Чуулганыг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Чуулганыг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Очирбат “Хувийн хэвшлийн сургуулийн багш нарыг улсын зардлаар сургах нь буруу” гэж хэлснийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ буруушаав. Тэрбээр “Энэ хуулийн хүрээнд ердөө хоёр дэмжлэгийг хувийн хэвшилд багшилж байгаа багш нарт үзүүлэхээр болсон. Түүнээс бүх талын дэмжлэг үзүүлэхгүй. Хэдэн ядарсан багш нарын асуудал ярихаар хашгираад байдаг, архи, тамхины бизнес, ашигт малтмал ярихаар юу ч хэлэхгүй хумсаа мэрээд ширээн дээр сууж байдаг атлаа. Ингэж битгий багш нарыг илүүд үз. Тэгж ярих юм бол та бүхэн хувийн хэвшлийн багш нарын төлсөн татвараар цалинжаад сууж байгаа шүү” гэсэн юм. Энэ үгийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир эсэргүүцвэл С.Эрдэнэ гишүүн “Чи муу Хүрэлсүхдээ зодуулаад явж байхдаа таарсан амьтан” гэв.

Харин чуулганыг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Э.Мөнх-Очироо одоо боль” гэж байв. Эцэст нь хуралдаан даргалагч “Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүдээр санал хураалгах ёстой ч, ирц хангалтгүй байгаа тул чуулганыг өндөрлүүлэхээс аргагүй байна” гэж хэлэн хуралдааныг хаасан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж