Түүнчлэн УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Мөн л асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ерөнхийдөө “Тавантолгойн хувьцааны 20 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлнэ. Компаниуд нэрлэсэн үнээр нь худалдаж авна” гэх зэрэг асуудал дээр санал нэгдэцгээжээ. Харин хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Я.Батсуурь л өөрийнхөө санаачилсан төслийг танихгүй байгаагаа гайхаж суув. Тэрбээр “Миний санаачилсан төсөл тэс өөр болчихлоо. Монгол Улсад баян, хоосны ялгааг арилгана гээд л байсан. Яг энэ маягаараа хувьцаа олгох юм бол Тавантолгойн хувьцаанаас олон хүн авч чадахгүйд хүрнэ. Оюутнууд, өндөр настнууд хувьцаагүй үлдэнэ. Дээр нь амьдралын түвшин доогуур, орлого багатай иргэд хувьцаагаа бэлэн мөнгөөр сольчихно. Байгалийн баялгийг ингэж шударга бусаар хуваарилдаггүй юм” гэлээ. Түүнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд “Харин ч таны өргөн барьсныг бодвол овоо танигдахаар төсөл болсон” хэмээн хээвнэг хариулсан юм. Гэхдээ оюутнуудын хувьд сургалтын төлбөр хэлбэрээр энэ онд олгох 500 мянган төгрөгөөсөө татгалзаад тэрхүү мөнгөндөө таарсан хувьцааг авч болох гэнэ. Мөн өндөр настнууд энэ оны зургаадугаар сар хүртэл сар бүр олгох 21 мянган төгрөгөөсөө татгалзаж 100 орчим мянган төгрөгтөө таарсан хэдхэн ширхэг хувьцаа авч болох талаар ч гишүүд ярьж байна. Хувьцаагаа бэлэн мөнгө болгоно гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалж олон улсын зах зээл дээр IPO хийхээс өмнө Засгийн газарт худалдаж болох ажээ. Засгийн газар иргэдээс хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж аваад үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн л нэрлэсэн үнээр нь санал болгон худалдахаар төсөлд тусгаад байгаа билээ.
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар эдгээрээс гадна Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ингээд чуулган цаг сунган хуралдсаны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана гэсэн мэдээлэл өгсөн юм. Хурлаар намрын чуулганы хугацааг дахин сунгах талаар хэлэлцсэн аж. Ерөнхийдөө чуулган завсарлах хугацааг дахин хэд хоногоор сунгах бололтой.
"Улс төрийн тойм" сонин