Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн “300 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг төсвийн тодотголд суулгаагүй байгаа нь бичилтийн явцад алдаа гарчих вий” хэмээн болгоомжлуулсан юм.
Харин үүнд Сангийн сайд Д.Хаянхярваа “Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар суулгасан. Одоо бол зөвхөн зарцуулах эрх авахаар асуудлыг оруулж байгаа” гэсэн юм. Ингээд энэхүү асуудлыг байнгын хороонд шилжүүлж Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Ганбямба хийв. Ингэхдээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн талаар танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсаас Австри улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болдыг, Вьетнам улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Энхбатыг, Арабын Бүгд найрамдах Египет улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Одонжилийг, Итали улсад суух Элчин сайдаар Ш.Одонбаатарыг томилуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ганбаатарыг, БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Ганболдыг, Тайландын Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Баттөмөрийг, Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Гандиг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн дэмжсэн талаар онцоллоо.