Энэ тухай БСШУЯ-нд эцэг эхчүүдээс өргөдөл гомдол олноор ирж байгаа аж. Тиймээс БСШУЯ-наас нийслэлийн Боловсролын газарт энэ асуудлыг газар дээр нь очин судлахыг үүрэг болгосон байна.
Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын албаны хүнээс тодруулахад “Яамнаас ирүүлсэн үүргийн дагуу өнөөдөр ажлын хэсэг байгуулан Нэгдүгээр сургуулийн бодит байдалтай танилцахаар болсон. Хуулинд зааснаар сурагчдаас зохион байгуулалттай, тэгшитгэн, албадан мөнгө хураахыг хориглосон байдаг. Ажлын хэсэг тус сургуулийн удирдах албан хаагч, багш, сурагч, шаардлагатай гэж үзвэл эцэг эхийн төлөөлөлтэй уулзана. Хэрэв сурагчдаас мөнгө хурааж байгаа нь үнэн бол зохих журмын дагуу хариуцлага тооцно” гэв.
Эцэг эхчүүдээс ирсэн мэдээллээр тус сургуулийн захиргаа нь эцэг эхчүүдэд хандив өргөх тухай бичгийг сурагч бүрийн эцэг эхэд хүргүүлсэн гэнэ. Дээрх бичигт нэг сурагч дөрөвдүгээр сарын 1-ний дотор 39 мянгаас доошгүй төгрөгийг хандивлах талаар дурджээ.
Сурагч бүр 39 мянган төгрөг хандивлалаа гэхэд ойролцоогоор 80 гаруй сая төгрөг цуглах аж. Гэхдээ 39 мянга гэдэг нь хандивлах мөнгөний доод хязгаар юм байна.