Цагтаа “Азийн цагаан дагина” гэггдэг байсан Улаанбаатар хотыг өдгөө “Утаанбаатар” хэмээн хочилдог болсон. Утаанаас болж амьсгал нь давчдаж, аргаа барсан хүмүүс ингэж нэрлэхээс өөр яах билээ дээ. Төр засгийн удирдлагууд нүдэнд харагддаг мөртлөө, гарт баригддаггүй энэ дайсныг “мөдхөн дарж орхино” хэмээн жил бүр олон тэрбум төгрөг төсөвлөдөг. Харамсалтай нь гарсан үр дүн юу ч үгүй. Утаа хэмээх энэ аймшигтай дайсан хотын иргэдийн хэнд нь ч өршөөлгүй ханддаг. Бүгдийг нь хордуулж орхино. Гэтэл саяхан нэг чимээ дуулдав. Энэ нь Монголыг дэлхийд хамгийн их сурталчилдаг тамирчдын талаар юм. Биеийн тамирын сургуулиудын оюутнууд, шигшээ багийн тамирчид өглөөгүүр хотын арай цэвэр агаартай бүс рүү очиж гүйлт хийдэг аж. Тэр бүс нь Зайсангийн амын орчимд талбай юм. Гэтэл тэнд утаа байх ёстой хэмжээнээсээ дөрөв дахин, бүдүүн, нарийн тоосонцрууд 5-10 дахин, хүхэрлэг хийн агууламж 14 дахин их байгааг агаарын чанарын албанаас тогтоожээ. Иймээс тамирчдыг энэ өвөл гадаа гүйлгэж бэлтгэл хийлгэхээ больсон гэнэ. Гэтэл манайд тэдний бэлтгэлийг хангахуйц тийм том талбай битүү танхим байдаг бил үү. Үүнд тамирчид, багш нар нь “бэлтгэл дутуу болж байна” хэмээн ихэд уцаарлаж байгаа сурагтай. Тэшүүр, цанын тамирчид Хандгайтад бэлтгэл хийдэг байснаа тэнд хүртэл утаа “очдог” болсон болохоор хотоос илүү зайдуу газар очиж бэлтгэлээ базаадаг болж. Эдийн засгийн асуудал нь үргэлж хүндхэн, бусдыг царайчилж байдаг тэдэнд энэ удаа ихээхэн хүндрэл дагуулаад байгаа аж. Олимп, олимп л гэнэ. Үүнд орж ирж байгаа хандив тусламжаас бага ч болов төсөв гаргаад энэ хэдэн тамирчдадаа өнөөх дөрөв, таван давхар амны хаалт гээчийг нь өгчихөж болдоггүй юм байх даа. Бүр боломжтой бол тамирчдыг Улаанбаатараас зайдуу утаа “очдог”-гүй газар аваачиж бэлтгэлийг нь хийлгэвэл болох юм.
Л.Баатархүү
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин