-Бүхэлдээ 3.7 тэрбум төгрөг гэсэн тооцоо байгаа.
-Орон нутгийн сонгуулийг, УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулах бололцоо хэр байна вэ. Одоо оруулж ирэх тоног төхөрөөмжийн хүчин чадал хүрэх үү?
-Америкийн компанитай энэ талаар ярихад програмчлал хийгээд хэд, хэдэн сонгуулийн саналын дүн гаргах боломж бий гэсэн. Ганцхан цаг хугацааны асуудал л байна. Ямар цаг хугацаанд ямар ажлыг хийж амжих юм бэ, бас амжихгүй юм бэ гэдгийг л болгоомжлуулж байгаа. Тодруулж хэлбэл, цаг хугацаа хангалттай байвал энэ ажлыг хийж чадна, цаг хугацаа бачим байдлаар хуульчлагдах юм бол хийхэд хүндрэлтэй болно гэж байгаа.
-Нэг машины үнэ хэд вэ. Өнгөрсөн оны төсөвт 24 тэрбум төгрөг тусгаж байсан?
-Нэг машин 3200 ам.долларын үнэтэй байгаа.
-Байнгын хорооны хуралдааны үеэр “Шаардлагатай тохиолдолд машин нэмж авч болох юм” гэж яриад байгаа. Нийт хэдэн машиныг сонгуульд ашиглахаар эхний ээлжинд хөрөнгө мөнгийг суулгасан юм бэ. Тэр нь хүрэлцэхгүй болж мэдэхээр байна гэж ойлгож болох уу?
-Ямар ч байсан 2500 машин авахаар болсон. Түүгээрээ саналын дүнг уншуулж амжих уу гэдгийг бид одоогоор тодорхойлж чадаагүй байгаа. Ер нь бол 2500 машин хүрэлцээтэй л гэж тооцоолсон. Гэхдээ хоёрдугаар сарын 15-наас хэсгүүд байгуулагдана, Хэсгийн тоо хэд болох нь вэ, хэсэгт оногдох сонгогчдын тоо хэд болох нь вэ гэдгийг харгалзаж үзэж байгаад зайлшгүй машин нэмэх шаардлага байна уу гэдгийг тодорхой болгоно.
-Автомат машин ажиллуулах хүмүүсээ хэрхэн бэлтгэх вэ?
-Машиныг ажиллуулж, ашиглах үйл ажиллагаа бол мэдээллийн технологи, мэдлэг шаардсан нарийн төвөгтэй ажил. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийг сургаж, сертификат олгосны үндсэн дээр энэ хүмүүс машинтай харилцаж, сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулна. Тийм учраас сонгуулийн үеэр ажиллах хүмүүсийг тусгайд нь бэлтгэнэ. Америкийн компанитай тохирсон ажлын төлөвлөгөө бий. Хүмүүсээ сургахын өмнө эхлээд технологийнхоо асуудлыг шийднэ, саналын хуудсаа яаж програмчлах вэ, ямар байдлаар машинд програм суулгах юм гээд энэ бүхэн тодорхой болсны дараа технологи дээрээ хүмүүсээ сургана. Тогтсон графикийн дагуу тэр ажлыг хийнэ.
-Туршилт хийх шаардлагатай гэж сайд Ц.Нямдорж мэдэгдэж байсан. Хэзээ хийх вэ?
-Туршилтгүйгээр сонгууль явуулж болохгүй хуультай. Хоёр сонгуулийг нийлүүлээд зохион байгуулж болох нь уу, үүнийг туршаад үзээч гэдэг санал тавиад байгаа юм. Бид Америкийн компанид асуудлыг тавьсан. Зөвхөн турших програмыг боловсруулахын тулд сараас сар хагасын хугацаа шаардана, өмнө явж байсан бүх ажлууд зогсож байж энэ ажлыг хийнэ гэдэг асуудлыг тавьж байгаа. Тийм учраас турших ажил нэлээд төвөгтэй гэдгийг хэлчихье.