“Цэргийн гэмт хэрэг тулгах нь хууль зөрчсөн үйлдэл”

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

“Цэргийн гэмт хэрэг тулгах нь хууль зөрчсөн үйлдэл”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан, хошууч генерал Б.Пүрэвийг “Ярилцах танхим”-ын зочноор урилаа.


-Сар шинийн өмнөхөн тантай ярилцаж байгаадаа таатай байна. Гэвч энэ удаа бидний ярианы гол сэдэв нь 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор өрнөх нь. Нэгэн үе цагдаагийн бай­гууллагыг удирдаж яв­сан таны хувьд дээрх хэ­рэг­тэй холбогдуулан цагдаагийн дарга нарт “Цэргийн гэмт хэрэг” гэсэн зүйлчлэлээр ял тулгаж байгааг юу гэж үзэж байна вэ?

-Цагдаагийн зарим дарга, алба хаагчдыг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар эрүүгийн хариуцлагад татах, тэр тусмаа шийтгэх үндэслэл байхгүй. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэгэнтээ телевизэд өгсөн ярилцлагадаа “Цагдаа бол цэрэг биш” гэж тодорхой хэлж байна лээ. Цэрэг биш юм чинь яаж цэргийн гэмт хэрэгтэн болох вэ. Тиймээс Цэргийн гэмт хэргийн тухай хуулиар цагдаагийн дарга нарыг яллах нь хууль зөрчсөн үйлдэл болно.

-Ер нь энэ үймээний үеэр цагдаагийнхан хэрхэн ажилласан, тэд яагаад заавал гэмт хэрэгтэн болох ёстой вэ гэдэг талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэсэн үү, үгүй юу гэдгийг, мөн хэрэглэсэн бол галт зэвсэг хэрэглэх хууль ёсны үндэслэл байсан эсэхийг тогтоох нь маш чухал. Өөрөөр хэлбэл, ямар зорилго, шалтгаанаар галт зэвсэг хэрэглэсэн бэ гэдгийг шалгаж байгаа гэж би ойлгодог. Нотолгоо болчихмоор тодорхой баримт хэлдэг гэрч хомс бололтой. Галт зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох үндсэн арга нь гэрчийн мэдүүлэг, баллистикийн (галт зэвсгийн) шинжилгээ хоёр байх болов уу. Тиймээс шинжилгээнд найдаж байгаа биз.

-УИХ-ын гишүүн сумны хонгио үзүүлж, түүнийгээ баримт хэмээн олон нийтэд тайлбарлан ярьсан. Тэрхүү хонгионуудыг нотлох баримт гэж үзэж болох уу?

-Хохирогчийн биеэс олдсон сумны хошууг аль буугаар буудсаныг тогтоох ёстой. Тогтоовол нотолгоо, тогтоохгүй бол нотолгоо биш. Дундаж гэж байхгүй. Гудамжнаас олсон хонгионуудыг цагдаагийн бууных гэж хардаж байгаа бол сумаар юу буудсан бэ. Өөрөөр хэлбэл, хошуу нь хаана байна вэ гэдгийг тогтоох зайлшгүй шаардлага гарна. Хохирол зөвхөн хошуунаас учирдаг. Цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэхдээ эхлээд анхааруулж хий буудах ёстой. Юутай ч хонгио нь олдсон бүх сумаар хүн буудаагүй нь тодорхой байгаагаас үзвэл, буудлагын сургуулийн байрнаас хонгио авчирч гудамжинд хаях буруу санаатай хүн ч байж болохыг үгүйсгэхгүй. Албан хаагчид нь галт зэвсэг хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн бол зөв хэрэглэсэн үү, буруу хэрэглэсэн үү гэдгийг шалгаж шийдээгүй байж дарга нартай хариуцлага ярих боломжгүй шүү дээ.

-Тухайн үед цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглэсэн  эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй хэвээр байна. Та энэ байгууллагыг сайн мэдэх хүний хувьд  цагдаа нарт галт зэвсэг байсан эсэх тухайд ямар таамаглалтай байдаг вэ?

-Хэрэв цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглэсэн бол энэ нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40, 46 дугаар зүйлийн заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Мэдээж, энэ хуулийн заалтад нийцэж байвал цагдаагийн алба хаагч гэм буруугүй, нийцээгүй бол гэм буруутай гэсэн үг. Цагдаагийн алба хаагчийн өөрийн болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохоор үйлдлийг өөр аргаар таслан зогсоох боломжгүй болсон нөхцөлд галт зэвсэг хэрэглэж болно. Тухайлбал, 2008 онд болсон эмх замбараагүй байдлын үеэр төмөр хайс сугалаад цагдаа руу бүлэглэн дайрсан, олуулаа нийлж цагдааг зодож хүндээр гэмтээсэн зэрэг хуульд заасан нөхцөл байдал нэг биш үүссэнийг телевиз болон албаны бичлэгээс одоо ч үзэж болно. Харин цагдаагийн алба хаагч нарт шаардлагатай зэвсэг, түүний дотор галт зэвсэг байгаагүйгээс довтолгооныг тухай бүрт нь таслан зогсоож чадаагүй нь илт анзаарагддаг.

-Үймээний үеэр тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зарлиг гаргаж онц байдал тогтоосон. Харин үймээнийг намжаахад цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгаж байна. Яагаад зарлиг гаргаж эрх олгосон хүнд бус үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дарга нартай л ял  тооцох ёстой гэж?

-Энд хоёр өөр зүйл ярьж байгаа юм. Нэг нь “Эмх замбараагүй байдлыг таслан зогсооход галт зэвсэг битгий хэрэглэ” гэсэн үүрэг өгсөн тухай. Эмх замбараагүй байдлыг таслан зогсоох зорилгоор олон нийтийн эсрэг галт зэвсэг хэрэглээгүй гэдэг дээр маргаангүй гэж би ойлгодог. Үүнтэй холбогдуулж нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн 194 дүгээр зарлигт “Цагдаад байгаа бүх зэвсэг, техник хэрэгслийг ашигла” гэсэн заалт байдаг. Тэгвэл галт зэвсэг хэрэглэсний төлөө цагдаагийн ямар ч тушаалын алба хаагчид хариуцлага тооцох аргагүй. Мөн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл үүссэн тохиолдолд цагдаагийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх эрхтэй, бас үүрэгтэй. Монгол Улсын хуулийн заалтыг өөрчлөх, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг дагаж мөрдөж болохгүй гэсэн тушаал өгөх эрх Ерөнхийлөгчид байхгүй шүү дээ.

-Цагдаагийн алба хаагчдад зайлшгүй тохиолдолд галт зэвсэг хэрэглэх шийдвэрийг хэн, хаанаас өгдөг юм бэ?

-Цагдаагийн аль ч шатны байгууллагын дарга бүх алба хаагчдаа дагаж яваад “Одоо зэвсэг хэрэглэ, одоо хэрэглэж болохгүй” гэж тушаах боломжгүй. Тиймээс алба хаагч өөрөө шийдвэрлэж, үр дүнг өөрөө хариуцахаар хуульд заасан байдаг.

-Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амар­болд генералыг буруутгах үндэслэл байж болох уу?

-2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлын тухайд Дотоодын цэргийн командлагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг тусдаа хуультай. Өөр бүтэц, бие бүрэлдэхүүн, зэвсэг, техниктэй. Мөн өргөдөг тангараг нь тусдаа шигээ дүрэмт хувцас, албаны дүрмүүд нь ч өөр. Товчоор хэлбэл, хоёр өөр байгууллага. Хоёрдугаарт, 2008 онд тогтоосон Онц байдлыг хэрэгжүүлэхэд дотоодын цэрэг оролцоогүй. Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээс цэргийн алба хаахтай холбоотой ямар нэг харилцаа үүсээгүй. Гуравдугаарт, тэр үед дотоодын цэргийн ямар нэг албан хаагч галт зэвсэг хэрэглэсэн, эсвэл дотоодын цэргийн мэдэлд байсан бууг хэрэглэсэн тухай баримт, мэдээ, гомдол байхгүй. Дөрөвдүгээрт, цагдаа, тагнуул зэрэг Зэвсэгт хүчний бус байгууллагын албан хаагчдыг цэргийн алба хаагчидтай адилтган цэргийн гэмт хэрэгт шийтгэдэг байсан социализмын үеийн хуулийн заалт УИХ-аас 2008 оны хоёрдугаар сарын 1-нд Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр хүчингүй болсон. Энэ дөрвөн зүйлийг базаж хэлбэл, 2008 онд тогтоосон Онц байдлыг хэрэгжүүлэхэд, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн хийсэн ажлыг Дотоодын цэргийн командлагчийн хувьд хийсэн үйлдэл гэж мушгивал цэвэр хэлмэгдүүлэлт болно. Одоо цагт тийм цагаандаа гарсан хэлмэгдүүлэлт гарах орон зай байхгүй гэдэгт итгэж байна.

-Өршөөлийн хуулиар нэгэнт хаагдсан хэргийг сэргээж, цэргийн гэмт хэрэг болгож байгаа учраас дээрээс заавал шийт гэх үүрэг өгсөн байх гэж цагдаагийнхан итгэсэн бололтой?

-“Дээрээс” гэж Ерөнхийлөгчийг хэлж байна уу. Би Ерөнхийлөгчийн дэргэд хэдэн жил ажилласан. Улстөрчид бол ортой, оргүй хардуулж, элдвээр хэлүүлж байх хувьтай хүмүүс. Төрийн тэргүүн хэн ч байсан тийм болчимгүй, богино бодолтой байна гэж үгүй. Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг сэргээсэн нь үнэхээр ойлгомжгүй, Үндсэн хуулийн Цэц л зөв, бурууг хэлэх байх.

-Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид дээрх асуудалтай холбоотойгоор тэмцэх, ажил хаях талаар ярих боллоо. Төрийн тусгай алба хаагчдад ийм эрх бий юү?

-Шүүх засаглалын байгууллага, албан тушаалтан алдаа гаргаж, эсвэл бүр санаатай буруу ажиллаж, хуулийн дагуу үнэнд хүрэх замыг хааж, улмаар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон хүмүүс боломжтой, чадах аргаа хэрэглэхээс өөр замгүй болох нөхцөл бүрдэж болзошгүй. Өөрөөр хэлбэл, тэмцлийн замд түлхэж оруулдаг. Эрх ашгаа хамгаалах, тэмцэх эрх бүх хүнд, түүний дотор цагдаад бий. Хамгийн гол нь цагдаагийн алба хаагчид албаны онцлогоо мартаж болохгүй. Би 1995 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа санаачилж, Цагдаагийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэл байгуулсан. Түүнийг бүртгэхээс цааргалсаар, сонгууль хүлээсэн хүмүүс нь олигтой ажиллахгүй байсаар унтраасан. Зохион байгуулалтад орж, хүчээ нэгтгэсэн цагт л амжилт олно. Үүнийг хийх хамгийн зөв хэлбэр нь Үйлдвэрчний эвлэл болов уу гэж боддог. Цагдаагийн алба хаагчдын, эсвэл тэтгэвэрт гарсан алба хаагчдын төрийн бус байгууллага байгуулах гэж байгаа талаар сонссон. Тийм байгууллага байж болно. Гэхдээ түүнийг цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалахаар төрийн хийх ажлыг орлон хийдэг байгууллага болгож болохгүй. Буруу санаатай хүмүүсийн гар хөл болгож бүр ч болохгүй. Офицер, цагдаа нар өөрсдөө явж хөөцөлдөхөөс өөр аргагүй байдалд хүргэж, бие бүрэлдэхүүнийг бужигнуулахгүй байвал зүгээр сэн.

-Онц байдал зарласны дараа цагдаагийн алба хаагчид хүмүүсийг олноор нь баривчилсанд иргэд ихээхэн бухимдсан. Гэтэл цаана нь уг байдлыг далимдуулсан гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааг хэн ч анзаардаггүй, бас ярьдаггүй. Миний санахад, онц байдал зарласны дараа цаг даагийнхан хэрхэн ажилласан талаараа тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд ярих цаг болсон гэж боддог. Тэгээд ч хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг биз дээ?

-Онц байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд “Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасан. Бас Онц байдлыг хэрэгжүүлэх штаб ажиллаж байсан. Иймээс онц байдлын үед галт зэвсэг хэрэглэх асуудал бүхэлдээ цагдаа, цэргийн байгууллагын дарга нарын мэдлээс гарч Аюулгүй байдлын зөвлөл, штабт шилжсэн. Онцгой нөхцөл байдал буй болж, “удирдан зохион байгуулах” үүргийг Аюулгүйн зөвлөл гартаа авчихаад байхад хэдэн цагдаагаар оролдож байгаа нь зөөлөн хэлэхэд ойлгомжгүй, шууд хэлэхэд арчаагүй бөгөөд бүтэлгүй явдал. Бүтэлгүй юмнаас сайн юм гарахгүй нь лав. Тиймээс энэ асуудал сунжрах тусмаа муу байж болох магадлалтай. 2008 оны долоодугаар сарын 1-ний эмх замбараагүй байдал бол сонгуулийн санал хураалтын дүнд бухимдсан хүмүүсийн урсгалаараа гаргасан үйл явдал биш. Санал хураалтын дүн гарахаас бүр өмнө бэлтгэж, зохион байгуулж эхэлсэн үйл ажиллагаа. Хүн амын олонх нь үүнийг ойлгож, мэдэж байгаа. Болсон явдлыг далайцтай, гүнзгий шалгаж, үнэн мөнийг ард түмэнд мэдээлэх нь эрх баригч МАН, АН хоёрын удирдлагын, бас ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон Ерөнхийлөгчийн үүрэг мөн. Дөрвөн хүний амийг хороосон буруутныг олохын оронд цагдаагийн удирдах дөрвөн ажилтныг хариуцлагад татаж яллавал аймшигтай эндүүрэл болно. Магадгүй асуудлыг хурцатгахгүй гэсэн мэт харагдаж болох энэ хандлага цаашилбал асуудлыг бугшуулах, дахин босож ирэх, тэгснээрээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхэд хүргэж мэднэ. Түүхийн үнэнийг нууж болдоггүй, жинхэнэ нүүр царайгаар нь олонд харуулж л таарна, тэгэхдээ тун удахгүй гэдгийг одоо цагт эрхбиш ойлгомоор. Өөрөөр хэлбэл, эрх баригчид хийх ёстойгоо юмаа хийхгүй, магадгүй хийхийг хүсэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж