Зорьсон газраа ирсэн өнөө нөхдүүд их л идэвхтэйгээр хогийн савийг онгично. Саван дотор байсан хогийг гадагшаа гаргаж хаяад л ухаад байх аж. Хэсэг хугацааны дараа “олз” тэдэнд том гай тарьж орхив. Хоёр залуу өөр хоорондоо олзоо булаацалдан хэрэлдэж бүр зодолдож эхэллээ. Тэнд байгаа, тус захаар үйлчлүүлж байгаа буй хүмүүст сонсогдохоор чанга, чанга хашхичиж, хэлэх, хэлэхгүйгээр бие биенээ доромжилж байна. Харин үлдсэн хоёр нь тэднийг салгах гэж дундуур нь орон хэд гурван үг хэлсний дараа дуу нь намжлаа. Бие, биенээ алах нь холгүй байсан нөхдүүд нам болж байгааг харвал тэр нөхөр “овгор” нь бололтой дог. Удалгүй захын хаалгаар тэдэн дээр бас л хоёр, гурван хүн нэмэгдэж ирэв.Тэд олуулаа болж аваад захаас гарч одно лээ.
2-3 насны хоёр хүүхэд хоосон шил эргүүлэн, хэн нэгний хаясан хэртэй малгайг хоорондоо булаацалдан, хөөцөлдөн тоглоно. Зарим нь бүр хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдүүд байлаа. Сургуулийн насны хүүхдүүд ч золбин нохоотой нөхөрлөн, хогоор байлдаж тоглох. Харин тэдний ээж, аавууд биендээ том үг шидлэн архи “зооглож” сууна. Архиндаа халамцсан тэд хэн нэгний хөлдсөн шээс, гутлын мөр бүхий бохир хашаа налан суух ажээ. Дээр дурьдсан хэсэг хүмүүсийн зүглэсэн захын хойд талын нийтлэг дүр зураг нь энэ. “Босс” болтой нөгөө эр эндээ ч бас муугүй байр суурьтай бололтой. Нийт цугларсан хогийг тушаа гээд нэгэн залууг хөөгөөд явуулж байгаа харагдлаа.
Өдөржингөө хог түүсэн тэд өдрийнхөө алжаалыг 300 төгрөгийн найруулсан спиртээр дардаг болсоор уджээ. Тэдэнд архи зардаг хүмүүс нь үнэндээ тэднээс ялгаагүй. Уранхай ноорхой хувцас өмссөн, таяг тулсан хүмүүс байх. Учир мэдэх хүний амнаас сонсвол нэн ядуу гэх тодорхойлолтод багтах хүмүүс л тэдэнд архи зардаг ажээ. Тэндхийг хариуцсан сахиулын хэлсэнээр бол үүнийг таслан зогсоох ямар ч боломжгүй аж. Цагдаа нар ирсэний дараа байдал арай намждаг ч хэсэг хугацааны дараа архиа зарсаар байдаг гэх. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа эргүүлийн цагдаа нар тэдэн дээр ирэв. Цагдаа нар ч баас, шээс, гөлгөөр нь дуудаж, тэдэнд нилээд ширүүн хандана. Зарим нь бөхөлзөж, учир байдлаа хэлэн уучлал эрнэ. Гэсэн ч цагдаа нар тэдний арганд авталгүйгээр ээлж дараагаар нь хөөж гарав. Зарим нэгэн нь тэндээ үлдсэн ч архи зардаг хүмүүс ор сураггүй. Цагдаа нар ч тэндээс явж, өмнө нь дуу хадааж байсан тэр газар, хүний хөл хөдөлгөөн багатай болов. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Хэсэг хуагцааны дараа нөгөөх хүмүүс хүрээд ирлээ. Арга ч үгүй юм. Тэдэнд өөр очъе гэсэн ч газар байхгүй болохоор тэд эндээ ирэхээс ч өөр аргагүй.
Хорь гаруй жилийн тэртээх дүр зураг өнөө хэр нь хэвээрээ. Монгол орон үсрэнгүй хөгжилтэй золгосон гэж хөөрцөглөж байх зуур нийгмээс гадуурхагдсан хэсэг нөхөд нөгөө л байрандаа амьдарсаар. Ихэнх хүмүүс тэднийг нүд үзүүрлэн шаар шавхруу хэмээн харна. Тэд ч үүнтэй эвлэрч ихэнх хүмүүсийн хүсэхээс ч айдаг тэр л амьдралаар амьдарч явна. Тэд хэний төлөө амьд яваагаа, яах гэж энэ байдалтайгаа эвлэрдгээ, амьдралыг ямар үнэтэй болохыг мэдэхгүй.