Хайрын өдрийн “гоёмсог” бэлэг

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Хайрын өдрийн “гоёмсог” бэлэг

Өнөөдөр Гэгээн хайрын баярын өдөр. Хайр дурлалтай учирч, “зүрхний өвдөлт” мэдэрч үзсэн хэн бүхэнд хамаатай өдөр. Баяр баясал, аз жаргал, хайр халамж, уйтгар гуниг, сэтгэлийн шаналал гээд амьдралаас авч болох бүхий л эмоцийг хайраас мэдэрч болдог. Тиймдээ ч Гэгээн хайрын энэ өдөр хотын залуус дэндүү завгүй. Угаас хөл хөдөлгөөн ихтэй хотын төв гудамжаас энэ өдөр халуун сэтгэл, хайр дурлал ханхална…

Хотын залуусын Валентины баярын уур амьсгалыг мэдрэхээр “Цэцэг” төвийг зорилоо. Очих замын турш унаан дотор хайрын үгсээр бялхсан мэндчилгээ, хайрын дуу эгшиглэв. Бүхий л FM радио дурлалт хосын хайрын самбар болжээ.

Гадаа ч тун аятайхан, цаанаа л нэг аядуухан сайхан өдөр байна. Гартаа гал улаан сарнайн баглаа атгасан залуу хаашаа ч юм яаранхан алхана. “Аргагүй шүү дээ, өнөөдөр Валентины баярын өдөр юм чинь” гэх бодол төрж, “Цэцэг” төвийн нэгдүгээр давхарт түр саатлаа. Өнгө өнгийн цэцгийн баглаа, гоёмсог баглаа, боодол бүхий чихмэл тоглоом, сувинер дэлгүүрийн лангууг чимнэ. Залуус хайртдаа зориулан хийж буй цэцгийн баглааг их л нарийвчлан харж, “энд нь үүнийг хийгээд өг”, “цагаан сарнай нэгийг суулгавал гоё болох байх аа”, “улаан туузаар уяад өгөөрэй” хэмээн дор бүрнээ л санаа тавин догдлон байгаа нь харагдана. Цэцгийн дэлгүүрийн худалдагч эгчээс ачаалал их байна шүү хэмээн яриа өдвөл “Өдөр болоод ч тэр үү цэцгийн лангууны ачаалал харьцангуй гайгүй байна, үдээс хойш ид бушигнадаг юм” хэмээн завгүй ажлынхаа хажуугаар надад уриалгахан хариуллаа.

Хэдийгээр ачаалал бага байна гэж худалдагч хэлсэн ч энгийн миний нүдээр хөл хөдөлгөөн ихтэй, лангууны ард зогсох дөрвөн бүсгүй зогсоо зайгүй цэцгийн баглаа урлана. Ийм сайхан баглаа боодлыг урласан тэдэнд харин “баярлалаа” гэдэг урмын үгийг залуус харамгүй хэлж байгаа харагдсан. Хэн ч гомдоллоод ийм тийм байна гэж хэлэхгүй байхыг харахад тэд энэхүү ажлаа хүний сэтгэлд хүртэл урладаг урлаачид юм  гэсэн бодол төрж байлаа.

Энд нэг ширхэг сарнай цэцэг 1500-2000 төгрөгийн үнэтэй байсан ба сарнай баглаа 5-35 мянга гээд төрөл бүрээрээ, харин сагстай сарнай 15 мянгаас дээш үнэтэй байлаа. Хамгийн том сарнайн баглаа 247 ширхэг сарнайнаас бүрдсэн бөгөөд 300 мянгаас дээш үнээр төрөл бүрээр боож, чимэглэн үйлчилдэг ажээ.

Сонирхуулахад, “Цэцэг” төвийн нэгдүгээр давхарт байрлах супермаркетад “Алтан говь” шоколадны үйлдвэрээс Валентины баярт зориулан худалдаанд гаргасан зүрхэн шоколаднууд зарагдаж байсан шүү. 3500-7000 төгрөгний үнэтэй эдгээр зүрхэн хэлбэртэй цэвэр шоколадууд дээр “247”, “I LOVE YOU”, “Хайртай шүү” гэдэг үгсийг цагаан шоколадаар бичсэн байсан нь Валентины хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг байсан юм.
Энэ жил залуусын Валентины сонголтод бяцхан өөрчлөлт орсон байна лээ. Тэд сарнайн баглаа бэлэглэхээсээ илүүтэйгээр зүрхэн хэлбэртэй хайрцагт сарнай цэцгийг суулгуулан чимэглэж байсан нь шинэлэг санагдсан шүү.

Өнөөдөр өглөө миний дотны найз надаас би нөхөртөө зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэх гэсэн юм. Чи гадуур явахаараа зүрхэн хэлбэртэй хайрцаг аваад ирээрэй хэмээн захисан юм. Харин тэрбээр удалгүй “Би түүнд жил болгон зүрхэн хэлбэртэй шоколад хийж бэлэглэдэг. Энэ жил арай л өөр бэлэг өгмөөр байна аа. Ерөөсөө орой хариад төмсний нухаш юм уу, cake-ыг зүрхэн хэлбэртэй хийгээд өгье”  гэж билээ. Тийм ээ, түүний энэ санаа нөхөрт нь лав таалагдана гэдэгт итгэлтэй байна. Заавал жил бүр нэг хэвийн зүйлсийг хайртай хүндээ бэлэглэх албагүй шүү дээ. Хамгийн гол нь хайртай байгаа сэтгэл чинь хамгаас илүү бэлэг. Тэр л сэтгэлээрээ, өөрийн гараар урласан бүхэн хайртай хосуудад хамгийн сайхан бэлэг нь болох байх. Өнөөдөр ингээд л дуусахгүй өдөр бүр өнөөдөр шиг л түүнийгээ хайрлаарай.

Гэгээн Валентины баярын мэнд хүргэе.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж