Захын худалдаачдыг анхаарна гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Захын худалдаачдыг анхаарна гэв

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний “Эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоотой хамтран “Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах нь” сэдэвт зөвлөлгөөнийг өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг өнгөрсөн онд гудамжинд ил задгай ажил эрхлэгчдийн судалгаа хийсэн дээр үндэслэн зах, гудамжинд ил задгайгаар худалдаа эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор хийсэн байна.

Монгол Улсын нийт ажиллах хүчний 40 хувь нь зохион байгуулалттай салбар буюу албан байгууллагад ажиллаж, үлдсэн 60 хувь нь өрхийн аж ахуй болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа аж. Тиймээс задгай талбайд болон зах дотор бараа бүтээгдэхүүнийг ил худалдаалдаг хүмүүсийн амьдрал, ажиллах орчин нөхцлийг анхаарахын тулд “Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах нь” зөвөлгөөнийг зохион байгуулж байгаа аж.

Уг зөвлөгөөнд ирсэн худалдаачдын төлөөллөөс санал бодлыг нь асуулаа.

Хархорин захад аж ахуйн бараа худалдаалдаг Б.Шархүү: 


-Миний хувьд 15 жил орчим  “Хархорин” зах дээр ажиллаж байна. Бидний ажиллаж байгаа нөхцөл байдал үнэхээр хэцүү. Өвөл 40 хэм ямар байх нь ойлгомжтой. Ер нь өөрсдийгөө золиослон зогсож байна л гэсэн үг л дээ. Захын талаас ажлууд хийж байгаа ч ил задгай талбайд зогсож байгаа хүмүүсээ мартаад байна уу даа.Төр засаг анхаарахгүй байна, хэзээ ард түмний амьрал сайжрах вэ. Тэнд зогсож байгаа хүмүүсийг нийгмийн, эдийн засгийн даатгал гэхээр юм алга.  Амьдрахын төлөө өөрсдийгөө золиослосон хүмүүс л байна даа.

Нарантуул худалдааны төвийн худалдаачин Б.Наранпүрэв: 

-Бидний олон жил хөдөлмөрлөсөн үр дүн ч алга. Хөдөлмөрчдийн хүсэлтээр битүү зах барьж байгуулна гэсэн биелэлт нь ч алга. Ерөнхийдаө амьдрахын эрхээр аяыг нь дагаад л явж байна. Яг наймаачдын эрх ашгийг хамгаалдаг газар ч алга. Дээрээс татвар түрээсийг нь нэмэгдүүл гэсэн даалгавар л ирдэг юм шиг. Бид сардаа лангууны татвар 100 мянган төгрөг өгч байна. Тэр мөнгө хаашаа орж байгаа нь мэдэгдэхгүй байгаа.

Хэлэлцүүлгийн зөвлөмжийн тухай “Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Я.Батцэцэгээс тодрууллаа.


-Танай байгууллагын зүгээс хэлэлцүүлгийн хүрээнд ямар санал зөвлөмжийг хүргүүлж байна вэ?

-Монголоос өөр өвлийн цагт гадаа 8-9 цаг ажилладаг хүмүүстэй орон байдаггүй. Үүнийг шийдэхийн тулд хэдэн санал гаргаж байна. Ерөнхийдөө бүлэг хэсгийн зохион байгуулалтыг онцолно. Энэ нь ямар нэгэн төрийн бус байгууллага, захуудын удирдлагатай хамтран ажиллах хэрэгтэй гэсэн үг л дээ.

-Нийслэлийн хэмжээнд ил задгай захад хэдэн хүн ажилладаг гэсэн судалгаа байдаг вэ. Энэхүү хэлэлцүүлгийн зөвлөмж хэзээ гарах вэ? 

-Нийслэлийн хэмжээнд 38 зах үйл ажиллагаа явуулдгаас битүү зах 25, задгай 4 захын нийт 9329 ажлын байр байдаг. Харин өнөөдөр тэдгээр захын худалдаачдын төлөөлөл ирж, энэхүү хэлэлцүүлэгт оролцож байна. Хүмүүсийн гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж, худалдаачдыг дэмжих ажлыг өрнүүлэхэд холбогдох бусад яам, агентлагуудад хүргүүлэх болно.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж