Хэрэгцээт бараа, хүнсний зүйлсээ өргөн сонголттойгоор хямд өртгөөр, хамгийн гол нь орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжсэн чанартай барааг иргэд хэрэглэгчдэдээ хүргэх зорилго агуулсан “Элбэг дэлбэг Цагаан сар” үзэсгэлэн худалдааг Ховд аймгийн ХАҮТ, Мерси Кор ОУБ-тай хамтран зохион байгуулжээ. Үзэсгэлэн худалдаанд аймгийн төвийн хоршоологчдоос гадна Булган, Дарви, Чандмань, Мөнххайрхан, Мөст, Дуут зэрэг сумдын хоршоо нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээрээ оролцож ,Ховдын брэндийг төрөл бүрээр нь түмэндээ дэлгэсэн байна. Тухайлбал, “Эрчимт говь-Ховд хот” хоршоо ноолууран хувцас урлаж, тэр ч бүү хэл газар дээр нь иргэдийн хүссэн загвар хэмжээгээр ноолууран хувцас оёх захиалга аван иргэддээ үйлчлэв. Мөн Дарви сумын “Тахилгын нуруу” ХХК-ийн үйлдвэрлэсэн эрүүл мэндэд сайн “Сутай цай”, “Аарцтай хөлц” хоол амтлагч, түүнчлэн иргэдийн бэлтгэдэг гүзээн борц, үхрийн борц, тэр бүү хэл, хайлмаг зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байна. Энэ мэтчилэн цагаан сарын хэрэглээний хүнсний барааг Ховдын үйлдвэрлэгчид өөрсдөө үйлдвэрлэж, стандартын дагуу хаяг шошгожуулж нийлүүлдэг нь үзэсгэлэн худалдаанаас харагдаж байна. Хамгийн гол нь цагаан сараараа Эрээн улсад хөрөнгө оруулалт хийдгээ больж, үндэсний үйлдвэрлэлээ, тэр дундаа орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж, чанартай баталгаатай жинхэнэ “ориг” барааг хямд үнээр хүргэх нь энэхүү үзэсгэлэн худалдааны зорилго байжээ.