Хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд долоон хууль батална

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд долоон хууль батална

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг хэлэлцсэн юм.

Тус хуралд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж оролцож дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт”, “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”, “Автотээврийн хэрэгслийн бохирдлыг бууруулах” ажлын талаар танилцуулга хийсэн байна.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шинээр батлуулах шаардлагатай долоон хууль, шинэчлэн найруулах шаардлагатай 18 хууль байгаа гэнэ.. Үүнээс онцолвол, “Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Газрын төлбөрийн тухай хууль”, “Хот байгуулалтын тухай хууль” юм. Одоогоор эдгээр хуулийн төслүүд нь боловсруулах, Засгийн газар, Байнгын хороогоор хэлцүүлэх шатанд явж байгаа юм.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4.9 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд уул уурхай бүтээгдэхүүнээс 4,570.6 тэрбум төгрөг,  улсын төсвөөс 386.9 тэрбум төгрөг, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаас 22.9 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөж байгаа аж.

 Хоёр үе шаттай хэрэгжих уг хөтөлбөрөөр 2010-2012 онд 1.8 их наяд төгрөг, 2012-2016 онд 3.1 их наяд төгрөгийн ажлыг хийхээр төлөвлөжээ. 100 мянган айл хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 000 айлын орон сууц, орон нутагт 25000 айлын орон сууц барина гээд Дэнжийн мянга орчмын 1000, Зүүн сэлбэ хороололд 3140, 7-р бичил хороололд 9400, Гандан орчимд 1000, 14-р хороололд 5000, МҮОНРТ-ийн хэрэг эрхлэх газар орчмын 2000, Ханын материалд 1000, Яармагт 3500, Сонгинохайрхан дүүргийн Цэргийн хотхонд 1000, нийт 32140 айлын орон сууц гэр хороололд баригдаж, Шинэ хотхон хороолол барих чиглэлийн хүрээнд Баянголын аманд 12000, Буянт-Ухаад 12500, Ургах наранд 2500, нийт 27000 айлын орон сууц шинээр баригдах гэнэ.

Түүнчлэн   “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 350 км авто зам өргөтгөж шинэчлэх, 212 км авто зам шинээр барих, 7 газарт гүүрэн гарц, огтлолцол барихаар тусгасан. Энэ зорилтот хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд нийслэлийн авто замын сүлжээ 925 км болж, хотын хөдөлгөөний түгжрэл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдах аж.

Ингээд дээрх ажлуудыг хэрэгжүүлэх, ялангуяа 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянголын амны “Баянгол” хороолол, “Их тойрог”, “Сонгино” зэрэг газрын ЦДАШ, дэд станцууд байгуулах, ДЦС-4 TӨХК-ийг түшиглэн дулааны дэд станц барих ажлыг ч эрчимжүүлэхээр болжээ.  

Б.Энхмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж