Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Д.Зоригттой цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Зээлийн батлан даалтын тухай хууль саяхан батлагдлаа. “Надад санаа байдаг. Гэтэл үүнийгээ хэрэг­жүүлэхээр зээл авах гэхэд банкны барьцаа байдаггүй” Ийм асуудлыг шийдэх зорилготой хуулийн төслийг баталсан гэж ойлгож байна. Би буруу ойлгоогүй биз?

-Тийм ээ, тийм л асуудлыг шийдэх зорилготой хуулийг баталлаа. Жишээ нь, Дорж нэг сая төгрөгийн саалийн үнээ аваад сүүгээ зараад амьдарья гээд банкнаас зээл хүсэхэд өөдөөс нь “таны зээлийн барьцаа хөрөнгө 400 мянган төгрөгийн л үнэлгээтэй юм байна. Ингэхээр сая төгрөгийн зээл өгөх боломжгүй” хариулж буцаадаг. Харин энэ хууль гарснаар Дорж зээлийнхээ 40 хувийг өөрөө батлан дааж, харин зээлийн батлан даалтын сангаас 60 хувийг нь батлан даахаар болж байна. Ингэхээр Дорж сая төгрөгийн зээлээ авах боломжтой болж, үнээгээ авч, цааш нь сүүг нь зараад зээлээ төлөөд явах нь гэсэн үг.

-Баталгаа гэхээр яах вэ, батлан даалт гаргана гэхээр юу нь өөр гэдгийг хүмүүс нэг их ялгахгүй байх шиг байгаа юм. Энэ хуулиар бол “батлан даалт” хийж байгаа шүү дээ?

-Засгийн газрын “баталгаа” гаргана гэж хуулинд хийж өгсөн бол “шууд төлнө” гэсэн үг. Дорж зээлээ төлж чадахгүй болвол Засгийн газар өмнөөс нь шууд зээлийг нь төлнө. Харин хуулиар батлан даалт хийж өгөхөөр хуульчилсан тул банк нь Доржийг зээл төлөхгүй бол эхлээд зээлийг төлүүлэх бүх арга хэмжээ авна гэсэн үг. Зээлээр авсан зүйлийг нь хураагаад ч банк хохиролтой байвал үлдсэнийг нь Зээлийн батлан даалтын сангаас нөхөн төлбөрөө авна гэсэн үг.

-Батлан даалтын санд мөнгө хийж өгсөн юм уу?

-Хууль гарсан юм чинь Засгийн газар, олон улсын байгууллага оролцоно. Мөн банкны холбоо ч оролцоно гэсэн. Яагаад гэвэл, ийм сан байснаар арилжааны банкуудын харилцагч нэмэгдэж, эерэг нөлөөлөл ихсэхээр байгаа. Аж ахуйн нэгж, иргэд ч санд хөрөнгө оруулалт хийх боломжтой.  

-Тэр санд иргэн, аж ахуй нэгжүүд мөнгөө хийгээд ашигтай юу, үгүй юу?

-Энэ сан нь өөрөө ашгийн төлөө бус. Ингэхээр санд хөрөнгө оруулснаар ашиг олж ногдол ашиг хүртэх зүйл байхгүй. Хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих сайн санааны зориулалттай сан.

-Манайд ч Засгийн газрын гэх олон сан байх шиг ээ. Хэр үр дүн­тэй сангууд байдаг юм бол гэх ч шүүмж­лэл бий. Харин энэ сангийн ялгаа?

-Хорин тав орчим сан бий. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар эдгээрийг зохицуулдаг. Олон салбарыг дэмжих зориулалтын сантай. Эрүүл мэндийг дэмжих сан, Боловсролыг дэмжих сан, газар тариаланг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд бий. Харин зээлийн батлан даалтын сан бол дээрх сангийн хуулийн хүрээнд биш засгийн газар үүсгэн байгуулагчаар нь оролцож байгаа, өөр оролцогчидтой сан.    

-Та Эдийн засгийн байнгын хорооны даргын суудлаа сая өглөө. Энэ хугацаанд юуг чадав, бас юуг чадаагүй тухайгаа хэлээч?

-Сайнаас нь эхэлье. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд очиж буй санхүүжилтийг нэмэгдүүлж чадлаа. Сүүлийн хорин хоёр жилийн түүхэнд анх удаа 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бондоор гаргах шийдвэрийг байнгын хороо гаргалаа. Зээлийн хүүг бууруулж чадсан. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд жилийн 12 хувийн хүүтэй зээл олгодог байсныг долоон хувь болгосон. Хугацааг нь уртасгаж өгсөн нь ч үр дүнгээ өгсөн байх. Зээл авчихаад ажлаа дөнгөж эхэлж байхад л зээл төлөх хугацаа болох нь олон бизнес эрхлэгчдэд дарамт байсан. Харин энэ хугацааг таван жилээр сунгалаа. Үндэсний үйлдвэрлэл, тэр тусмаа ноос ноолуурын салбарынхныг дэмжих бодлогыг гаргасан. Ер нь энэ бүхэн нь бэлэн мөнгө аваад сууж байх хүнийг биш, ажиллаж хөдөлмөрлөж орлогоо нэмэгдүүлэх хүмүүст чиглэсэн бодлого байлаа. Энэ бодлогын дотор Зээлийн мэдээллийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиуд орно. Мөн манайд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага байгаа. Одоо бол зөвхөн банкны зах зээл л хөгжсөн байна. Нийт хүн амынх нь 95 хувь нь банктай харьцаж байна. Зөвхөн зээл авдаг, хүү боддог үйлчилгээ зонхилж байна. Гэтэл өндөр хөгжилтэй улс орнуудад хөрөнгийн зах зээл нь давамгайлсан байдаг. Хөрөнгийн бирж дээр гарч буй компаниудад итгэх нь өндөр учраас үүнээсээ мөнгө босгож эдийн засгаа дэмждэг. Энэ дутагдлыг засахын тулд хийсэн зүйл гэвэл компанийн хуулийг шинэчилж өгсөн. Энэ хууль батлагдсанаар компанийн засаглал сайжрах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, ил тод байдал, хариуцлагыг өндөрсгөсөн шүү.

Чадаагүй зүйл харамсалтай нь бас бий. Тавантолгойн орд газрыг бүтнээр нь үйл ажиллагааг нь эхлүүлж чадсангүй. Хугацаа их алдлаа. 2010 онд УИХ-аас шийдвэр гараад Засгийн газарт чиглэл өгсөн боловч оператор компани, гүйцэтгэгчээ сонгоод эхлүүлж л байна. Анхны нүүрсээ экспортлож эхэлсэн нь амжилт ч чамлалттай. 40 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай байх ёстой.

-Таны дараагийн байнгын хороон дарга МАН-аас томилогдож байгаа. Зөвхөн Эдийн засгийн байнгын хороо ч гэлтгүй бусад бүх байнгын хороо МАН-ын удирд­лага­тай болсон. Дээрээс нь яамд, агентлаг гээд л. Хамгийн сүүлд л гэхэд Иргэний бүртгэлийн газрын даргаар тус намын нарийн бичгийн дарга очиж буй бололтой.  Үүнийг МАН төрийн албыг сонгуулийн штаб болсон гэж хардаж шүүмжилж байна. Энэ шүүмжтэй санал нийлэх үү?

-Шүүмжтэй санал нэг байна. Төрийн албыг улс төрөөс ангид байлгах талаар улс төрийн хоёр гол нам тохирцож хуулийн шинэчлэл хийж байгаа. Гэтэл төрийн албан хаагчийг улс төрийн томилгоогоор авчирч байна. Сонгуулийн ажлыг хариуцах хамгийн гол бүртгэлийн байгууллага дээр намынхаа нэг нөхрийг тавьж байгаа нь харамсалтай л санагдаж байна. Энэ их зохимжгүй томилгоо. Хүнийх нь хувьд хэлж байгаа зүйл биш, улстөрч хүнийх нь хувьд энэ шүү дээ.

-Тавантолгойн асуудлыг хэлэл­цэ­хэд Ардчилсан нам завсарлага авсан. Энэ мэт байдлыг нь харахаар хаа хаанаа ойлголцохгүй зүйл их байгаа мэт санагдах юм. Иргэдийн хувьд бол юу болоод байгаа нь бүр ч ойлгомжгүй?

-Зарчмын хувьд тохирчихсон. Иргэдэд олгох хувийг 20 болгон нэмэг­дүүлэх, мөн ААН-үүд нэрлэсэн үнээр хувьцааг худалдан авах боломжийг нь үлдээхээр болсон. Мэдээж бүх ААН-үүд хувьцаа авахгүй нь ойлгомжтой. Ингээд энэ тухай тогтоолын төсөл санаачилаад хэлэлцэж байгаа. Яах вэ, зарим зүйл заалтууд дээр нь дахиж ярих, томъёоллыг нь нарийвчлах талаар л ярих хэрэг байгаа болоод завсарлага авсан юм. Ер нь бол өнөө маргаашгүй батлахаар тохирсон. Том санал зөрөлдөөн байхгүй юм чинь батлагдчихна.

-Тавантолгойн арван хувь байсан хувьцааг хорь болгоно гэсэн. 536 ширхэг нь 1072 болсон. Гэтэл өмнө нь сая төгрөгөөр үнэлж байсан тэр хувьцааны үнэлгээ хоёр сая бололгүй хуучин хэвэндээ л байх юм гэнэ. Энэ нэг л биш санагдахгүй байна гэж үү?

 -Урьд нь нэг сая төгрөгийн үнэтэй хувьцаа гэж тогтоогоогүй шүү дээ. Нийт Тавантолгойн лицензийг эзэмшиж байгаа Эрдэнэс Тавантолгой компаний хувьцааны арван хувийг ард иргэдэд өгөх гэдэг нь 15 тэрбум хувьцааны арван хувь гэсэн үг. Үүнийг нийт иргэдэд хуваахаар хүн бүрт 536 орчим хувьцаа болно. Одоо харин УИХ-ын зарим гишүүд санаачлаад арвийг хорь болгохоор ярьж байна. Ингэхээр 1072 хувьцаа. Мэргэжлийн байгууллагууд тогтоосны дараа энэ компанийн анхны үнэ гарах байх. Анхны үнэлгээ ингэж гарсны дараа 15 тэрбум хувьцаанд хуваахаар нэгж хувьцааны нэрлэсэн гарааны үнэ гарч ирнэ. Үүнийг одоогоор хэн ч тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ баримжаа бол бий. Нэг бүрийн хувьцаа 800 төгрөг байх болов уу. Дэд бүтцээ байгуулж, уурхай бүтээгдэхүүнээ гаргасны дараа хувьцаа хөрөнгийн бирж дээр гарч ирсний дараа л жинхэнэ үнэ  тогтох болно. Нэг бүр нь 1500, 2000 гээд 3000 ч болж магадгүй. Иргэдийн хувьд хувьцаагаа зарахгүй байх нь эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй байна байх.

-Өнгөрөгч өдрүүдийн хэвлэлийн гол сэдэв нь үнийн өсөлтийн тухай байсан. Үүнд дүгнэлт гаргах ажлын хэсэг танай Эдийн засгийн байн­гын хороон дээр байгуулагдсан байх аа. Үүний гол буруутан хэн байна вэ?

-Ажлын хэсгийнхэн дүгнэлт гарга­сан. Ардчилсан намын бүлгийн зүгээс Засгийн газрын зарим байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа тухай дүгнэлт гаргасан. Монголбанкны зохих хэмжээний буруу байгаа тул зохих хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэх санал гарсан. Гэвч байнгын хороон дээр хариуцлага тооцох тухай энэ санал олонхийн дэмжлэг авч чадаагүй. Ингээд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарт хариуцлага хүлээлгэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ валютын өсөлт, бензиний үнийн талаар цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газар, УИХ-ын төвшинд тогтоол гаргахаар болсон.

Бензин шатахууны үнэ нь стратегийн ач холбогдолтой тооцоолол тул үнийг тогтоохдоо Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудын оролцоог хангах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийг ёс журмынх нь дагуу байгуулаагүй байсан. Шатахууны үнийн өөрчлөлтийг энэ зөвлөлөөр заавал оруулж шийддэг байх зэрэг олон заалтыг үүнд багтаасан.

-Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “бид буруугүй, УИХ-ын үүргийн дагуу ажилласан” л гэж тайлбар тавьж байна шүү дээ.

-Монголбанк тийм мэдэгдэл хийгээд байгаа. Гэхдээ валютын ханш үнийн өсөлтөд нөлөөлсөн нь тодорхой шүү дээ. Валютын ханш яагаад өссөн шалтгаанаас гэвэл, Монголд орж ирдэг валют багассан. Гэтэл гардаг валют хэвээрээ. Ингээд өнгөрөгч саруудаас валютын тэнцэл алдагдаж ирсэн. Гэхдээ Монголбанкинд валютын өсөлтийг сааруулах боломж байсан. Ингэж огцом өсгөхийг сааруулахад оролцох боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй гэж ажлын хэсгийн олон гишүүд дүгнэж байсан. Би ч энэ дүгнэлттэй санал нэг байна. Өөрөөр хэлбэл Монголбанк боломжийг ашиглаагүй.

-Боломжийг ашиглаагүй гэдэг нь арилжааны банкуудад хангалттай валют нийлүүлээгүй гэсэн үг үү?

-Монголбанк өөрийн тайлан тэнцлийн алдагдлыг арилгах зорилгоор идэвхийлэн оролцоогүй, хангалттай хэмжээний интервенц хийгээгүй гэсэн ажлын хэсгийнхний саналыг Монголбанк хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Л.Пүрэвдоржоос Монгол­банкны валютын нөөц үүнд зориулаг­даагүй, үүнээс илүүгээр оролцвол сөрөг нөлөө үзүүлэх байсан” гэж тайлбар хийсэн. Энэ тайлбар нь үндэслэлтэй ч өнгөрөгч нэг сарын эхээр гарсан огцом өсөлтийг саармагжуулах боломжийг алдсан. Манай улсын хэрэглээний 60 илүү хувийг гаднаас авч байгаа болохоор валютын ханш инфляцид хамгийн ихээр нөлөөлдөг.

-Би саяхан сарын хоёр хувийн хүү­тэйгээр зээл гаргууллаа.  Гэтэл оны өмнө яг энэ зээлийг 1.7 хувийн хүүтэйгээр гаргаж байсан юм. Яагаад ингэв гэтэл Монгобанк бод­логын хүүгээ нэмсэн тул зээлийн хүүнүүд нэмэгдсэн гэнэ. Монголбанк инфляцийн эсрэг авдаг ганц арга хэмжээ нь бодлогын хүүг нэмэх, үүнээс нь болж бизнес эрхлэгч, зээлдэгч нар л хохирдог гэдэг үнэн санагдсан шүү?

-Монголбанкинд өөр сонголт алга байх шиг байна. Улсын төсөв ихээр тэлж байна. Ард иргэдийн гар дээр буй мөнгө нэмэгдэж байна. Төсвийн бодлого ийм тэлэлттэй байгаа үед саармагжуулах тэр л аргыг ашиглаж таарах нь. Арилжааны банкуудад байгаа зургаан их наяд төгрөг чинь зээл болоод гарчихвал эдийн засгийн халалт, халуурал болж бид бүхний авч буй цалин орлого бүхэнд дахиад л сөрөг нөлөө үзүүлнэ. Тэрнээс биш бодлогын хүүг нэмсэн нь бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэнд таатай биш.

-Өнгөрөгч өдрүүдэд нийт ард иргэд хохирогчид байсан гэдэг нь тодорхой. Харин хэн хамгийн их ашигтай байсан гэдэг нь анзаарах ёстой нэг зүйл байх?

-Нефть импортлогчид үнийн өсөлтөөс ашиг олсон. Энэ төрлийн бизнес эрхлэгч цөөн хүмүүс ашигтай ажиллаж, олон нийт хохирсон. Мөн валютын ченж хийдэг цөөн хүнд ашигтай байсан байх. Огцом уналт, огцом өсөлтүүдэд тэр хүмүүс л ашиг хийж байдаг шүү дээ.

-Төсөвт 172 тэрбумын тодотгол хийхээр болсон. Өмнө баталснаа үгүйсгэж байгаа мэт энэ байдал нь бодлогын дагуу явахгүй улс төрийн шалтгаанаар л хийгдээд буй мэт харагдаж байна. Ингэх хэрэг байхгүй гэж шүүмжилж байсан хэрнээ л батлах болохоор дэмжчих юм?

-Төрийн албан хаагч 165 мянган хүн байгаа. Үүнийг 165 мянган өрх гэвэл Үүнийг 165 мянган өрх гэвэл нийт Монголын хүн амын дөрөвний нэгд хамаатай бодлого гэсэн үг. Эдгээр хүмүүсийн хөдөлмөрийн үнэлгээг нэмэгдүүлэх нь төрийн үүрэг л дээ. Үүнийгээ л хийж байгаа юм. Боломж байгаа үед нь эдгээр хүмүүсийгээ дэмжиж л байх хэрэгтэй, эдгээр хүмүүсийн цалинг нэмнэ ч гэж Төсвийн хууль баталж байх үед тохирсон байсан. Гэхдээ нэмж буй арга хэлбэрт нь шүүмжлэлтэй хандаж байгаа. Жилийн эхэнд нэг, эцэст нэг гээд хоёр хувааж нэмбэл үнийн хөөрөгдөлд нөлөөлөх нь бага болно. Харамсалтай нь сонгуулийн өмнө багтаагаад ойрхон зайтайгаар нэмэх гэж байгаа нь улсын санхүүгийн байдлыг ч амаргүй байдалд оруулж байна. Үнийн өсөлт гаргах байх гэсэн болгоомжлол ч байна. Юмны үнэ нэмэгдчихээр цалин өссөний хэрэг ч гарахгүй болно шүү дээ.

-Дөрөвний гурав нь нэлээд л чирэгдэх нь бололтой?

-Дөрөвний гурав нь чирэгдэж байгаа гэдэг нь үнэн. Өөрсдөө хөдөлмөрлөдөг хүмүүс олон бий. Иймд төрийн албаныхны цалинг нэмэгдүүлсний дараагаар энэ дөрөвний гурваа дэмжих бодлогоо Засгийн газраас оруулж ирэх хэрэгтэй. Татвараас чөлөөлөх гээд байгаа юм уу, санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөл санал болгох гээд байгаа юм уу гэдэг нь тодорхой баймаар байна. Үүнийг нь ч Засгийн газраас шаардаж байгаа.

-Цагаан сарын өмнө бэлэн мөн­гөний нийлүүлэлт нэмэгдэхээр юу болох бол?

-Шийдвэр цагаан сарын өмнө гарсан ч цалингийн нэмэгдлийг цагаан сарын дараа хийнэ шүү дээ. Хоёрдугаар сарын нэгнээс гэж тооцож олгогдох байх гэхдээ л цагаан сарын дараа олгогдож эхлэх биз.

-Нөхөж олгоно гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Өвөрхангайдаа үйлдвэрлэе гэх уриа­тайгаар сонгуульд оролцож бай­сан хүн өөртөө дүн тавибал хэд гэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийн чиглэлээр долоон тэрбум орчим төгрөгийн санхүүжилт Өвөрхангайд очиж. 200 гаруй төсөл хөтөлбөрт бизнес эрхлэгчид хамрагдсан байна. 40 гаруй жижиг дунд хэмжээний үйлдвэр байгуулагдаж. Гаднаас авдаг байсан олон зүйлээ өөрсдөө хийдэг болсон.

-Та тэгвэл тойргоо солихгүй Өвөрхангайд нэр дэвшинэ гэж төлөв­лөж байна уу?

-Санаа бол байна. Гэхдээ яахыг намаас шийднэ. Таван сард шийдэгдэх байх.

-Өвөрхангайн мандатын тоог цөөлсөн. Ингэхээр нэг намынхан хүртэл нэр дэвшихийн төлөө хоорон­доо өрсөлдөх байх даа. З.Энхболд, Батхүү дээрээс нь таны нэр байна. Нам хэнийгээ явуулах гэж байна?

-Өвөрхангайн тойргийн тоо хоёроор багассан. Өвөрхангай нь хүн амынхаа тоогоор Хөвсгөлийн дараа орох аймаг. Шинэ хуулиар хоёр мандаттай болсон. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-н гурван гишүүн байгаа. Бид гурав ярьж байгаад хоёрыгоо явуулах тухай ярих байх даа. Гурвуулаа хоорондоо ярьж байгаад л хамгийн боломж ихтэй хувилбарыг сонгоно гэдгээ зарчмын хувьд тохирчихсон байгаа.

-Учраа гэх ч юм уу, энэ тойрогт МАН-аас хэн хэнтэй өрсөлдөх юм шиг байна, та сонирхож үзэв үү?

-Хамгийн эхэнд Д.Лүндээжанцан гишүүний нэр явж байна лээ. Өнгөрөгч сонгуульд нэр дэвшиж байсан Ерөнхий сайдын зөвлөх С.Чинзориг нэр ч дуулдана лээ. МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар,Байгаль орчны сайд байсан Г.Шийлэгдамба, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн бас Асашёорюүгийн нэр ч сонсогдож байна.

-Гэхдээ дөрвөн хүн өрсөлдөж хоёр нь ялсан ч нөгөө хоёр нь жагсаалтаараа гишүүн болоод ороод ирэх боломж нь байгаа биз дээ?

-Онолын хувьд ийм боломж байгаа. Жишээ нь, Өвөрхангайд өрсөлдсөн дөрвөн хүн бүгдээрээ өндөр оноо авахад ингэж болох юм. Ялагдсан ч гэсэн авсан саналаараа бусад тойргуудаас өндөр байвал орох боломжтой.

-Ялагдсан хүн гишүүн болно гэхээр чинь л шударга бус зүйл гэж парламентаас гадуурх намууд үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Баталсан хуулиндаа хэр итгэлтэй байна?

-Үндсэн хуулийн цэц хэрхэн үзэхийг би мэдэхгүй нь. УИХ дээр олон талаас нь яриад Үндсэн хууль зөрчихгүй гэж үзээд л баталсан. Олон улсад ч ийм жишиг нь байна. Сонгогчдын санал гээгдүүлэхгүй гэдэг утгаар нь манайхтай ижил хуулийн тогтолцоотой Германд ч ийм жишиг байна. Олон сонгогчийн санал авчирсан гэдэг утгаар нь намаа төлөөлж орох эрх нь нээгдэж байгаа гэсэн утгатай.

-Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулна, явуулахгүй гээд л бас л маргалдаад байна. Үүнд ямар ашиг сонирхол байдаг юм бол доо?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нэг өдөр хоёр сонгууль зохион байгуулагдахаар байгаа. Энэ хуулийн дагуу л явуулах хэрэгтэй. Гэхдээ шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн хуулийн дэвшилтэд санаандаа нийцүүлэх хэрэгтэй. Ер нь Монгол шиг жижигхэн улс сонгуулийн улс байж болохгүй. 2008 онд үүнийг л шийдэхийн тулд хамтад нь зохион байгуулцгаая гэж шийдсэн.

-Сонгуулиас өмнө цахим үнэм­лэхээ тарааж чадахгүй бол яах вэ. Энэ талаар танилцуулгыг бүлэг дээр та­нил­цуулсныг нь юу гэж шийдсэн бэ?

-Энэ талаарх мэдээллийг бүлгийн хуралдаан дээр хаалттай байдлаар танилцуулсан. Энд өгсөн мэдээллээр амжих юм гэдгийг ойлгосон. Гэхдээ анх төлөвлөснөөс хойшлохоор байгаа юм билээ. Нарийн ажиллахгүй бол хүндрэл үүсэхээр байгаа. Сонгууль болох өдөр хүн бүрийн гар дээр цахим үнэмлэх очсон байх ёстой. Ингээд амжуулах ёстойг холбогдох сайд, ажил хариуцсан удирдлагуудтай ярилцаж тохиролцсон. Ер нь бол амжина.

-Амжихгүй бол яах вэ?

-Амжина. Амжихгүй бол тухайн үед нь УИХ шийднэ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж