Бурхан Халдуныг дэлхийн өвд бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Бурхан Халдуныг дэлхийн өвд бүртгүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Бурхан Халдун, Дагуурын дархан цаазат газрыг Дэлхийн байгаль, соёлын өвд бүртгүүлэхээр болжээ. Бурхан халдун уулыг 1992 онд төрийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд Чингис хааны төрж өссөн дэлхийн анхны тахилтат уул гэдэг утгаар нь дэлхийн өвд бүртгүүлэхээр болжээ. БОАЖЯ-ны мэргэжилтнүүд энэ тухай материалыг боловсруулж дуусаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн туслахад өгсөн байна. Мөн Дорнод аймгийн гурван сум, ОХУ-ын Чита мужийг хамарсан Дагуурын дархан цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэхээр болжээ. Тус газрыг Монгол, БНХАУ, ОХУ-ын гурван улсын хэлэлцээрээр 1994 тусгай хамгаалалтын бүс болгосон юм. Ерөнхийлөгчийн 230 дугаар зарлигаар байгуулагдсан комисс ОХУ-ын Чита мужид болж буй ЮНЕСКО-гийн хуралд энэ талаар танилцуулахаар өчигдөр зорьжээ. БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэдээлснээр Монголын тал дэлхийн байгаль, соёлын өвийн хороонд ирэх есдүгээр сарын 30-ны дотор бүрдүүлсэн материалаа хүргүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Харин дэлхийн өвийн журмаар эдгээр нутгийг 2014 онд бүртгэх эсэхийг эцсийн байдлаар хэлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж