Ц.Амарсайхан: Шүүхийн шинэчлэлийн амин сүнс нь мониторинг

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Ц.Амарсайхан: Шүүхийн шинэчлэлийн амин сүнс нь мониторинг

Шүүхэд мониторингийн төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Шүүхийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, ажлын зохион байгуулалтыг урьд өмнө байгаагүй үр дүнд хүргэх боломжийг нээж байгаа гэж шүүгчид ярьж байна. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч хэрэгжүүлж буй энэхүү төслийн талаар Улсын Дээд шүүхээс сэтгүүлчдэд мэдээлэл хийх  үеэр программ хангамжийг дэндүү оройтож нэвютрүүлж байна гэх шүүмжлэл байсан. Энэхүү программ хангамжийн ач холбогдол, агуулга болоод иргэдэд ямар давуу тал олгох талаар төслийг санаачлан боловсруулсан Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхантай ярилцлаа.

-Шүүхийн шинэчлэлд ихээхэн ач холбогдолтой шүүхийн мониторингийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь шүүхийн шинэчлэлд чухам ямар нөлөөтэй вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө мониторинг гэдгийг хэрхэн ойлгосноос энэ ажиллагаа ямар ач холбогдолтой болохыг ойлгож болно гэж бодож байна. Ердийн түвшинд хүмүүс мониторинг гэхээр зөвхөн судалгаа гэж боддог. Тэр хэмжээгээр өөрийнхөө ажилд судалгаа шинжилгээ хийхийг нэг их зүйл болгож яриад байгаа мэтээр хүлээж авдаг. Тийм учраас шүүхийн мониторингийн ач холбогдол, гарах үр дүнгийн талаар энгийн бөгөөд хүн бүрт ойлгогдох хэлбэрээр тайлбарлахыг оролдъё. Мониторинг гэж тухайн цаг хугацаанд болж байгаа үйл явцыг системтэйгээр үнэлж, түүний талаар мэдээллийг бий болгон, улмаар энэ мэдээлэл дээр үндэслэн шаардлагатай үр дүнг төлөвлөх, хүссэн үр дүнд хүрэх бодит боломжийг олгодог, шинжлэх ухааны үндэслэл бүхий, орчин үеийн цахим технологийн тусламжтайгаар маш олон ашигтай үзүүлэлтийг бий болгох үйл ажиллагаа юм. Энгийнээр тайлбарлавал хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаа зайлшгүй тодорхой хугацаанд хэрэгжлээ олдог үйл явц юм. Энэ үйл явцын хүрээнд өргөдөл, нэхэмжлэл хүлээн авахаас эхлээд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хуулиар тогтоосон олон ажиллагаа хийгддэг. Эдгээр ажиллагаа нь тодорхой дэс дараалалтай, хоорондоо уялдаа холбоотой, бие биенээсээ харилцан хамааралтай байдаг тул нэг хэсэгт нь алдаа гарвал эцсийн үр дүн алдаатай болдог жамтай. Жишээ нь иргэний хэрэг үүсгэх ажиллагааг буруу явуулсан байвал энэ алдаа хожим шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох тохиолдол байдаг. Хэрвээ ажиллагаа тус бүрийг шүүгч тусгай программын тусламжтайгаар тухай бүрт нь хянаж чадвал үүнээс ирээдүйд гарах шийдвэрийн хувь заяа шууд шалтгаалах үндэслэлтэй юм.

Шүүгч угаасаа хийж буй үйл ажиллагаагаа хянадаг боловч алдаа гаргахаас бүрэн хамгаалагдсан байх баталгаа бага. Жишээлбэл нэхэмжлэгч “А” компанийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчээр тухайн компанийн захирлын нэрийг хэрэг үүсгэх захирамжид бичсэн байлаа гэхэд тухайн нэхэмжлэлийн бүртгэлийн асуудал уг программд сууж өгсөн байдаг тул буруу тэмдэглэгээ хийгдлээ гээд цаашдын үйл явцыг зөвшөөрөхгүй байх мэтээр хяналтын систем ажиллаж эхэлнэ. Энэхүү хяналт хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд хамаарна.   

-Шүүхийн ажилд шүүгчээс гадна  туслах ажилтнууд чухал үүрэгтэй. Энэ программаар шүүгчийн туслах ажилтны ажил үүргийн хуваарийг хийх боломжтой гэж сонссон?

-Шүүхийн ажлыг дан ганц шүүгч биш харин шүүхийн туслах ажилтнууд бас гүйцэтгэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэдгээрийн оролцоотой ажиллагааг шүүгчээс хянах, шүүгч, шүүхийн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг илүү тодорхой болгох боломжтой болно. Шүүхийн үйл ажиллагаанд энэхүү ажил үүргийн хуваарь тодорхой бус байгаагаас хамааран ажлын хийдэгдэл, давхардал гардаг нь нууц биш юм. Программ хангамжийн тусламжтайгаар энэ байдлыг өөрчлөх боломжтой.  Мөн шүүхийн шийдвэр боловсруулах шүүгчийн ажиллагаа илүү хялбар болно. Нэгэнт программд бүртгэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад суучихсан мэдээллийг шүүхийн шийдвэрт тусгахад цаг хугацаа шаардагдахгүй тул шүүгч шийдвэрийнхээ эрх зүйн болон нотолгооны үндэслэлийг шийдлийнхээ хамт боловсруулахад илүү анхааралтай хандах боломжийг бүрдүүлнэ. Нэг үгээр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах үед шүүхийн шийдвэрийн тал хувь нь үндсэндээ бэлэн болсон байна.   Товчхондоо бол ийм ач холбогдол бүхий агуулгатай зүйл юм. Шүүх эрх мэдлийн шинэчлэлд ямар ач холбогдолтой вэ гэдгийг тодорхойлохын тулд нэг зүйлийг хэлмээр байна. ХБНГУ-д ийнхүү шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа “Шүүхийн шинэчлэл” гэсэн нэрийн доор явагддаг юм билээ.

Аливаа шинэчлэлийн гол асуудал нь юунд байна вэ гэдгийг тодорхойлох нь чухал байх. Мэдээж шинэчлэлийг том жижиг гэхгүйгээр иж бүрнээр нь зохион байгуулвал амжилтад хүрнэ. Харин гол зангилаа асуудлыг олж түүнээс эхэлбэл иж бүрнээр хийгдэх энэ ажиллагааг түргэн хугацаанд цогцоор шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх учиртай. Шүүх хэрэг маргааныг хуулийн дагуу алдаа, мадаггүй шийдвэрлэдэг, үйл ажиллагаагаа чирэгдэлгүй явуулдаг байх нь шүүхийн өмнө тавигдаж буй гол шаардлагуудын нэг хэсэг юм. Тийм ч учраас шүүхийн шинэчлэлд шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлэх, шүүх үйл ажиллагаагаа иргэдэд тодорхой, ойлгомжтой, алагчлалгүй хүргэх явдал бага байр суурь эзлэнэ гэж бодохгүй байна. Мониторингийн хөтөлбөрийг зөвхөн компьютерын программ хангамж гэж бас ойлгож болохгүй. Энэхүү программ бүртгэлийн, статистик мэдээллийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын, хугацааны зэрэг олон асуудлыг багтаадаг хэдий ч шүүхийн зүгээс зохион байгуулалтын, сургалт, судалгааны, менежментын маш олон ажиллагаанд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Шүүхийн туслах ажилтныг бэлтгэх боловсролын тогтолцоо, эрх зүйч чиглэлийн тусгайлсан шинэ мэргэжлийг хүртэл бий болгох шаардлага гарах юм.

Ер нь бол нийгмийн амьдралд хийгдэж буй аливаа шинэчлэлийн гол хэсэг нь хүн байдаг гэж би боддог. Хүн гэдэгт үйл ажиллагаа явуулдаг нь ч, энэ ажиллагааны үр дүнг хүртдэг нь ч хамаарах болов уу.  

-Энэ прогромм хангамж бүрэн нэвтрэх нь шүүхийн байгууллагын ажилд олон талын ач тусаа өгөх нь. Харин шүүхэд хандаж буй иргэдэд ямар ач холбогдолтой нь сонин байна?

-Шүүхийн ажиллагаа ер нь хэнд зориулагддаг юм бэ. Шүүхэд хандсан иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг шийдвэрлэж байгаа шүүхийн ажиллагаа сайжирч, олон улсын жишигт ойртож л байвал шүүхтэй харьцаж буй хэн хүний эрх ашигт нийцнэ. Гол бөгөөд мэдрэхүйц хэмжээний өөрчлөлтөд цаг хугацаа алдах, шаардлагагүй олон дахин шүүх дээр ирэх, чирэгдэх явдал эрс багасна гэж бодож байгаа. Шүүхийн ажиллагаа ойлгомжтой, тодорхой болно. Жишээлбэл аль нэг байгууллагад анх удаа очоод бидний хэн нь ч яаж хэрхэн хүсч буй асуудлаа хэнээс асуухаа тэр бүр мэддэггүй. Мөн яг ижил үүрэг бүхий өөр байгууллагад очиход урд байгууллагаас шал өөр журамтай байдаг. Хүн бүр өөрийн амьдралын хугацаанд заавал шүүхтэй харьцах шаардлага гардаггүй байх. Гэхдээ ийм шаардлага гарвал нийслэлийн дүүрэг бүрийн шүүхэд, орон нутагт сум болон сум дундын шүүх бүрт дотоод зохион байгуулалтын ижил журам үйлчилдэг, шүүхтэй харьцахад иргэнээс шаардагдах зүйл адил байх ёстой. Энэ талаар шүүхийн зүгээс маш олон шат дараалсан ажлыг хэрэгжүүлж ирсэн ба одоо мониторингийн тусламжтайгаар энэ асуудлыг цогц шийдвэрлэхийг эрмэлзэж байна.

Шүүхийн шийдвэр эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээж, зөрчсөн этгээдэд зохих хариуцлагыг ногдуулж, хуульд нийцсэн байвал иргэдийн эрх ашигт нийцнэ биз дээ. Шүүхийн шийдвэр алдаа мадагтай байж, дээд шатны шүүхээс хүчингүй болох тохиолдол бүрт иргэдэд ч, төрд ч тэр хэмжээгээр нэмэлт зардлын ачаа ногддог. Цаг хугацааны хүчин зүйлийн талаар яриад ч хэрэгггүй болов уу.   

Шүүхээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа угаасаа цаг хугацаа, хөрөнгө мөнгөний зардал шаарддаг, төрийн нүсэр механизмын хөдөлгөөн юм. Энэ ажиллагаанд байх ёстой хүнд суртал гэсэн ойлголт ч байдаг. Хүнд суртал гэдгийг хиймлээр үүссэн чирэгдэл гэж бидний ойлгож сурсан агуулгаар хэлж байгаа юм биш шүү. Бид ажлыг хялбаршуулна, хугацааг богинсгоно гэж ярихдаа зайлшгүй хийгдэх ёстой хуулиар тодорхойлогдсон процедурыг хялбарчлах, ёс төдий хандах талаар ярьж байгаа юм биш. Ийм зүйл байх ёсгүй. Харин зайлшгүй хийгдэх ёстой ажиллагаа бүр боломжийн хэрээр хамгийн бага зардлаар, богино хугацаанд хийгдэх нөхцлийг бүрдүүлэх арга замыг эрэлхийлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд төрөл бүрийн судалгаа, ажлын зураг авалт зэргийг хийж гүйцэтгэсэн.  

-Шүүх ажлын ачаалал их  гэдэг. Энэ программ хангамж нэвтэрснээр ачаалал тэдэн хувь   хөнгөрнө гэсэн тооцоо байна уу?

-Ажлын ачаалал гэдэгт юуг ойлгохоос шалтгаалан түүнийг багасгах арга замыг оновчтой тодорхойлох боломжтой юм. Олон хэрэг шийдвэрлэдэг шүүхийг ажлын их ачаалалтай гэж үзэх, улмаар шүүгчдийн орон тоог нэмж байж л энэ ачааллыг багасгана гэх үзэл бодол түгээмэл байдаг. Энэ бол зүй ёсны дүгнэлт мөн. Гэхдээ энэ дүгнэлтэд хүрэхийн тулд их олон зүйлийг судалж, тогтоосон байх шаардлагатай.

Нэгдүгээрт, ажлын ачаалал гэдгийг тухайн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэргийн тоо гэж ойлговол шүүх үүнийг багасгах, эсхүл ихэсгэх боломжгүй юм. Энэ бол шүүхээс хамаардаг үзүүлэлт биш. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах, эс хандах байдлыг шүүх зохицуулахгүй. Харин ажлын ачаалал гэдэгт тухайн шүүхийн нэг шүүгч, ажилтанд ногдож буй ажлын хэмжээг ачаалал гэж ойлговол энэ байдлыг шүүх зохицуулах боломжтой бөгөөд зохицуулах үүрэгтэй.

Хоёрдугаарт, ажлын ачаалалд юуг ойлгох вэ гэдгийг тодорхойлсны дараа энэ ачаалал бодит уу үгүй юу гэдгийг тогтоох шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, тухайн шүүгч, шүүхийн ажилтан хийвэл зохих ажлаа хийж байгаа тохиолдолд түүний ажлын ачааллын хэмжээг тодорхойлох боломжтой болно. Нэг өдөр толгой өндийхгүй ажилласан шүүгчийн хийсэн ажлыг ангилаад үзье л дээ. Өглөө ирээд сейфнээсээ хэргүүдээ гаргаж, алин нь шийдвэрлэх дөхөж байна, алин нь дөнгөж ирсэн байна гэж ялгаж зааглаад, туслахдаа үүрэг даалгавар өгч, зарим ажиллагааг хийлгүүлнэ, шүүхийн дуудлагад ирэхгүй байгаа хэргийн оролцогчийг утсаар дуудна, дараа нь урьд гаргасан шийдвэрүүддээ гарын үсэг зурж, хянана, бичигдээгүй байгаа шийдвэр, тогтоолоо боловсруулж компьютерын ард хэсэг сууна, шүүгчтэй уулзана гэж уйлсан, загнасан хүмүүсийн гомдол, яриаг сонсож, уулзана, тэр өдөр шүүх хуралдаан зарласан бол шүүх хуралдаанд орно, хянан шийдвэрлэхэд бэлэн болсон хэргийн материалтай танилцаж, уншина. Эдгээр ажиллагааг дор бүрт нь авч үзвэл шүүгч манаачийн, өмгөөлөгчийн, зарлагын, бичээчийн, бичиг хэргийн ажилтны ажил үүргийг гүйцэтгээд хэсэгхэн хугацаанд шүүгчийн ажил хийсэн байна. Би зориуд зохиож буй жишээ юм шүү. Дээр дурдсан зарим ажиллагааг шүүгч хийдэггүй шүүхүүд олон бий.

Шүүгч нь шүүгчийнхээ ажлаас өөр ажил хийдэг гэж хэлэхдээ би тухайн хүний зөв буруутай холбоогүй зөвхөн ажлын зохион байгуулалтын асуудлыг л хөндөх гэсэн юм. Гэхдээ зөвхөн тухайн хүнээс хамааралтай зохион байгуулалт биш харин нийт шүүхийн хэмжээнд маш олон зүйлийг цогц байдлаар шийдвэрлэсэн тохиолдолд л хэрэгжүүлэх боломжтой зохион байгуулалтын асуудал.

Шүүгч, эсхүл шүүхийн ажилтан хийвэл зохих ажлаа илүү ч үгүй, мөн дутуу ч үгүй гүйцэтгэж байгаа тохиолдолд л бид тухайн хүний ажлын ачааллын хэмжээг зөв тодорхойлж, улмаар тухайн шүүхэд орон тоо шаардлагатай эсэхийг бодитоор хэлж чадна.  Нөгөө талаар хүн ам ихтэйгээс хамааран дүүргийн шүүхийн шүүгч, ажилтан ажлын их ачаалалтай, хүн ам цөөн газрын шүүхийн шүүгч, ажилтан бага ачаалалтай байх нь угаасаа буруу. Зайлшгүй байх зөрүү байлгүй яахав. Энэ нь хийх ажлын фронт угаасаа багатай газар энэ ажлаа их болгох боломжгүйтэй холбоотой. Харин хийх ажлын хүрээ ихтэй газарт нэг хүнд ногдох ажлын дарамтыг тэнцвэржүүлэх, их ч бага ч байсан хаашдаа дуусах үндэсгүй хэргийн урсгал шүүгч, ажилтан бүрийн хэвийн үйл ажиллагааны нормод нөлөөлөхгүй л байх учиртай. Шүүхэд ирж буй өргөдлийн урсгалд хөтлөгдөн шүүгч, ажилтнуудаа байх хэмжээнээс илүүтэйгээр тэнцвэр алдагдуулсан ачаалалтай ажиллуулах нь үеэ өнгөрөөсөн явдал болов уу. Энэ байдалд л шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандаж, ажлын зохион байгуулалтын дэвшилтэт арга барилыг олох нь чухал. 
  
Бидний хэрэгжүүлэх гээд байгаа мониторингийн асуудал энэ зохион байгуулалтын үндэс суурь нь л юм шүү дээ. 

-Программ хангамж нэвтэрснээр шүүхийн алдаа багасна гэлээ. Шүүхийн алдаа яагаад ямар нэг программтай холбоотой байгаа юм бэ?

-Шүүхийн алдаа гэдэг зүйлийг бас л зөв ойлгох ёстой байх. Амьдрал өөрөө баян, түүнээс гарч буй маргаанууд янз бүр, тэдгээрийг зохицуулдаг хууль боловсронгуй бус, маргааныг таслаж буй шийдвэр мөн төгөлдөр бус. Ромын эрх зүйгээс улбаатай “шүүхийн алдаа” гэсэн ойлголт байдаг. Амьдралыг өөрийг нь нэг хэв загварт цутгаж болдоггүйтэй адил нийгмийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэх эрх шүүгч бүрт байдаг юм шүү. Би энд ямар нэг дур зоргын ч юм уу зүй бус ажиллагааны талаар огт яриагүйг ялгаж, салгаж үзээрэй.

Дээрх төрөлд хамаарах алдаа гэдгийг ямар ч программ хангамж арилгахгүй. Ер нь маргааныг хянан шийдвэрлэдэг этгээдийг компьютероор орлох оролдлого хараахан дэлхийд гараагүй биз дээ. Шүүгчид заримдаа компьютер, техник, машин механизмд таарах шаардлага тавих гээд байдгийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу бидний хэлж заншсанааар процессын алдааны талаар л би дээр ярьсан. Өөрөөр хэлбэл аливаа ажиллагааны үйл явцыг хянаж, тухай бүрт нь залруулж болдог биз дээ.  

-Шүүхэд туслах хийж байгаа хүмүүс л шүүгч болдог гэсэн шүүмжлэл  гарах нь олонтаа.  Захиргааны мэргэшсэн албан хаагчтай болсон тохиолдолд энэ байдал арилна гэж үзэж болох уу?

-Энэ бол бидний төслийн зангилаа асуудлуудын нэг юм. Хуульд заасан боловсрол, мэргэжлийг нь эзэмшсэн хүн өөртөө шүүгч болох зорилго тавин ажиллаж байгааг буруутгаж ерөөсөө болохгүй. Эмч болох хүслээр эмнэлэгт сувилагч хийж байгаа хүнийг шүүмжилдэггүй шиг л санагдах юм. Шүүгч болох хүсэлтэй туслах, нарийн бичгийн дарга нарыг ийм хүсэлтэй болсныг нь буруутгаж болохгүйн адил тэд бусдаас илүү чармайлттай байж, шүүх, түүний үйл ажиллагааны талаар тохой өндөр мэдлэгтэй болж, шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжил нэгтнүүдээсээ илүү өндөр оноогоор тэнцэж байгааг ч шүүмжлээд хэрэггүй.

Харин шүүмжлэх ёстой зүйл бол өөр асуудал юм. Манай хуульчид бүгд эрх зүйч гэсэн нэг л мэргэжлээр, боловсролын нэг л хэлбэрээр бэлтгэгддэг. Гэтэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг шүүх гэдэг том айлд дан ганц нэг мэргэжлийн хүмүүс байх нь зөв үү. Хийж буй ажлын цар хүрээг харвал миний бодлоор дор хаяхад 5 тусгай мэргэжил баймаар санагдах юм. 5 биш юм гэхэд ядаж шүүгч, шүүхийн туслах ажилтан хоёр өөр мэргэжлийн, өөр боловсролын хүмүүс байх ёстой байх. Орон сууцны контор гэж хуучин нэрээр нь хэлье л дээ нэг зорилго бүхий ажлын тодорхой чиглэлтэй байгууллагад инженер нь инженерийнхээ, слесарь нь слесарийнхээ ажлыг хийж, энэ ажлаа хийхийн тулд эзэмших ёстой боловсролыг нь эзэмшиж, авах ёстой үнэмлэх дипломоо авдаг биз дээ. Шүүхэд бүгд инженерийн боловсролтой боловч инженерийн ажил тоотой болохоор орон тоо гарахыг хүлээж слесарийн ажил хийж байгаа хүмүүс олон. Үүнд энэ хүмүүсийн, эсхүл энэ хүмүүсийг ажилд авсан газрын буруу байна уу?

Хэрвээ шүүхийн туслах ажилтны гэж нэрлэе бүхэл бүтэн аппараттай байгаад түүнд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, бичиг хэргийн ажилтан, архивын мэргэжилтэн, шүүгчийн туслах г.м. тодорхой мэргэжлээр бэлтгэгдсэн хүмүүс ажилладаг бол, ийм мэргэжил байдаг бол, ийм мэргэжилтнийг бэлтгэдэг боловсролын тогтолцоотой бол… Шүүхийн туслах ажилтнаар тэтгэвэртээ гартал үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн баатар болох юм сан гэж хүмүүс мөрөөдөж, энэ мэргэжлийг сонгохдоо шүүгч болох дамжлагын бааз болгохгүй, тогтвор суурьшилтай ажиллаж, ажлын үр дүн нь ч хавьгүй өндөр байх болов уу. Эмч болох мөрөөдөлтэй сувилагч маань ч тусгай сургуулийг нь төгсч сувилагч болдог. Эмч болохын тулд дахин өөр сургуульд элсч өөр боловсрол олдог. Шүүгч болох мөрөөдөлтэй шүүхийн ажилтан л шүүгч болох боловсролыг нь эзэмшчихсэн, цолыг нь авчихсан, заримдаа шүүгчээсээ ч илүү боловсролтой байдаг нь хэн нэгний буруу юм уу, тогтолцооны гажуудал юм уу гэдгийг сайтар бодож дараа нь шүүмжлээч дээ. Хүн аливаа юмыг эвдэрснийхээ хэрээр ойлгодог гэж нэг яриа байдаг даа.

Шүүхийн мониторинг мөн л энэ толгойны өвчин болсон асуудлыг шийдвэрлэх эхлэлийг тавьж байгаа юм.  
 
-Шүүх энэ программ хангамжийг  одоо л нэвтрүүлж  эхэлж байгаа нь оройтсон юм шиг бодогдож байна? 

-Эрт гэж хэлчихвэл арай хилс болох байх цаг үедээ л таарч байгаа болов уу. Бүх юм харьцуулалтаар танин мэдэгддэг гэж нэг суут ухаантан хэлсэн байдаг. Олон зуун жилийн түүх бүхий эрх зүйн тогтолцоотой хөгшин Европын гол төлөөлөгчдийн нэг ХБНГУ-д энэхүү мониторингийн асуудал 1990 оны сүүлээр яригдаж, шүүхийн шинэчлэл нэртэйгээр 2005 оноос хэрэгжиж эхэлсэн ба холбооны улсын 17 мужаас зөвхөн Хэссэн мужид хамгийн сайн хэрэгжиж байгаа гэж үнэлэгддэгийг бодохоор оройтож байна уу, эртдэж байна уу өөрсдөө дүгнээд үз дээ. Яг энэ мужийн Хууль Зүйн яамны төрийн нарийн бичгийн даргын хувьд энэ ажлыг удирдан зохион байгуулсан, шүүхийн энэхүү программ хангамжийг ажилдаа нэвтрүүлсэн шүүхийн дарга хоёр эрхэм хүн төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа нь бидний ажлыг үр дүнтэй, өргөн хүрээний асуудлыг хамруулах боломжтой болгож ирсэн.    

Харин шүүхийн хувьд анхны программ хангамжаа нэвтрүүлж байгаа юм биш шүү дээ. Бүртгэлийн, статистик мэдээний, хэрэг хуваарилалтын гэх мэт программыг хэрэглээд удаж байна. Одоо ч хэрэглэж байгаа. Нийт шүүхүүдийн компьютер хангамжийг сайжруулах, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх асуудал хаа газар байдаг хэмжээнд тавигдаж байгаа боловч үйл ажиллагааны программ хангамжийг анх удаа нэвтрүүлж, хөөрцөгдөөд байгаа юм арай ч биш ээ. 

-Зөвхөн иргэний хэрэгт биш эрүү, захиргааны хэрэгт программ хангамж хэзээ нэвтрэх вэ. Ер нь мониторингийн төслийн эцсийн үр дүн хэзээ гарах вэ?

-ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл олон жилийн үр дүнтэй түншлэлийн харилцаатай явж ирсэн.  ГТХАН нэртэй байгууллагаас Монгол улсад хэрэгжүүлж ирсэн олон төсөл үр дүнгээ өгсөөр байгаа. Тэдгээрийн дотор Монгол Улсын шүүхийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлсэн “Монгол Улсын эдийн засгийн ба иргэний эрх зүйн шинэчлэл”, “Хуульчдын сургалт ба давтан сургалт” төслүүдийн ачаар хуулиуд шинэчлэгдэж, эдгээр хуулиудыг хэрэглэдэг шүүгчид нь хууль хэрэглээний арга барилд суралцаж, ийм сургалт явуулах үндэсний тогтолцоо, сургалтын хөтөлбөр, шүүгч-багш нартай болсноос гадна хуулийн тайлбар боловсруулах арга барилтай болж ирсэн. Одоо ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төсөл ажиллаж байна.  Энэ төслийг хэрэгжүүлэхийг Улсын Дээд шүүхээс германы талд 2006 онд санал болгож, уг төсөл 2007 оноос эхлэн хэрэгжиж байгаа. Шүүх дээр төсөл хэрэгжүүлэх зөвлөл, ажлын хэсгүүд байгуулагдан өнгөрсөн хугацаанд багагүй ажил амжуулсан. Ялангуяа иргэний шүүн таслах ажиллагааны ажлын хэсэгт орсон шүүгчид маань ёстой л нойр хоолоо хасан ажлынхаа хажуугаар мэрийн зүтгэж байна. Дээр ярьсан олон талт асуудлуудыг программ хангамжид багтаах хэмжээнд бэлтгэн боловсруулна гэдэг нөр их хөдөлмөр гэдэгт та бүгд эргэлзэхгүй болов уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөл  2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Монгол Улсын шүүхийн мониторингийн үзэл баримтал”-ыг баталж, энэ нь шүүхийн шинэчлэлийн амин сүнс болсон дээрх цогц асуудлуудыг хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн шинжтэй чухал баримт бичиг болсон.

Цаг хугацаа, ажлын чанараараа тунаж шалгарсан найдвартай түнш маань хамтарч байгаа, төслийг герман сэтгэлгээтэй монгол хамт олон зохион байгуулж байгаа, мэдэх чадах болгоноосоо харамгүй хуваалцдаг Монголд сэтгэлтэй герман мэргэжилтнүүд зөвлөж байгаа, шүүн таслах ажлын арвин туршлагатай, бүх шатны шүүхийн шүүгчдийг багтаасан ажлын хэсэг ажиллаж байгаа гээд энэ төслийн үр дүн гайхалтай болно гэдэгт итгэх бүх нөхцөл бүрдсэн гэж бодож байна.     

Эрүү, захиргааны шүүн таслах ажиллагаанд ч ийм программ хангамж нэвтрүүлнэ. Германы талтай хийсэн онцгой тохиролцоо ч байгаа. Аливаа ажил шат дараалалтай хийгддэг юм хойно болно бүтнэ гэж бодож байгаа. Шүүн таслах ажиллагаа бүр өөр өөр онцлогтой. Жишээ нь шүүх дээр явагддаг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны программ хангамж прокурорын байгууллага дээр хийгдэж буй программ хангамжтай салшгүй холбоотой байна. Захиргааны хэргийн шүүх мөн л энэ тал дээр идэвхи санаачилгатай ажиллаж байгаа.

Яг одоо гэхэд л энэ төслийг хэрэгжүүлэх түшиц шүүхүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн шүүхэд программ хангамжийн бета-тест явагдаж байна. Аливаа программ хангамжийг захиалагчид шилжүүлэхээс өмнө төрөл бүрийн судалгааны журмаар туршилт, тандан судалгаа хийгддэг юм байна. Альфа-тестийн шалгалт хийгдсэн, одоо түшиц шүүх дээр бета-тестийн туршилт хийгдэж, үр дүнгээр нь программ хангамжид шаардлагатай засан сайжруулалт хийгдэнэ. Программ хангамжийг Монголын урдаа барьдаг, арвин туршлагатай, үүнэхээр ажилдаа эзэн болсон “Интерактив” ХХК нь гүйцэтгэж байгаад шүүхийн хамт олон сэтгэл хангалуун байгаа.          
 
-Ярилцсанд  баярлалаа.

С.Отгонсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж