“Чингисийн догшин хар сүлд”

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

“Чингисийн догшин хар сүлд”

Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Чежү арлыг зорьсон жуулчид, ялангуяа монголчууд “Чингисийн догшин хар сүлд” морин циркчилсэн шоуг үзэхгүй буцна гэж бараг үгүй. Дөрвөн мянган хүний суудалтай асар том цэнгэлдэх хүрээлэнгийн бүх сандал дороосоо цахилгаанаар халдаг, үзэгч бүр зориулалтын хөнжлөөр дулаалан тухална.  Хиймэл уул толгод, асар том аркан хаалга бүхий тайзууд, тоглолтын их талбай бүхий энэ цэнгэлдэх хүрээлэнд Монгол уран зураг, монгол зан үйл аж байдлын үзмэр баялаг юм билээ.

Тоглолтод 50-60 морьтон залуус оролцох бөгөөд  Чингис хаан, Жамух хоёрын бага, идэр насны амьдрал, Зээрэн хавцлын тулааныг харуулсан циркчилсэн тоглолт нэг цаг дөчин минут үргэлжилнэ.   Шоунд монгол, тоомсог, пони… гээд янз бүрийн үүлдрийн морьд оролцох бөгөөд гайхамшигтай сургуулилсан, үйл хөдлөл бүр нь хүний дохио, зангаагаар хийгдэж байгаа нь гайхмаар. Хэвтэхдээ хэвтэнэ, худлаагаасаа үхэж бас чадна. Хүний хэлээр ярихаас бусдыг чадаж байна лээ, тэр олон морьд. Тоглолтын гол дүрд циркийн монгол жүжигчид, бусад дүрд моринд гарамгай Монгол  охид, хөвгүүд тоглож байна. Тоглолтын бүх хөгжим, аялгуу монгол, мөн уртын дуу, морин хуурын тоглолт ч  бий. Анх Морин циркийн захирал, “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүү газар дээр нь тоглолтыг найруулан тавьсан байна.

Өдөрт гурван удаа тоглодог энэ шоу үзэгчдээр байнга дүүрэн байдаг аж. Монгол залуучууд моринд гарамгай ид хаваа тэнд ёстой гайхуулах шиг болж байна. Хар хурдаараа давхиж байгаа морин дээр дөрөв таваараа давхарлан овоолго, циркийн үзүүлбэр үзүүлэх, газраас алчуур шүүрэх зэрэг морьтгы гайхамшиг харуулсан үзүүлбэр ч олон байна.  Хамгийн сүүлд  Морин тэргэн дээр байрлуулсан монгол гэрээс Чингис хаан сайхан шарга морьтой гарч ирж , морьтон баатрууд хүрээлэн авч байгаа нь эх орноосоо хол яваа Монгол хүн бүрийн  омогшил төрүүлэх төдийгүй гадны жуулчдын ч сэтгэлийг хөдөлгөж байна лээ. Тоглолтын дараа жүжигчидтэй Монголчууд зургаа татуулах ч чөлөөтэй юм. Харь оронд дэлхийн хамгийн том морин шоуг ийнхүү зохион байгуулж мөнгө олж байхад  морьтон Монголчууд бидэнд эх орондоо ийм морин шоуг ямраар ч гэлээ хийж болох нь дээ гэсэн  бодол төрснөө нуух юун.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж