Захын наймаачдын ажиллах орчинг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Захын наймаачдын ажиллах орчинг сайжруулна

Зах дээр ажиллаж буй иргэдийг албан бус хөдөл­мөр эрхлэгчид гэж үздэг. Эдгээр иргэд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж чаддаггүй. Мөн ажиллах орчин нөхцөл хүнд. Захын эзэд түрээсийг нь дураараа нэмлээ гэхэд буулгая, төлөхгүй гэж хэлэх эрх байдаггүй. Энэ нь үнийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нө­лөөлдөг. Ихэнхи худалдаачид өндөр хүүтэй банк­ны зээлтэй байгаа талаар МҮЭХ мэдэгдэж, төр зас­гийг анхаарлаа хандуулахыг хүсч байсан юм.

Тэгвэл зах дээр ажилладаг иргэдэд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх, санал солилцох “Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн ажлын байрны нөхцлийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн өчигдөр Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Үндэсний “Эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан энэхүү зөвлөгөөн ил задгайгаар худалдаа эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэндийн болон ирээдүйн баталгаа болсон нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэх зорилготой аж.  Зөвлөгөөнд НХХ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэн, ҮЭЭН холбооны тэргүүн Я.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс болон зах дээр худал­даа эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм. 

Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн хувьд эрүүл мэндийн асуудал хамгийн ихээр тулгамддаг гэнэ. Тэд өвлийн хүйтэнд даарснаас болж, элдэв өвчинд нэрвэгдэх болсон талаараа ярьж байлаа. Мөн түрээс, татвараа хугацаанд нь төлдөг ч нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүйгээс тэтгэвэрт гарахад хүндрэлтэй байдаг гэнэ. Тэд татвар, түрээсээ төлдөг учир нийгмийн даатгалд хамрагдах ёстой. Зах дээр лангуу түрээслэгчдийг ажил олгогч гэж үзэх хэрэгтэй байгааг ярилаа. Тэгэхээр лангууны түрээсэнд сардаа 100 мянган төгрөг төлдөг худалдаачин 500 мянган төгрөгний цалинтай хүний адил орлогыг захын “боссдоо” оруулж байна. 

Зөвлөгөөнд оролцогсод зах дээр ажиллаж буй олон үйлчлүүлэгчдийн иргэдийн орчныг сайжруулах цаг ирсэн гэдгийг онцолсон юм. Зах гэдэг зөвхөн худалдаачид бус тул үйлчлүүлэгч иргэддээ анхаарах ёстойг хэлж байлаа. Харин НХХ-ийн яам эдгээр иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд анхаарч ажиллахаар болжээ. Гаднын жишигт хүрэхүйц битүү дээвэртэй зах барилаа гэхэд түрээсийн үнэ нэмэгдэнэ. Энэ хэрээр бараа бүтээгдэхүүний өсөх магадлалтай тул өдий хүртэл захын иргэд зуны бөгчим халуун, идэр есийн хүйтнээр задгай зах дээрээ ажилласаар байна. Мөн сүүлийн үед иргэдийн худалдан авах чадвар муудсанаас бэрхшээлийг “шүд зуун” тэвчсээр иржээ. Мөн задгай зах дээр ажилладаг иргэдийг хамгаалах байгууллага үгүйгээс эздийнхээ нэмсэн түрээсийг цаг хугацаанд нь багтаан төлдөг аж. Түрээс нь өсч, мөнгөний ханш унаснаас захын бараа, бүтээгдэхүүний үнэ зайлшгүй нэмэгдэхэд хүрдэг гэнэ. 

“Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн ажлын байрны нөхцлийг сайжруулах нь” зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн, холбогдох яам агентлагуудад хүргэх гэнэ. Ингэснээр захын иргэдийн эрүүл мэнд, даатгал, ажиллах орчин нөхцөл сайжрах боломж бүрдэх учиртай гэдгийг зохион байгуулагчид үзжээ.

Мөн зөвлөгөөний үеэр Монгол Улсын ажиллах хүчний 60 гаруй хувь нь өрхийн аж ахуй болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаар дурдлаа. Тэгэхээр Монгол Улсын иргэдийн 60 гаруй хувь нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалдаа хамрагдаж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь хэлэлцэн, шийдвэрлэх чухал асуудлын нэг болон үлдлээ. Мөн ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлын нэг байхыг ч үгүйсгэхгүй юм.

Харин манай улсын иргэдийн 40 орчим хувь нь зохион байгуулалттай буюу албан байгууллага, компаниудад ажилладаг. Энэ хэрээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдан, ирээдүйд тэтгэвэрт гарах боломж нь бүрддэг аж.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж