Тэнгэр газар шиг ялгаатай тэнгэр газрын тээврийнхэн

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Тэнгэр газар шиг ялгаатай тэнгэр газрын тээврийнхэн

Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газар, Төмөр замын удирдах газар, УБТЗ-ын буудлын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэд хамгийн эхэнд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын орон нутгийн болон олон улсын зорчигчдын танхимын үйл ажиллагааг сонирхсон юм. Энэ онд тус нисэх буудлаас бууж хөөрөх нислэгийн тоо 14700, иргэний нисэхийн зорчигч урсгал 890761, ачаа тээвэрлэлт 772,2 тоннд хүрч нисэх буудлын ачаалал эрс нэмэгдсэн юм байна. Гэхдээ ачаалал нэмэгдсэн гээд  иргэдийг хохироож болохгүй учраас байгаа хүчин чадлаа нэмэгдүүлэх, зорчигчдын ая тухтай байдлыг хангах талаар ажилласан гэнэ. Тус нисэх буудал цагт 1500 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай. Үүнийг 2000 болгохыг зорьж байгаа хэмээн ИНЕГ-ын дарга С.Батмөнх хэлж байлаа. Үүний дараа Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт, зохицуулалтын алба, МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Уг төвөөр ороход “Боинг 737800” маркийн агаарын хөлөг засвар үйлчилгээндээ орж байсан юм. Нисэх онгоцнууд сардаа нэг удаа ийм төрийн үйлчилгээнд ордог юм байна.  Тэрхүү  үйлчилгээг тус газрын инженер техникийн ажилчид хийдэг бөгөөд жижиг хэмжээний үйлчилгээнд орж байгаа аж. Иймэрхүү жижиг хэмжээний үйлчилгээг бол ажлын найман цагт багтаагаад хийчихдэг, харин томоохон засвар үйлчилгээг бол хамгийн багадаа 35-45 хоногийн турш хийдэг хэмээн эндхийн инженерүүд ярьж байна лээ. 

Тэндээс цааш хөдөлж, “Чингис хаан” нисэх буудалд хөөрч, буух нислэгийг удирдах төвөөр орсон юм. Уг төвд агаарын замыг хянадаг локатрыг шинээр суурилуулаад удаагүй байгаа бөгөөд эндээс манай орны агаарын зам болон нисэх онгоцнуудын хөдөлгөөнийг бүрэн хянадаг юм байна. Монгол Улсын Иргэний нисэхийн салбар 2010 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын хоёр удаагийн аудитын шалгалтад амжилттай хамрагдаж Азид тав, дэлхийд 15-т бичигдсэн амжилттай ажиллаж байгаа юм байна. ИНЕГ-ын Газрын дарга С.Батмөнх уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд иргэний нисэхийн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Манай улсын агаарын тээврийн салбар өргөжин тэлэхийн хэрээр боловсон хүчний асуудал нэээд хүндрэлтэй болж байна. Бид аль болох боломж бололцооныхоо хэрээр залуу боловсон хүчнээ гадаадын орнуудад аваачиж сургадаг, гадаадаас багш нарыг хүртэл урьж авчран дотооддоо сургалт  зохион байгуулж ажиллаж байгаа. Хамгийн их хүн зорчдог Сөүлийн чиглэлийн нислэгийн талаар иргэдээс багагүй гомдол ирдэг. Үнэнийг хэлэхэд, манай 100 иргэн  Өмнөд Солонгосын визэнд ороход тэдний дөнгөж 30-д нь л виз гарч байх жишээтэй. Харин манай улсад Өмнөд Солонгосын иргэд чөлөөтэй ирж буцаж зорчдог байна. Энэ асуудлыг Монголд ашигтайгаар шийдэх шаардлага зүй ёсоор тулгараад байна.  Шинээр баригдахаар төлөвлөөд байгаа нисэх онгоцны буудлын ажил цаг хугацааны хувьд хоцорч байгаа. Төлөвлөж байгаагаар бол 2017 он гэхэд ашиглалтад оруулах юм. Нисэх буудлын үйл ажиллагаа, үйлдвэрлэлтэй танилцсаны дараа сайд хэлэхдээ “Иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх бүхий л ажилд анхаарлаа хандуулна. Хөрөнгө оруулалтын нөхцөл өөрчлөгдөж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн шинэчлэл хийгдсэн нь эрс мэдрэгдэж байна. Бидэнд хамтын хүчээр хийж амжуулах олон ажил байна. Иргэний нисэхийн салбарт 2007 оноос эхэлж хэрэгжсэн манай улсын агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийг хянах бодит ажиглалтын системийн үйл ажиллагааг улам сайжруулах хэрэгтэй. Санаа зовоож байгаа өөр асуудал бол Японы Засгийн газрын зээлээр санхүүжиж, Хөшигтийн хөндийд шинээр баригдах олон улсын нисэх онгоцны буудал, шинэ нисэх буудлын шилэн кабель, эрчим хүчний ажил хангагдсан хэдий ч цаг хугацааны хувьд хоцрогдож байна. Одоогоор дотоодын тендер зарлагдсан байгаа. Японы Жайка байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцсон. Энэ ажлыг бид эрчимжүүлэх ёстой. Ялангуяа Японы багцаас санхүүжих нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвасын ажлыг энэ дөрөвдүгээр сард эхлүүлэхийн төлөө хамтарч ажиллана” гэв. Мөн агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтыг сайжруулах, тодорхой төвшинд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар шийдвэртэй арга хэмжээ авах, Алма-Ата-Өлгийн чиглэлийн нислэгийг түргэтгэх ажлыг зохион байгуулахыг Иргэний нисэхийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

Үүнийхээ дараа “Вокзал” буюу УБТЗ-ын буудлын үйл ажиллагаатай очиж танилцлаа. Уулзалтын үеэр уг байууллагынхан сайдад хандаж хэлэхдээ манай байгууллага одоогийн байдлаар нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал байгаа. Хамгийн эхэнд шийдвэрлэвэл зохих асуудал бол манай төмөр замын буудлын байрны асуудал байгаа. Энэ барилга анх 1951 онд модоор барьсан барилга. Олон жилийн хугацаанд засварын ажил хийгээгүй болохоор дээвэр нь их муудсан. Ер нь олон хүн цугладаг иймэрхүү үйлчилгээний газар модоор баригдсан нь цаанаа эрсдэлтэй, гал түймэр гарлаа гэхэд шүдэнз шатааж байгаа юм шиг дорхноо авалцаад л асчихна. Тэгэхээр нэн түрүүнд шинээр байр барих хэрэгтэй байна. Энэ асуудал одоо л гарч ирж байгаа биш олон жилийн өмнөөс л бид холбогдох газарт нь мэдэгдэж байгаа. Харамсалтай нь хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэж өгөхгүй л байна. Эхний ээлжинд  шинээр барих барилгын зураг төслийн  ажлыг хийх хэрэгтэй байна. Үүнийг хийхийн  тулд улс дор хаяж нэг тэрбум төгрөг төсвөөс гаргаж өгөх шаардлагатай гэж тооцоолсон. Ер нь олон улсын жишгийг харахад төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтраад шийдчихдэг юм байна лээ. Манайх ч гэсэн ингэж шийдэх боломжтой. Төр зураг төслийг нь гаргаад өгчихнө. Төмөр зам шаардлагатай байраа өөрсдөө барьчихна, харин хувийн хэвшлийн байгууллагууд  үйлдвэрлэл үйлчилгээнийхээ юмыг бариад эндээсээ зарлагаа нөхөөд явах боломжтой. Бас нэг тулгамдаж байгаа асуудал бол манай байгууллага одоогоор 40 хувийн алдагдалтай ажиллаж байгаа. Энэ нь ерөөсөө зорчигч тээвэрлэх үнийн тарифтай холбоотой. Үнэ хямд байгаа учраас л алдагдалд ороод байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд нэг бол төр төсвөөс мөнгө гаргаж өгөх. Үгүй бол үнээ нэмэх л гэсэн зам байна. Мөн манай үйлчилгээнд явж байгаа вагонууд хэт хуучирсан учраас хэрэглэгчдийн сэтгэл санаанд нийцэхгүй байна. Үүнийг ч бас шийдвэрлэх шаардлатай байна. Мөнгө санхүү нь байвал үнийг шийдвэрлэх амархан. Төмөр замууд ч бас хуучирсан, өнөө­­­гийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа. Энэ мэт олон асуудал байгааг анхааралдаа авахыг хол­богдох хүмүүсээс хүссэн юм. Уг байгууллагаар өдөрт дунджаар 1500 гаруй хүн зорчдог бөгөөд өнгөрсөн онд нийт дөрвөн сая иргэн уг бай­гууллагаар үйлчлүүлсэн юм байна.

Х.Гэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж