“Мөнх тэнгэр” фракц: Шинэ улс төр бий болгоно

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

“Мөнх тэнгэр” фракц: Шинэ улс төр бий болгоно

Ардчилсан нам “Шонхор” хэмээн фракцаа өлгийдөж аваад удаагүй байхад дахин “Мөнх тэнгэр” хэмээх фракц мэндэллээ. Энэхүү фракцыг УИХ-ын гишүүн асан, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй залуу улстөрчдийн баг бүрдүүлж байгаа юм байна. “Мөнх тэнгэр” фракц байгуулагдсан талаараа олон нийтэд албан ёсоор  өчигдөр зарлав. Тэдний гол зорилго нь  шинэ улстөр, шинэ үеийн соёлыг түгээх гэнэ. Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэвээс зарим зүйлийг тодруулсан юм.

-“Шонхор” фракц байгуулагдаад удаагүй байхад АН дотор дахин нэг фракц шинээр төрлөө. Энэнь ирэх сонгуулийн шоу юу. Яагаад ийм нэртэй фракц байгуулах болов?

-Монголчууд 22 жилийн турш ард­чил­лыг бий болгохын төлөө зүтгэсэн. Гэсэн хэдий ч нийгмийн байдал яг л хэвээрээ, нэг байрандаа байсаар бай­на. Энэ бүхнийг өөрчлөх, шинэчлэх хэрэг­тэй байгаа юм. Манай фракц гурван чиглэлийн үзэл баримтлал дэвшүүлээд байгаа юм. Шинэ үеийн улстөрчдийг гаргаж ирэх, шинэ үеийн улс төрийн соёлыг түгээх, тэгш боломж бий болгох гэсэн асуудлууд юм. Бид одоогоор на­мын удирдлагуудтайгаа уулзаагүй байгаа.

-Нэг нам байж яагаад нам дотроо фракц байгуулах болов?

-Ер нь бид бодлогоо намын бодлого болгохын тулд энэ фракцыг байгуулсан. Бидний бодоод байгаа, хийх гэж хүсээд байгаа зүйл өнөөдөр Ардчилсан нам дотор гээгдээд байна. Ирэх сонгууль Ардчилсан намын хувьд түүхийн хариуцлага болж байгаа. Ялах ёстой. Энд намын залуусын дуу хоолой, оролцоо, бодлого хэрэгтэй гэж манай фракц үзэж байгаа.

-“Шонхор”, “Мөнх тэнгэр” фрак­цууд байгуулагдчихлаа. Танай фракц “Шон­хор”-оос юугаараа ялгаатай вэ?

-Бусад фракцаас бидний ялгарах онцлог бол бидний дунд ямар нэг хүний хөл гар, дохио зангаагүйгээр өөрсдөө амьдралаа босгосон үеийнхэн багтаж байгаагаараа онцлог. Мэдээж намын гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнийхээ хувьд адилхан зүйлүүд байгаа боловч бидний тавьж байгаа асуудлууд эрс ялгарна гэж хэлэх байна.

-Та бүхэн ардчилал бий болсон цагаас эхлэн улс төрд явсан хүмүүс. Тэгэхээр ахмад буюу та бүхнээс өмнөх үеийнхэн ардчилалыг байгуулж чадахгүй байна гэсэн үг үү?

-Зөв л дөө. Олон нийт тэгж харах ёстой. 70-аад оныхон гарах болсон шүү дээ. Шинэ залуу үе улстөрд орж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгэх ч зорилгоор бид фракцаа байгуулаад байгаа.

-Ойрын үед хийх алхам юу вэ?

-Сар шинийн баяр өнгөрөхөөр Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулахаар бэлтгэж, томъёолсон төлөвлөгөө бий. Бид тэр программ төлөвлөгөөгөө АН-ын сонгуулийн үеэр гаргах мөрийн хөтөлбөрт багтаахын төлөө явна. Ингэснээр АН энэ сонгуульд ялах ёстой гэж харж байна.

-Танайд олон фракц байгуулаг­даад ирэхээр АН-ыг хуваагдах нь гэх хардлага төрж байгаа байх?

-АН бол нэг зорилго, нэг санаатай нам. Бид хэзээ ч салж, сарнихгүй. Зөвхөн намын бодлогоо шинэчлэх, илүү их үр дүнтэй ардчилалыг бий болгохын тулд залуучууд юу хийж чадах, ингэснээр улстөрд залуу үе орж ирэх нь шинэ гэсэн бүхнийг бий болгож байгаа юм. Түүнээс бид фракц байгууллаа гээд намаасаа гарахгүй.

-Танай фракцынхан “шинэ” гэдэг үгийг олноор хэлж байна. Шинэ  гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?

-Ардчилал анх үүсч эхлээд яг эхэлсэн газартаа байсаар нь байгаа. Үүнийг бид тодорхой харж болно. Тухайлбал, Засаг дарга хүн өөрийнхөө хүрээллийг үүсгээд тэр суудалдаа удаан суухыг хүсдэг. Аливаа нэг дарга нарын хүрээлэл зөвхөн өөрийнх нь хүмүүс байх гэх мэт. Тиймээс залуучууд нэгдээд хамтран шинэ эрч хүчээр ажиллахыг хэлээд байгаа юм. Шинэ гэдэг маань ердөө л шууд утгаараа.

-Ингэхэд танай фракц хэдэн гишүүнтэй вэ. Цаашид гишүүдийн тоо нэмэгдэх болов уу?

-АН-ын ҮЗХороо нийт 200 гаруй гишүүнтэй. “Мөнх тэнгэр” фракц одоо­гоор 30 гаруй гишүүнтэй болоод байна. Удирдах зөвлөлийн гурван гишүүнтэй. Цаашид орон нутаг болон нийслэлээс хүмүүс нэгдэнэ гэдгээ мэдэгдэж бай­гаа. Бидэнтэй нэгдэх хүмүүсийг нээлттэй хүлээж авах болно.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж