Пэпси үндэсний лиг маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Пэпси үндэсний лиг маргааш эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны хамгийн том, хамгийн нэр хүндтэй  тэмцээн маргааш эхлэх гэж байна. Бидний хэлж заншсанаар дээд лигийн тэмцээнд энэ жил нийт долоон баг өрсөлдөх бөгөөд сагсан бөмбөг өндөр хөгжсөн улсуудаас лигионер тоглогчид, дасгалжуулагчид ирсэн гээд шинэлэг зүйлээр дүүрэн өрнөх төлөвтэй байна. Лигт өрсөлдөх багууд өнгөрөгч бямба гаригт албан ёсоор танилцуулгаа хийсэн бөгөөд сугалаа хийж, тоглолтын дарааллаа тодорхой болгосон байна.

Энэ жилийн лигийн тэмцээнд өрсөлдөх багуудыг товч танилцуулбал, өнгөрсөн жилийн аварга “Энэржи Ресурс” компанийн “Харцага” баг, мөн шинэ, залуу тоглогчдоор “цус сэлбэж”, шилжилт хөдөлгөөнд идэвхтэй оролцсон “Хасын хүлгүүд”, “Офицерууд”, “Акулууд”, “Баянзүрх Буллс”, “TLG-13” багууд өрсөлдөнө. Мөн энэ жил “SBL Бэкс” баг лигт шинээр хөл тавьж байна. Тус багийн бүрэлдэхүүнд С.Пүрэвцэрэн, О.Сэргэлэн нарын туршлагатай тоглогчдоос гадна, АНУ-ын хоёр лигионер тоглогч багтаж байгаа юм. Энэ улиралд нийт 10 гаруй гадны тоглогчид ирж оролцоно гэдгийг МСБХ-ноос онцолж байна.

Пэпси үндэсний лигийн нээлтийн ажиллагаа маргааш 17.00 цагаас болно. Нээлтийн тоглолт уламжлал ёсоор өнгөрсөн жилийн аварга “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд болно. Мөн энэ өдөр “Хасын хүлгүүд” vs “SBL Бэкс”, “Офицерууд” vs “Баянзүрх Буллс” гэсэн тоглолт болох юм.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж