“Гранд”-ын 17 дахь дугаар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

“Гранд”-ын 17 дахь дугаар худалдаанд гарлаа

Сард нэг удаа 72 нүүртэйгээр даацтай гардаг “Гранд“ сэтгүүлийн 17 дахь дугаар уламжлал ёсоороо папараци зураг, урьд өмнө дуулдаагүй сонин содон мэдээлэл дүүрэн уншигчдынхаа гар дээр иржээ. Швейцариас моод, соёл авчирсан бизнесийн ертөнцийн “элеганс” хатагтай хэн болох, үзэсгэлэн гоо гайхуулсан шинэхэн бэрүүдийн цуваа хэн хэнээр үргэлжилж буйг мэдэхийг хүсвэл “Гранд” энэ дугаарынхаа хавтсанд онцолсон байна. Түүнчлэн топ модель Д.Пүрэвсүрэн алтны магнатын охин Монголжиндоо дүү төрүүлж өгөх гэж байгааг дуулгахын сацуу топ модель бүсгүйн жинхэнэ хайрын эзэн, “Занаду майнз”-ын Ганбаяр хэмээх нууцлаг тэрбумтны папараци фото зургийг нийтэлжээ. Өдгөө хөл хүнд Д.Пүрэвсүрэн хэзээ төрөхийг энэ дугаараас мөн уншиж болох нь ээ. Алтны магнат гэдгээрээ алдаршсан Ц.Мянганбаяр ноёнтны 2 дахь гэргий үзэсгэлэн гоо Х.Азжаргал хатагтай, хөөрхөн охин Тифани нарын халуун энхрий агшин, нэрт нийтлэлч Баабар, алдарт Оюутолгой хоёрын түншлэл, тус сэтгүүлээс 2 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Гранд лэди” шилдэг эмэгтэй шалгаруулах ёслолын ажиллагаанд хэн хэн нэр дэвшсэнийг “Гранд”-ын 17 дахь дугаараас та тольдоорой.

Сүүлийн үед уншигчдын анхаарлыг ихээхэн татаж буй “Гранд лэди” буюу хүчирхэг хүүхнүүд буландаа тус сэтгүүл өнгөрсөн дугаарт Дондогдулам хатны намтар түүх болон “Гандирс” компанийн захирал, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж ноёнтны гэргий хатагтай Ц.Эрдэнэчулуунын ярилцлагыг гаргаж дуулиан тарьсан бол энэ удаад Английн анхны хатан хаан Аннагийн намтар түүх, “Нью майнд” компанийн Удирдах зөвлөлийн дарга бизнесийн нууцлаг хатагтай нарын нэг Г.Идэрмааг ярилцлагн хоймортоо урьсан нь тун ч сонирхолтой болжээ.  
Түүнчлэн МАК-ын зартай хүү, шинэхэн дэд сайд Н.Номтойбаяр 3 дахь хүүхдээ тэврэх гэж байгаа, “3 охин”-ы Соло АПУ-ыгийн бэр болох уу, мэс заслын ширээн дээр мэндэлсэн гоо сайхны эздийн сонирхолтой жигтэй баримтуудыг дэлгэсэн материал, имиж үйлдвэрлэгч этгээд эрхмүүд хэн хэн болох, LV брэндээр дэгжирхэгчдийн хэн нь ориг, хэн нь хулхийг хэрэглэдэг тухай, шинэхэн үзэсгэлэнт бэрүүдээр хэн хэн тодорсныг мэдэхийг хүсвэл “Гранд”-ынхаа нүүр хуудсыг шимтэн уншаарай. 

Мөн “Монгол баярхал, Солонгос гутамшиг“ хэмээх сэдвийн дор хагас тэрбумын үнэтэй тансаг зэрэглэлийн “Роллс Ройс” хөлөглөдөг УИХ-ын гурван гишүүн гэж хэн болох, тэд ямар хауст тухалдаг болохыг онцолсон байна. Тэгвэл “Гранд би” ярилцлагын буланд УИХ-ын эрхэм гишүүн А.Тлейхан уригдаж сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Энэ мэт олон сонирхолтой мэдээ мэдээлэл, фото зураг, даацтай нийтлэл “Гранд” сэтгүүлийн энэ дугаарт багтсан байна. Дугаараас дугаарт даацтай, амттай мэдээллүүдээрээ уншигчдынхаа хүрээг тэлсээр буй тус сэтгүүлийн хилийн чанад дахь уншигчдад сайхан мэдээ дуулгахад www.grandnews.mn фото мэдээллийн портал сайтыг ажиллуулж эхлээд байгаа ажээ. Сэтгүүлийн дэргэдэх бие даасан тус сайтыг “Гранд”-ын хамт олон Монголын анхны папараци сайт хэмээн онцолсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж