дүүрэн инээмсэглэл “дурласан эмэгтэй”-г чимж байлаа.

Түүний анхны цомогт багтсан “Hi Ladies” дууны клип хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон билээ. Түүнээс гадна “I’m in Love” цомгийн дөрвөн ч дууны клип бэлэн болсон бөгөөд “Хоосон”, “Танго”, “Би нислээ”, “Party man” зэрэг дууны клипээ ээлж дараагаар үзэгчдэд хүргэх юм байна.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр Укагийн задалсан бас нэгэн сюрприз нь түүний цахим хуудас. www.uka.mn вэбсайт даваа гаригаас эхлэн ажиллах гэнэ.

Укагийн цомог маргаашнаас эхлэн “Hi-Fi Рекордс”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаанд гарах юм байна. Өндөр өртгөөр бүтсэн “I’m in Love” цомгийн үнийг одоогоор хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж