Зоос банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий өөрийг нь ямар ч гэм хийгээгүй байхад ял оноосон гэж үзэж байгаа учир гомдолтой байгаа аж. Тэрбээр Зоос банкны “хэргийн эзэн хэнгэргийн дохиур”-ыг олоход нь хуулийн байгууллагынханд тусалж байна гэж бодож байсан ч эцэст нь өөрөө ч мэдэлгүй хэрэгтэн болчихсон гэсэн утга бүхий ярилцлагыг өгсөн юм. Түүний хэлсэн цөөхөн хэдэн үг өөрийг нь улс төрийн золиос болсон гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байгаа бөгөөд Ш.Чуданжий харин энэ хэргийн цаана нуугдсан эрхмүүдэд сануулга өгсөн бололтой. Уг нь түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Гэтэл тэрбээр анхан шатны шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа нь ийм хардлага төрүүлээд байгаа билээ. Ш.Чуданжийг Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж, “буруутай” хэмээн үзэж зургаан жилийн хорих ял оноосон юм. Харин үүнийг тэрбээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Тэр үнэхээр “гэмгүй гэмтэн” үү. Аль эсвэл хэн нэгнийг сүрдүүлээд байна уу.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин