Парк “Хайрын зууч” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Парк “Хайрын зууч” боллоо

Сонирхолтой өдөр. Өчигдөр хосуудын хувьд романтик, сайхан үдэш байсан бол Үндэсний соёл амралтын хүрээлэнд цугласан ганц бие залуусын хувьд сонирхолтой үдэш болж өнгөрөв. Гэгээн хайрын өдөр гэхээр бүхий л байгууллагууд хосуудад зориулсан арга хэмжээг зохион байгуулдаг. Харин энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн хамт олон ганц бие залууст зориулан сонирхолтой хөтөлбөр бэлтгэсэн байв. Ингэж ганц бие залуус баярын өдрийг гуниглалгүй, хөгжилтэй, сонирхолтой өөрөөр хэлбэр, танихгүй нэгэнтэйгээ   танилцаж, нэгэн үдшийг өнгөрөөлөө.

Жинхэнэ эрх чөлөөт ганц бие залуус Паркийн “Sport Pub”-д цуглажээ. Мэдээж хүний тоо хязгаартай байсан тул эмх цэгцтэй, зохион байгуулалтын хувьд үйлчүүлэгчдийн санаанд нийцсэн. Хөөрхөн тэнгэрийн элчүүд ганц бие нэгнийг хостой болгохын тулд хайрын нум сумаа харвахаар ажиглаж, хосуудын зууч болж байв. Эрх чөлөөт ганц бие залуус хөгжмийн хэмнэлд бүжиглэж, “Kush and Oyuka” жазз хамтлагийн дуунд уярч байх зуур үдэшлэгийн зохион байгуулагчид залуусын дунд сохор болзоо хийхээр, хүн бүрт дугаар тарааж байв. Тэнгэрийн элчүүд ирсэн ганц бие залууст бүгдэд нь дугаар өгч, сохор болзоонд оролцох нэгнийг нь тайз руу уриалсан.

Магадгүй энэхүү сохор болзоог Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн анх удаа зохион байгуулсан биз. Бидний сайн мэдэх “Дурлалын Хитч” кинон дээр гардаг шиг л. Дугаар авсан зургаан бүсгүй, зургаан эрэгтэй өөд, өөдөөсөө харан зогсоно. Хөтлөгч таван минут болоод хонх цохино. Таван минутад залуус нэг нэгэнтэйгээ танилцаж, таван минутын дараа залуучууд байрлалаа сольж, өөр нэгэн бүсгүйтэй танилцан, ярилцах юм. Ингээд зургаан залуу, зургаан бүсгүй бүгд нэг нэгэнтэйгээ танилцаж, таалагдсан бүсгүйдээ өөрийн дугаарийг өгөх учиртай. Бүсгүй тухайн залуугийн дугаарыг хүлээж авах юм бол Пакийн зүгээс зөвхөн тэр хоёрт зориулсан тусгай ширээнд урьж, тэдний анхны болзоог тогтооно.  Энэ үдэш нэг хос гарсан. Тэд бол Паркаас гарч буй анхны хос гэж нэрлэж болох юм. Мэдээж оролцогч залуу таалагдсан бүсгүйдээ дугаараа өгч, бүсгүй ч түүний дугаарыг хүлээж авснаар хосууд “Валентины захидал” уран сайхны киног хосоороо үзэх эрхийн эзэд болсон. Ингээд л тэдний анхны болзоог паркийнхан товлочихож байгаа юм.

Сохор болзоо оролцогчдод сонирхолтой басхүү зугаатай санагдсан биз. Зарим нэг оролцогч залуус цаашид ч гэсэн “иймэрхүү болзоог зохион байгуулж байвал зүгээр юм байна” хэмээн ярьж байгаа сонсогдсон. Сохор болзооны дараах залуус DJ Мөөгийгийн доргио хэмнэлд бүжиглэж, таалагдсан бүсгүй, залуутайгаа яриа өдөн, ярилцаж зогсох залуус олон байв. Магадгүй энэ үдэш ирсэн ганц бие залуус өөрийн хосоо олсон ч юм билүү. Хэн мэдэхэв. Ямартай ч, Парк нэг хосыг учруулсан. Харин дараагийн удаад магадгүй та ч, хосоо олох юм бил үү? Сураг сонсох нь ээ, энэхүү “Blind Date”-ийг Паркийнхан сар бүр тогтмол хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Тэгэхээр та азаа сориод нэг үзээрэй, жинхэнэ хайртайгаа учрах ч юм бил үү. Танд амжилт хүсье.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж